Түүх ингэж эхэлдэг, Орос, Монгол, Хятад гурав гэж. Хүн бүрийн мэддэг магадгүй заримынх нь амны уншлага болтлоо хэвшсэн ийм нэгэн онигоо дандаа монголчуудын ялалтаар төгсдөг. Учир нь, монголчуудын яс маханд шингэсэн гэмээр адтай, авхаалжтай зан нь голлох байр суурийг эзэлж явсаар эцэстээ Орос, Хятад хоёроосоо төө илүү гэдгийг илтгэснээр тэдгээр онигоо дуусах нь бий. Гэхдээ онигоо бол эрт үеэс хүн төрөлхтний дунд үүссэн хошин шог ярианаас үүдэж явсаар бидний үед уламжлагдан ирсэн болохоор Орос, Монгол, Хятад гурвын тухай хошигнолыг бодит амьдралд нийцүүлж харах нь өрөөсгөл. Харин дээрх онигооны сэдвээс хазайж олон зууны турш дөрөө харшиж ирсэн Орос, Монгол, Хятад хэмээх мөнхийн хөршийг гурван баавгайгаар төлөөлүүлж харах нь бодит үнэнд илүү нийцэх болов уу.
МАЗААЛАЙ ХИЙГЭЭД МОНГОЛ
Хүрэн баавгайн дэд зүйлд хамаардаг дэлхийд ганцхан амьтан Монголын говь цөлд бий. Ерөнхий төрхөөрөө ойн хүрэн баавгайтай адилхан боловч биеэр бага тэрхүү амьтныг мазаалай гэдэг. Сонор соргог, харьцангуй шалмаг хөдөлгөөнтэй ч бүрэг ичимхий зантай, нуугдмал амьдралтай энэ амьтан монголчуудтай их төстэй. Зөвхөн Монголын говь цөлд амьдардаг мазаалайн тоо толгой бусад төрөл зүйлээ бодоход харьцангуй цөөн, ердөө л 22-25 орчим үлдсэн нь устах аюултай амьтны тоонд оруулаад буй. 5.3 сая га талбайг эзэлж, үүгээрээ дэлхийд тавдугаарт ордог Говийн их дархан цаазат газарт ийм тооны мазаалай нутагшиж байгаа нь 1.6 сая км квадрат газар нутгийг хамарч, түүгээрээ 200 гаруй орноос 19-д эрэмбэлэгддэг гурван сая цөөхөн монголчуудыг илтгэх мэт. Ааш зангийн хувьд ч мазаалай хийгээд монголчууд ижил төстэй. Мазаалайн идэш тэжээлийн нэг хармагийн жимс намар исэн архи шиг болдог учир түүнийг идсэн даруйдаа уурсаж, догширдогтой адил сархад хөнтөрсөн монголчууд цээжээ дэлдэн агсрах нь бишгүй олонтаа. Хэдийгээр мазаалай бусад төрөл зүйлээ бодоход харьцангуй ухаалаг амьтан ч орооныхоо үед эрүүд нь хоорондоо зодолдож дийлсэн нь өрсөлдөгчөө заавал алдаг нь хэн нэгнийгээ дээш гаргадаггүй, үргэлж доош татаж чангаадаг бидний гэм биш занг харуулсан гэлтэй. Гэхдээ гарын арван хуруунд багтах хэмжээнд хүртлээ цөөрсөн мазаалайг хамгаалах, тоо толгойг нь өсгөж үржүүлэх талаар гадаад дотоодын олон арван төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж буй ч төдийлөн үр дүн гарахгүй байгаатай адил хэвлий дэх баялгийнхаа ашиг шимээр дэлхийн өрөг дээр нүүх монголчуудын мөрөөдөл биеллээ хараахан олоогүй л байна.
ХҮРЭН БААВГАЙ ХИЙГЭЭД ОРОС
Мазаалайг бодвол дэлхийд хамгийн ихээр тархсан, том биетэй төрөл зүйл нь хүрэн баавгай. Ихэвчлэн АНУ (ялангуяа Аляска), Финланд, Канадаар тархсан хүрэн баавгайг манай хойд хөрш Орос Улс үндэсний бэлгэ тэмдгээ болгоод олон арван жилийг үдэж байна. Магадгүй газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээрт ордог, цэрэг зэвсэг, эдийн засгийн чадамжаараа тэргүүлэх хэмжээнд хүрсэн Орос Улс үеийн үед хүрэн баавгай шигээ хүчирхэг, сүрдэм гүрэн болохоо тодотгосон нь энэ байж болох. Нөгөө талаар нас бие гүйцсэн хүрэн баавгай зарим тохиолдолд чонын сүргийн хоолыг булааж иддэг нь Орос хэмээх том гүрний бусад жижиг улсад үзүүлдэг бодлоготой агаар нэг гэлтэй.
