Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан мэдээлэл хийв. Тэрбээр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаар Ерөнхийлөгчийн байр суурийг тайлбарлалаа.
Тэрбээр "Засгийн газрын бүтцийн төсөлд үндсэн чиг үүргийн яамдын тоог нэмсэн байна. Энэ нь УИХ-ын гишүүн, сайдын албыг давхар хашдаг явдал үргэлжлэх нь гэж харагдаж байна. УИХ-д олонх болсон улс төрийн нам давхар дээл шиг муухай зүйл байхгүй, гүйцэтгэх болон хууль тогтоох дээд байгууллага заагтай, хариуцлагатай байх ёстой гэж ард түмэнд хэлж байсан. Энэ төслөөр бол Монголын ард түмэнд өгсөн амлалтаа биелүүлээгүй гэсэн үг. Тиймээс энэ төслийг дэмжихгүй байна.
Нөгөө талаар үйл ажиллагаа нь жигдрээд, ажиллаж байгаа Аж үйлдвэрийн яамыг татан буулгаж, бусад яамд руу тарааж байгааг Ерөнхийлөгч дэмжихгүй байна. Монгол Улс эдийн засгийн бие даасан байдлаа хангая гэвэл үйлдвэрлэгч орон болох ёстой гэж өмнөх УИХ-д бүх намын төлөөлөл адилхан сууж байгаад Аж үйлдвэрийн яамыг байгуулсан. Тэрийгнээ татан буулгаж байгаа нь буруу гэж үзэж байна.
Мөн ямар нэг тооцоо судалгаа, шалтгаангүйгээр яамдын нэрийг өөрчилсөн байна. Гадаад хэргийн яамыг Гадаад харилцааны яам гэж өөрчилж байгаад ямар ч үндэслэл алга. Оруулж ирсэн 80 гаруй хуудас материалд ямар ч тоо байхгүй. Хэдэн хүн ажлаас халагдах, эдийн засгийн үр өгөөж ямар байх зэргээр ямар ч тооцоо байхгүй” гэв.
Ерөнхий сайдын оруулж ирсэн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний төсөлд ямар ч тооцоо судалгаа, үндэслэл байхгүй. Тиймээс дахин оруулж ирэх саналыг Ерөнхийлөгч тавиад байна. Ингэхдээ төрийн бодлогын үйл ажиллагааны залгамж, тогтвортой, мэргэшсэн чиглэлийг баримтлахыг хүсч буй юм.
Сэтгэгдэл (24)