Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын бодлого нь Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 1 дүгээр заалт “хүн амьд явах эрхтэй...” гэсэн суурь зарчим, Монгол Улс нэгдэн орсон “Хүний эрхийн түгээмэл тунхаг” зэрэг олон улсын баримт бичгүүдэд тулгуурлан, Монгол Улсын Засгийн газар, холбогдох яамд /ХХААЯ, ЭМСЯ/ НҮБ-ын ХХААБ, ДЭМБ, НҮБ-ын Хүнсний эрх зүйн хороо зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд манай улсын хүнсний аюулгүй байдлын бодлого, эрх зүйн орчин бүрэлдсэн билээ.
Монгол Улсын Засгийн газраас хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үндэсний болон тодорхой салбар, чиглэлийн 20 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, мөн олон улсын байгууллага, гадаад орны 10 гаруй төсөл, олон улсын хүмүүнлэгийн төслүүд хэрэгжиж байна.
ХХААЯ нь хүнсний аюулгүй байдлын гол чиглэл, суурь болж буй Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 32 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийг 2009-2016 онд 2 үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Олон улсын хэмжээнд тухайн улсын хүнсний аюулгүй байдлыг хүнсний хангамж, хүнсний баталгаа, хүнсний бүтээгдэхүүний шимт чанар гэсэн цогц асуудлын хүрээнд авч үздэг бөгөөд “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийн зорилгод энэхүү асуудлууд цогцоор тусгагдсан. Хөтөлбөрийн зорилго: Иргэн, төр, олон нийт, хувийн хэвшлийн зохистой оролцоог хангах замаар хүн амыг тэжээллэг, эрүүл ахуйн баталгаатай хүнсээр жигд, хүртээмжтэй, тогтвортой хангаж, эрүүл аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх, Монгол брэндийн органик хүнсийг бий болгож гадаад, дотоодын зах зээлд өрсөлдөхүйц эдийн засгийн шинэ чадавхийг бүрдүүлэхэд оршиж байгаа билээ.
Хөтөлбөрийн зорилгыг хангахын тулд 2 үе шаттайгаар /эхний үе шат 2009-2012 он, хоёр дахь үе шат 2013-2016 он/ дараах тэргүүлэх 4 чиглэлийн хүрээнд 13 зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.Үүнд:
Хөтөлбөрийн эхний үе шат /2009-2012 он/-нд хүрэхээр төлөвлөсөн 21 үр дүн, шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийн дундаж үнэлгээ 78.0 хувьтай дүгнэгдэж хөтөлбөрийн 2 дахь үе шат /2013-2016 он/-нд 4 тэргүүлэх чиглэлийн хүрээнд 17 үр дүнг гаргахаар төлөвлөн ажиллаж байна.
Хөтөлбөрийн нэгдүгээр чиглэлийн зорилтын хүрээнд Монгол Улсын Их Хурал 2012 оны 12 дугаар сарын 20-ний өдөр Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай анхдагч хуулийг батлан гаргаснаар Монгол улсын хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад томоохон шинэчлэл хийж, эрх зүйн цоо шинэ орчин бүрдүүлсэн юм.
Хүнсний аюулгүй байдал хөтөлбөрийн 2 дугаар үе шатны хүрээнд 2015 онд Хүнсний аюулгүй байдлыг хангах эрх зүй, эдийн засаг, зохион байгуулалтын таатай орчин бүрдүүлэх чиглэлээр хийгдэж буй гол ажлууд:
• Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байлыг хангах үндсэн суурь хөдөө аж ахуйн зохистой дадал, үйлдвэрлэлийн зохистой дадал, эрүүл ахуйн зохистой дадлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх орчинг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх;
• “Органик хүнсний тухай” хуулийн төслийн үзэл баримтлалыг батлуулах, хуулийн төслийг боловсруулан Засгийн газарт хүргүүлэх, холбогдох бусад ажлууд;
• “Баяжуулсан хүнсний тухай” хуулийн талаарх судалгаа;
• “Зохицуулах үйлчилгээтэй хүнсний тухай” хуулийн талаарх судалгаа;
• “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулиудыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд боловсруулан батлагдсан дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг сайжруулан олон улсын жишигт хүргэх, шинээр боловсруулах.
Үүнд: “Баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, цэвэр өсгөврийн хөрөнгө, органик болон шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсийг бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах тухай журам”, “Хөдөө аж ахуйн зохистой дадал, Эрүүл ахуйн зохистой дадал, Үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлэх хялбаршуулсан заавар”, “Хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд эрсдлийн үнэлгээ хийх, тэдгээрийг бүртгэх журам”, “Шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүний эрсдлийг үнэлэх журам” зэрэг 13 журам.
Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн зарчим