“Мэргэжлийн" гэгдэх Засгийн газарт ажиллах сайдын төлөөх тэмцэл МАН-д ширүүхэн өрнөж байна. МАН шинэ Засгийн газрыг салбар бүртээ хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн гол нь мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан. Мөн төрийн албыг цомхон чадварлаг байлгана гэж амласан билээ. Тиймээс ч сонгогчид хамгийн түрүүнд энэ амлалтдаа яаж хүрэх вэ гэдгийг л ажиглаж байна.
Гэтэл шинэ Засгийн газрын сайдуудад нэр нь дуулдаж байгаа эрхмүүдийн дийлэнх нь мэргэжлийн, чадварлаг биш хүмүүс байна гэх шүүмжлэлийг дагуулаад байгаа. Тухайлбал Хууль зүй дотоод хэргийн сайдад Ц.Нямдоржийн нэр гарч байсан бол өдгөө Б.Бат-Эрдэнэ гишүүний нэр ч дуулдах болсон нь цахим ертөнцөд багагүй хэл амыг дагуулж байна. Ц.Нямдорж гишүүн 2008-2012 он хүртэл дөрвөн жил энэ яамыг удирдаж байсан туршлагатай, ясны хуульч учир түүнд сайдын алба хэцүү даваа биш гэдэг нь ойлгомжтой. Харин Б.Бат-Эрдэнэ гишүүнийг олон жил парламентад суусан, улс төр сайн хийсэн, наадамд олон түрүүлсэн гэдэг шалгуураар Хууль зүй дотоод хэргийн сайдад томилох нь төдийлөн зохимжгүй мэт санагдана.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Б.Саранчимэг нарын нэр яригдаж байгаа. Тэдний хэн, хэн нь “ногоон” ажлыг чамгүй хийсэн. Гэхдээ Б.Саранчимэг гишүүнийг анх удаа улсын их хуралд сонгогдсон, “Мэргэжлийн” Засгийн газарт багтах хэмжээний улс төрч биш гэдгийг хэлэх хүн олон байна. Харин Д.Оюунхорол нь УИХ-д дөрвөн ч удаа сонгогдсон туршлагатай эмэгтэй гишүүдийн нэг. Тэрбээр өнгөрсөн засгийн үед тус яамны сайдаар ажиллаж байсан бөгөөд найман сарын хугацаанд сайдын албыг хашихдаа нэлээд олон ажил хийж хэрэгжүүлсэн хэмээн үнэлэгддэг. Тиймээс ч МАН-ын амлаад буй “Мэргэжлийн” Засгийн газарт тохирох нэгэн гэгдэж байгаа.
Харин түүний талаар өнөөдөр цахим ертөнцөд дэлгэгдсэн “Монгол-Кувейтын судалгааны төвийг Д.Оюунхорол хууль бусаар авчээ” гэх материал нь ёстой л МАН-д сайдын төлөөх тулаан өрнөж байгааг илтгэж байна. Тал бүрийн эх сурвалжийн мэдээлж буйгаар Монгол-Кувейтын судалгааны төв нь Д.Оюунхорол гишүүнд огт хамаагүй бөгөөд энэ нь нэгэн төрийн бус байгууллагын мэдэлд байдаг төв аж. Энэ нь сайдын суудлын төлөөх цусгүй тулааны нэгэн жишээ болов.
Ер нь одоо ч МАН дотор сайдын төлөөх гал дүрэлзэж байгаа гэнэ. Уг нь хийсэн бүтээснээрээ, хийж бүтээх чадвартай нь сайд болж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд гар бие оролцох учиртай. Тиймээс ч МАН-ыг амлалтдаа хүрч, "Мэргэжлийн" Засгийн газраа байгуулаасай гэдгийг олон нийт хүсч, анхааралтай ажиглаж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (19)