Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, Улсын хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах үүргийг нэр төртэй биелүүлсэн Монгол Улсын өмнөд хилийн алтан босго болсон Замын-Үүд дэх хилийн 0108 дугаар анги үүсэн байгуулагдсаныхаа түүхт 90 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавъяаны одонгоор шагнагдлаа.
Тус одонг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан гардуулахад ХХЕГ-ын дарга, хошууч генерал, Ш.Лхачинжав болон ангийнхаа түүхийн шаргал хуудсыг алтан үсгээр хамт бүтээлцсэн үе үеийн ахмад хилчид, алба хаагчид, одоо ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүн, зочид, төлөөлөгчид байлцаж, баяр хүргэлээ.
Дээрх анги нь анх Дотоодыг хамгаалах газрын даргын 1926 оны тавдугаар сарын 1-ны өдрийн 17 тоот тушаалаар Байцаан өнгөрүүлэх салбар, УАБХЕГ-ын даргын тушаалаар 1990 онд Шалган нэвтрүүлэх тусгай боомт, ХЦУГ-ын даргын тушаалаар 1994 онд Шалган нэвтрүүлэх хороо, 2002 онд ХЗДХ-ийн сайдын тушаалаар шалган нэвтрүүлэх анги болон өргөжсөн түүхтэй. Тус ангийн хамт олны эгнээнээс цэргийн эрхэм дээд генерал нэг, хурандаа 20, улсын цолтой бөх хоёр, соёлын тэргүүний ажилтан тав, Хүндэт ба Онц хилчин 400 гаруй төрж, отрядынхаа түүхийг алтан хуудсаар баяжуулсаар байна.
Орчин үеийн шинэ техник технологийг ашиглан камерын хамгаалалтад 2012 онд шилжүүлэн хариуцсан хэсгийг 100 хувь дохиолол-телекамерийн хяналтад аван камерийн систем, дохиоллын төхөөрөмжүүдтэй хослуулах, бичлэгийн төхөөрөмж суурьлуулан телехяналтыг хил хамгаалалтын үндсэн арга болгон ашиглаж, сонор сэрэмж, хяналт шалгалтыг тасралтгүй зохион байгуулан ажиллаж хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирсэн.
Хилийн цагийн байдлын өрнөлттэй, эх орны чөлөөлөх дайны жилүүд, энхийн цагт ч манай хамт олон, эх орон, төр ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө уйгагүй хөдөлмөрлөн, ирээдүйн сайн сайхныхаа төлөө тэмцэж ирсэн уламжлалтай.
Тус анги нь 1926 онд анх үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн улсын хил, хил орчмын дэглэмийг сахиулах үүргээ амжилттай биелүүлж, сая саяар тоологдох зорчигч, тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлэхдээ хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан олон удаагийн үйлдлийг илрүүлж, улс орны эдийн засагт учирч болзошгүй их хэмжээний бодит хохирлоос урьдчилан сэргийлсэн болон хариуцсан хэсгийнхээ хил хамгаалалтад сүүлийн үеийн техник, технологийн ололтыг нэвтрүүлж байна.
Сэтгэгдэл (1)