Улаанбаатар хотын айл өрх, аж ахуйн нэгжүүдийн бохирыг хүлээн авч, цэвэршүүлдэг Төв цэвэрлэх байгууламжийн үнэр дийлдэхээ больсон. Шинэчлэлгүй 52 жил болсон тул тоног төхөөрөмж нь хуучирч, элэгдэн доголдох болсон. Тиймээс өнгөрсөн хавраас асуудлыг Засгийн газрын түвшинд ярьж, түүхэндээ анх удаа, дорвитой засаж, шинэчлэхээр болж, багагүй хөрөнгө ч зарж байгаа. Төв цэвэрлэх байгууламжийн засвар өдгөө үргэлжилж буй бөгөөд ирэх есдүгээр сард дуусгана гэж Ус сувгийн удирдах газраас мэдээллээ.
Улаанбаатарыг өмхийрүүлэх гол эх үүсвэр болсон олон жил хуримтлагдсан лагийг био идэвхжүүлэгч ашиглан боловсруулж байгаа гэнэ. Ингэснээр үнэрийг нь саармагжуулж, хоргүй болгох аж. Шинээр гарч байгаа лагийг хэт авианы төхөөрөмжүүд ашиглан хоргүй, үнэргүй, халдваргүй болгох юм байна.
Байгууламжийн цэвэрлэгээний түвшинг сайжруулахын тулд хуучирсан бетон хийц, тусгай зориулалтын тоног төхөөрөмж, шугам хоолойг ч засаж буй. Мөн Туул гол хүртэлх далан сувгийг засах, эсвэл шинээр барьж, нуур цөөрмийн бохирдлыг арилгах аж.