ХУЛСНЫ БААВГАЙ ХИЙГЭЭД ХЯТАД
Мазаалайгаас биеэр том хүрэн баавгайтай харьцуулахад ойролцоо энэ амьтан Хятад төдийгүй Дэлхийн Байгаль хамгаалах сангийн үндсэн бэлгэ тэмдэг болдог. Одоогийн байдлаар нэн ховордсон амьтны тоонд ороод буй хулсны баавгай Хятадад 240, дэлхийд 1700 орчим гэсэн тоо бий ч хүүхэлдэйн кино, компьютер тоглоом, сурталчилгааны баатар болж, бусад орны амьтны хүрээлэнд олон мянган үзэгчийн дараалалд дарагдаж байна. Хятад Улсын үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүн нийлүүлэлт дэлхий нийтийг аалзны тор мэт хэрж буйтай адил хулсны баавгайн бусдыг татах, тэдэнд үзүүлэх нөлөөлөл нь ч өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа нь энэ. Амьдралын хэв маягийн хувьд хулсны баавгай хоёр зулзага төрүүлбэл зөвхөн нэгийг нь сонгож өсгөдөг. Яг л Хятад даяар саяхныг хүртэл хэрэгжүүлж байгаад халсан “Нэг гэр бүл-нэг хүүхэд” гэсэн бодлого шиг. Ялгаатай нь, эхдээ гологдсон зулзагыг амьтны хүрээлэнгийн ажилтнууд өсгөдөг бол хоёр дахь хүүхдээ тээсэн эмэгтэй үр хөндүүлэх замыг сонгохоос өөр аргагүйд хүрдэг байсныг “Эхнэр, нөхрийн аль нэг нь айлын ганц хүүхэд бол тухайн гэр бүл хоёр хүүхэдтэй байж болно” гэсэн асар хатуу болзолтойгоор иргэддээ боломж олгох шийдвэрийг эрх баригч Коммунист намаас гаргасан юм.
ГУРВАН БААВГАЙН ЗАМНАЛ
Мазаалай, хүрэн болон хулсны гэсэн гурван баавгайн улсыг хуурай газрын хилээс гадна хэд хэдэн хүчин зүйл нэгтгэдэг. Эрт цагийн түүхээс нь харвал эдгээр гурван баавгай бие биеэ эзлэн захирахаас эхлүүлээд өөрсдийн соёл уламжлалыг нэвтрүүлэх гэж хичээж явсан үе ч бий. Энэ зуур мазаалай гурав тасарч нэгээхэн хэсэг нь хүрэн баавгайн газар нутагт (Буриад, Тува, Халимаг), нөгөө хэсэг нь хулсны баавгайн харьяалалд (Өвөрмонгол) шилжсэн байдаг. Нэгэн цагт гурвуулаа нийгэм, улс төрийн болон эдийн засгийн нэгэн зорилготой ангигүй, ямар ч улсад харьяалагддагүй коммунист нийгэмлэгийн малгайн дор нэгдэж барууны капиталист улсуудын хоорондох ширүүн тэмцэлд гар бие оролцож явсан ч өдгөө хоёр нь ардчиллын зарчим руу шилжиж, нэг нь нэгэн жарны уламжлалаа хадгалж явна. Гэхдээ хүссэн ч эс хүссэн ч мөнхийн хөрш хэмээх тодотголтой гурван баавгайн сонирхол АНУ төвтэй барууны эвслүүд, “Брикс” хэмээх малгайн дор нэгдсэн Европын холбоо бус Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын үйл ажиллагаагаар илүү тодорч буй. Хамгийн сүүлд гурван улсын төрийн тэргүүн нарын албан ёсны уулзалт 100 жилийн дараа Тажикстан Улсын Душенбэ хотод болж түүнээс хойш гурван ч удаагийн хэлэлцээрийн дагуу Монгол-Орос-Хятадын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрт тус тус гарын үсэг зурснаар бидний харилцаа шинэ шатанд гарах замыг нээгээд байна.
