Японы Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё өндөрлөж, манай бөхчүүд эх орондоо ирээд байгаа билээ.
Монголын бөхчүүдийн анхны "Алтан хараацай", Монгол улсын гавьяат тамирчин Нямжавын Цэвэгням зодог тайлснаасаа хойш сүмогийн холбоонд багшийн үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Түүнийг Налайх хот анхны "Хүндэт иргэн" болгосон байна. Мөн түүний суралцаж төгссөн Налайх хотын нэгдүгээр сургуулийг түүний нэрэмжит болгожээ.
Кёкүтэнхо Н.Цэвэгням 38 настайдаа 2012 оны тавдугаар сарын башёгийн Макүүчид буюу дээд зиндаанд анх удаа түрүүлсэн амжилтаараа Эзэн хааны цом хүртсэн хамгийн ахмад сумоч хэмээх дээд амжилтын эзэн болсон билээ. Тэрбээр мэргэжлийн сумод 1992 оны гуравдугаар сард анхны барилдаанаа хийж, 1998 оны 11 дүгээр сард дээд зиндаанд дэвшин барилдсан. 1999 оны тавдугаар сараас хойш дээд зиндаанаас буулгүй тасралтгүй барилдсан зэрэг олон дээд амжилтыг тогтоосон юм.