УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль болж өнгөрөөд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд шинээр бүрдсэн парламент, аймаг, нийслэлийн ИТХ анхдугаар хуралдаанаа хийж Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг тодруулж эхлээд буй. Гэвч зарим аймагт нэр дэвшигчидтэй холбоотой Сонгуулийн хууль зөрчсөн асууцал сөхөгдөж буцаан татах шүүхийн шийдвэр хүртэл гарч эхлээд байна.
Тухайлбал, Сүхбаатар аймгийн ИТХ-ын сонгуульд АН, МАН-ынхан 16, 16 буюу тэнцүү суудал авчээ. Тус аймгийн ИТХ нь 33 төлөөлөгчтэйгөөс МАН-ын нэр дэвшигч Д.Болдбаатарыг шүүхийн шийдвэрийн дагуу аймгийн Сонгуулийн хорооноос хасч, дахин сонгууль явуулах шийдвэрийг гаргасан байна. Гэтэл МАН-ын нэр дэвшигчийн жагсаалтаас хасагдсан Д.Болдбаатарыг оролцуулан 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг хийж Засаг даргаараа Энхтөрийг сонгож батламжлуулахаар Ерөнхий сайдад хүргүүлээд байгаа аж. Энэ талаар өмгөөлөгч Б.Батцэнгэлтэй ярилцлаа.
-Сүхбаатар аймгийн ИТХ-д 16 суудал авсан МАН-ынхан хууль бусаар анхдугаар хуралдааныг хуралдуулж Засаг даргад нэр дэвшигчээ тодруулсан юм байна. Энэ талаар тодруулахгүй юу. Яг ямар шалтгаанаар хууль бус гэж үзэж байгаа юм бэ?
-Сонгуулийн хуульд 70.1.3- д “Аливаа үйлчилгээг үнэ төлбөргүй болон хөнгөлттэй үзүүлэх”, 70.1.4-т “нийтийг хамарсан ... урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага цайллага зохион байгуулах, ивээн тэтгэх”,70.5.3-д “сонгогчдын саналыг татах зорилгоор энэ хуульд зөвшөөрснөөс бусад бүх төрлийн үйлчилгээ зохион байгуулах, ивээн тэтгэх”, 70.5.10 “Сонгогчдын саналыг татах зорилпюр өөрөө болон бусдаар бусдаар дамжуулан ... эд бараа төлбөргүй тараах’’-ыг хориглоно гэж заасан байдаг.
Гэтэл Сүхбаатар аймгийн Дарьганга сум, аймгийн ИТХ- ын 3 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Болдбаатар, О.Балжинням нар зургаадугаар сарын 6-нд Сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн үйлдэлд гаргаж, нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулсан байдаг. Ингэхдээ сумын төвийн болон хөдөөгийн малчин залуусыг “Залуу малчдын уулзалт", “Залуучуудын холбооны уулзалт" гэж худал хэлж зөөвөрлөн авчирч, намын байран дээрээ тэдгээр залуусын хүсэлтийг харгалзахгүйгээр хүчээр намын батлах гардуулсан байдаг юм.
Мөн МАН-аас нэр дэвшигч О.Балжиннямын хамаатан болох ухуулагч Гангамаагийн “Энгүүн” болон “Эрдэнэ-Уул”,“Есөн-Эрдэнэ” цайны газруудад хооллосон. Улмаар тэр өдрийнхөө орой нь уулзалт, шоу арга хэмжээ, урлагийн тоглолт зохион байгуулсан. Дараа нь, Д.Болдбаатар, Г.Сүхбаатар, Б.Нямдорж, Т.Баярсайхан нарын хүмүүс тэдгээр залуусыг үдэж гаргаж өгөх нэрийдлээр архи согтууруулах ундаа хэрэглүүлсэн байдаг. Энэ нь Сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн. Бидний хувьд нэр дэвшигч Д.Болдбаатарын хууль зөрчсөн үйлдлийг баримт, гэрч нарын мэдүүлгээр баталгаажуулан зургаадугаар сарын 23-нд аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан.
Шүүхээс бидний гомдлыг авч хэлэлцээд гэрчийн мэдүүлгүүд болон холбогдох баримтын дагуу Д.Болдбаатарыг Сонгуулийн хууль зөрчсөнийг тогтоосон. Д.Болдбаатар нь шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж аймгийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэваэр үлдээсэн.
Шүүхийн шийдвэрийн дагуу Д.Болдбаатарыг аймгийн Сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасан. Гэтэл аймгийн ИТХ-д 16 суудал авсан МАН-ынхан Д.Болдбаатарыг буцаан татах нь шүүхийн шийдвэрээр тодорхой болчихсон байхад хууль зөрчин анхдугаар хуралдааныг хуралдуулж Засаг даргад Энхтөрийг нэр дэвшүүлэхээр болсон. Тэгэхээр Сүхбаатар аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааны шийдвэр ч хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус.
-Шүүхийн шийдвэрийн дагуу Сонгуулийн хорооноос Д.Болдбаатарыг буцаан татаж дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан байхад аймгийн ИТХ-д оролцуулж хуралдсан хэрэг үү. Тэгэхээр аймгийн ИТХ- ын анхдугаар хуралдаан ч хууль зөрчсөн болох нь ээ?
-Тийм. Сонгуулийн хорооноос хоёр ч шатны шүүхийн шийдвэрт үндэслэж Д.Болдбаатарыг түдгэлзүүлсэн. Гэтэл Д.Болдбаатар шүүхийн шийдвэр, Монгол Улсын хууль тогтоомжийг ноцгой зөрчиж ИТХ-д оролцсон. Тэгэхээр аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан ч хүчин төгөлдөр бус.
-Аймгийн Засаг даргад нэр дэвшигч Энхтөрийн нэрийг батламжлуулахаар Ерөнхий сайд руу албан бичиг явуулсан байгаа гэсэн?
-Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан хууль зөрчсөн гэдгийг холбогдох байгууллагаас тогтоогоод хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Гэтэл аймгийн МАН-ын хорооноос Энхтөрийг Засаг даргад нэр дэвшүүлсэн тухайгаа Ерөнхий сайдад албан бичгээр мэдэгдсэн байна лээ. Гэтэл тэрхүү албан бичиг нь ямар ч тамга, тэмдэггүйгээр барахгүй албан бланк дээр бус бичгийн цаасан дээр бичиж явуулсан байсан. Яг л хоорондоо захиа дамжуулж байгаа юм шиг. Анхнаасаа эгүүлэн татагдсан төлөөлөгчийг оролцуулж, хууль бусаар бусаар хуралдсан аймгийн ИТХ-ын шийдвэрийг Ерөнхий сайд батламжлахгүй байх гэж найдаж байна. Үнэхээр хууль тогтоомжоо мөрддөг бол Ерөнхий сайд Энхтөрийг батламжлахгүй байх.
-Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлээд байгаа Энхтөр энэ албанд очих шалгуурыг хангаж байгаа юу?
-Хангахгүй байгаа Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвишигчид тодорхой шалгуурыг тавьсан байдаг. Наад зах нь төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх энгийн шаардлага байдаг. Гэтэл Энхтөр нь төрийн албанд гурван жил ажиллах нь байтугай нэг ч хоног ажиллаагүй юм билээ. Хууль бусаар ИТХ-ыг хуралдуулж ийм хүнийг сонгож байгаа нь өөрөө ноцтой асуудал.
Сэтгэгдэл (9)