Гурван баавгайг нэгтгэдэг хамгийн гол зүйл нь дэлхийн хамгийн том хуурай газрын аюулгүй байдал. Дэлхийн хүчирхэг гүрнүүд хөрш улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө бус хараат байлгахын тулд бодлого, шийдвэрээ гаргадаг нь хатуу үнэн ч Монгол, Хятад, Орос гуравт л энэ дүрэм адилхан үйлчилдэг. Ялгаатай нь, мазаалай бол хүрэн, хулсны баавгай хоёрын эдийн засаг, геополитик, тэр дундаа Ази, Европыг холбосон стратегийн хамгийн аюулгүй дамжин өнгөрөх цэг. Мазаалайтай аль болох “дотносох” замаар өөрсдийн нөлөөллийг илүү лав тогтоох далд сонирхол хүрэн баавгайд ч, хулсны баавгайд ч бий гэсэн үг. Хэвлий дэх баялгийн ашиглалтаас эхлээд хэд хэдэн салбарт хулсных, эрчим хүч, шатахуун, төмөр замын бүтээн байгуулалтад хүрэн баавгайн нөлөөлөл их байдаг нь үүний энгийн жишээ. Нөгөөтэйгүүр, хүн ам нь цөөхөн ч аварга том газар нутагтай мазаалайн нутаг хүрэн болон хулсны баавгайн стратегийн маш чухал байрлалд оршдог учраас бусад хөрш орноосоо илүүтэй найрсаг ханддаг талтай.
ХҮРЭН ХИЙГЭЭД ХУЛСНЫ БААВГАЙН СОНИРХОЛ
Мазаалайд нэг гэм биш зан бий. Тэр нь хүрэн баавгайг “төрсөн” ах шигээ үздэг мөртлөө хулсны баавгайг болохоор хэзээ мөдгүй газар нутгийг нь эзэлчих вий гэсэн хардлага бас болгоомжлол. Дээрээс нь, барууныхан уул уурхайн ордод нь хөрөнгө оруулах гээд зориод ирэхэд газар нутгаа аврах хөдөлгөөнийг улс даяараа зохион байгуулдаг ч ашигт малтмалын нэгээхэн хэсгийн зөвшөөрлийг эзэмшиж байгаа Хятадын компаниудаар бараг оролддоггүй. Тэгсэн атлаа нарийн царигтай төмөр зам тавибал хятадууд танк оруулаад ирнэ гэх хөнгөхөн айдас бидний ой тойнд хадаатай явах. Зарим хүний хэлснээр Хятадаас айх энэ өвчнийг мазаалайн тархинд ямар ч вакцинд дийлдэхгүй болтол нь хүрэн баавгай суулгаж өгсөн гэх. Тийм ч байж болох. Гэхдээ Монголтой ямар харилцаатай байх нь хоёр хөршид хоёуланд хэрэгтэй билээ. Оросын судлаач Александр Храмчихин “Ер нь Оросын хувьд ямар нэг юм боллоо гэхэд Хятадаас амь биеэ үл хайрлан хамгаалах хоёр орон бий. Энэ бол Казахстан, Монгол Улс. Тэднийг алдвал ОХУ Бээжинд геополитикийн хувьд мад тавиулж, Уралын нуруунаас дорно зүгт орших газар нутгаа автоматаар алдана гэсэн үг” хэмээн хэлж байсан нь үүний энгийн жишээ юм. Мөн Евроазийн нийгмийн хөгжлийн судалгааны хүрээлэнгийн захирал Сүнь Чан Хун “1991 оноос хойш Орос Улс өөрийн дотно нөхрөө барууны орнуудаас биш харин Азиас хайж эхэлсэн юм. Эдийн засаг, зэвсэгт хүчин, улс төрийн хамтын ажиллагаа нь Орос-Хятад улсыг олон улсын асуудал, тухайлбал, Сири, Иран, Солонгосын хойгийн хямралд зохицуулагч болгоход хүрэв. Энэ нь өөрийн эрхгүй нэг туйлт бус, хоёр туйлт тэнцвэртэй дэлхийг бий болгоно” хэмээж ярьж байсан удаатай. Үнэхээр ч түүний хэлсэн шиг Ази, Европт жин дарахуйц нөлөөтэй манай урд хойд хоёр хөршийн дотносол сүүлийн жилүүдэд эрчимжиж ОХУ-аас Хятадад байгалийн хий нийлүүлэхээр 400 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан нь “Брикс” төдийгүй АНУ төвтэй улс орны анхаарлаа хандуулах шалтгаан болоод буй. Ийнхүү сүүлийн 20 жилд үлэмж хөгжсөн хүрэн болон хулсны баавгайн “дотносол” өдрөөс өдөрт улам лавширсаар байна. Гагцхүү Евроазийг холбосон гол тулах багана нь мазаалай болж, түүнээс гарах ашиг шимийг хүртэх эсэх нь биднээс өөрсдөөс нь хамаарах билээ.
С.ГАНДӨЛ
Сэтгэгдэл (2)