Авлигатай тэмцэх газраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу сайдад нэр дэвшигчдийн хувийн сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нягтлан үзэж, хариу албан бичиг хүргүүлсэн байна. Энэ дагуу Барилга, хот байгуулалтын, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйдвэрийн, Эрчим х үчний болон Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигчдийг сонирхлын зөрчилтэй гэж үзжээ.
Тодруулбал, Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Д.Өнөрболорын нөхөр, ээж, дүү нар нь барилгын материалын худалдаа, барилгын засвар хийх, гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, орон сууцны түрээс, интерьер дизайн зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий 8 компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар тус тус бүртгэлтэй байна. Мөн нэр дэвшигч нь өөрийн үүсгэн байгуулсан компанийнхаа талаар мэдүүлээгүй байгааг дурьджээ.
Түүнчлэн нэр дэвшигч Ц.Анандбазар нь өөрийн үүсгэн байгуулсан компаниудын талаарх мэдээллийг хувийн ашиг сонирхлын мэдүүлэгтээ дурьдаагүй, мөн түүний эрхлэх асуудлын хүрээ, шууд болон шууд бусаар нөлөөлөх боломжтой ажил, үйлчилгээ эрхэлж байгаа төрсөн дүү П-г мэдүүлгийн “хамаарал бүхий этгээд” хэсэгт мэдүүлээгүй байна. Харин нэр дэвшигч Ц.Цэнгэл “Эрчим хүчний хөгжлийн ассоциац” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан талаарх мэдээллээ мэдүүлээгүй, эхнэр Н нь Эрчим хүчний зохицуулах газраас олгосон тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулдах ХХК-ийн захирлаар, уг компанийн охин компани болон “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгааг тус тус дурьдсан байна.
Харин нэр дэвшигч Ж.Цолмонгийн төрсөн охин М нь шүдний оношилгоо, эмчилгээ, нүүр ам судлал, арьс гоо засал, пластик мэс заслын тусламж, үйлчилгээ, сургалт, судалгаа, эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн захирлаар ажиллаж байгаа аж.
Иймд дээрх нэр дэвшигчдийг хуулийн дагуу томилохоос татгалзаж ажиллахыг ЗГХЭГ-т хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл (16)