“Сод Монгол групп” ХХК-ийн ерөнхийлөгч, Монголын чадварлаг бизнесменүүдийн нэг Ц.Анандбазар улс төрд эргэлт буцалтгүй хөл тавьсан. Тэрээр “мэргэжлийн” тодотголтой шинэ Засгийн газрын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайдад нэр дэвшээд байгаа билээ. Эрх баригч МАН-ын удирдлага түүнд энэ салбарыг хөл дээр нь босгож, амжилттай удирдан чиглүүлж чадна гэсэн итгэл найдвар хүлээлгээд буй юм.
Ц.Анандбазар 1999 онд байгуулагдаад гурван жил болж байсан “Сод Монгол групп” компанид анх ажилтнаар орж, богинохон хугацаанд Ерөнхийлөгч нь болон дэвшсэн байдаг. Улмаар Монголын “ТОП-100” аж ахуйн нэгжийн сүүл мушгисан амжилттай явсан тус компанийг хэдхэн жилийн дотор манлайлагчдын эгнээнд шилжүүлж чадсан түүний чадвар, ур ухаан, амжилтыг нам нь үнэлээ биз ээ. Тус группийн 14 охин компани ч эдийн засгийн хувьд хөл дээрээ бат зогссон нь түүний шилдэг удирдагч гэдгийг тодотгоно.
Ц.Анандбазарыг бизнес сэтгэлгээтэй, чадварлаг удирдагч төдийгүй хөдөө аж ахуй болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөл дээр нь босгох чадалтай залуу хэмээн үнэлж, сайдад нэр дэвшүүлэхийг дэмжиж байгаагаа олон хүн илэрхийлсээр байна.
Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Арвин хур” ХХК-ийн захирал Ч.Чадраабал хэлэхдээ “Ойрын жилүүдэд газар тариалан, мал аж ахуйн салбар монголчуудыг авч явна. Тиймээс энэ салбарын бодлогыг том утгаар авч үзэх хэрэгтэй. Түүний төлөө хүчин зүтгэж чадах гол хүн бол Ц.Анандбазар юм. Бид 1990 оноос өмнө хураасан ургацаас дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангаад зогсохгүй тодорхой хэсгийг нь экспортолж байсан түүхтэй. Иймд зөвхөн дотоодын хэрэгцээг хангах төдий биш, экспорт хийж байж энэ салбар босно. Тиймээс Ц.Анандбазарыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилох нь нүдээ олсон шийдвэр болно” гэв.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлээ цуг хөгжүүлчихвэл өрхийн орлого өсч, цалин тэтгэвэр ч нэмэгдэх боломж бүрдэнэ. Ямартаа ч МАН дөрвөн жилийн их зорилгынхоо нүүр тахлах хүнээр Ц.Анандбазарыг сонгожээ.
Сэтгэгдэл (8)