Цэцэрлэг, сургуулийн элсэлтийн бүртгэл наймдугаар сарын 22-28-нд явагдана.
Хамран сургах тойрог тогтоох тухай тушаалыг энэ оны дөрөвдүгээр сарын 26-нд нийслэлийн Боловсролын газрын дарга баталсан.
Тодруулбал оршин суугаа газрынхаа нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын сургуульд хүүхдээ бүртгүүлэх бөгөөд нийслэлийн есөн дүүргийн 128 сургуульд элсэлт авах юм. Үүнээс хүн ам хамгийн олонтой Сонгинохайрхан дүүрэгт 26, Баянзүрх дүүрэгт 25 сургуульд элсэлт авах гэнэ. Харин Багахангайд ганц буюу ‘"Хангай” цогцолбор сургуульд л дүүргийн бүх хүүхдийг хамруулах юм байна.
Хотын төвөөс алслагдсан Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй “Боловсрол” цогцолбор сургуульд I, II, III, V, "Гүн галуутай” цогцолбор сургуульд I, IV, V, 125 дугаар сургуульд I, III, V хорооны хүүхдүүдийг бүртгэх аж. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл нийслэлийн Боловсролын газарт хандаж болох юм байна.
Элсэгчид төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар, эцэг, эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар, 3x4 хэмжээтэй цээж зураг нэг хувийг бүрдүүлэх гэнэ. Шаарддагатай тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагааг үзэх аж.