Бүгд найрамдах Энэтхэг улсын Хилийн аюулгүй байдлын хүчний арван офицер наймдугаар сарын 7-21-ний өдрүүдэд Монгол Улсын хилийн хэсэгт сургалтад хамрагдах болсон талаар урьд нь мэдээлж байсан билээ. Тэднийг өмнөд болон хойд хилд сургалтад хамрагдаад ирэхэд нь сургалтын онцлог, Монгол орны тухай сэтгэгдлийг нь сонслоо.
БНЭУ-ЫН ХАБХ-НИЙ ХУРАНДАА ЖАМИЙЛ АХМАД:
-“Хил хамгаалалтад техник хэрэгсэл, технологийн ололтыг ашиглах нь” сэдэвт сургалтыг бид Хилийн хоёр ангид зохион байгууллаа. Хилчид биднийг их сайхан найрсаг хүлээж авсанд талархаж байгаагаа энэ дашрамд хэлье. Монголын хилчид орчин үеийн техник, технологи дээр их чадварлаг ажиллаж байна. Бид хилийн харуул, автозам, төмөр замын боомтын хамгаалалтын бүлгийн үйл ажиллагаатай танилцсан. Хилчид боомтын хамгаалалтыг их цэгцтэй, зохион байгуулалт сайтай удирдан явуулдаг нь анзаарагдсан. Мөн албаны нохойн сургалт, жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтууд их сонирхолтой санагдсан шүү. Мөн гэрээт хилчний албатай танилцаж, тэмээтэй хилийн манаанд явж үзлээ. Монголын хилийн заставын амьдрал Энэтхэгтэй адил гэр бүлээрээ амьдардаг юм билээ. Гэхдээ мал аж ахуйгаа өөрсдөө өсгөж, хүнсэндээ хэрэглэдэг нь сайшаалтай санагдсан. Ер нь Монгол, Энэтхэгийн хилийн албанд адил төстэй зүйл их байгаа нь ирээдүйд хамтарсан сургалтуудыг зохион байгуулбал илүү үр өгөөжтэй байх болов уу гэж бодож байна. Бидний хувьд хичээл сургалтаас гадна Монгол орны үзэсгэлэнт газруудыг үзэхийн зэрэгцээ өв соёл уламжлалтай танилцсандаа баяртай байна. Урд нь Монгол орныг газрын зургаар л төсөөлдөг байлаа. Гэхдээ төсөөлж байснаас огт өөр юм гэдгийг богинохон хугацаанд мэдэрч чадсан. Ялангуяа монгол хүмүүсийн цагаан сэтгэл, зочломтгой найрсаг зан маш их таалагдлаа. Биднийг хүндэтгэн хүлээн авч олон сайхан мэдлэг өгсөн та бүхэнд маш их баярлалаа гэж дахин хэлье.
БНЭУ-ЫН ХАБХ-НИЙ ХОШУУЧ ХАРМЕНДРА ГИЛЛ:
-Бид морин уналгаар хил хамгаалалтыг зохион байгуулах дадлага сургалтад хамрагдлаа. Сургалт маш чанартай сайн явагдсаныг энд онцолмоор байна. Ялангуяа сургагч багш нар нь их чадварлаг байсан тул морийг хилийн манаанд үүрэг гүйцэтгэхэд сургахаас гадна хэрхэн арчлах, тарга тэвээрэг авахуулах болон арьс ширээр хэрхэн тоног хэрэгсэл хийх гэх мэт шаардлагатай олон зүйлийг зааж өгсөн. Монгол орны хойд хэсэгт цаг агаар, газар орны байдал Энэтхэг улстай харьцуулахад маш ширүүн юм билээ. Ой мод ихтэй, шороон замтай учир хил хамгаалалтыг явганаар зохион байгуулахад үнэхээр хүндрэлтэй санагдсан. Тийм учраас морь бол Монгол хилчдийн дотны анд юм гэдгийг үнэхээр мэдэрсэн. Мөн Хилийн 0286 дугаар ангийн удирдлага, бие бүрэлдэхүүн биднийг халуун дотно, найрсаг зочломтгой хүлээж авсан нь үнэхээр гайхалтай сайхан байлаа. Магтах үгээ ч олж хэлж чадахгүй байна. Энэтхэг улсын тусгаар тогтнолын өдөр наймдугаар сарын 15-ны өдөр тохиодог. Биднийг болон улс орныг минь хүндэтгэж ХХЕГ-ын удирдлагын зүгээс тусгаар тогтнолын баяраа тэмдэглэхийг зөвшөөрсний дагуу бид байрлаж байсан анги дээрээ баяраа тэмдэглэсэн. Тусгаар тогтнолын баярыг минь тус ангийн хамт олон чин сэтгэлээсээ тэмдэглэж өгсөнд маш их баяртай байна. Бид талархсан сэтгэгдлээ илэрхийлж Хилийн 0286 дугаар ангид талархал бичиж, дурсгал болгон үлдээсэн. Энэхүү сургалт үнэхээр үр дүнтэй болохын зэрэгцээ хоёр улсын хил хамгаалалтын үр дүнд ашиг тусаа өгнө гэдэгт миний бие итгэлтэй байна. Ингээд биднийг хүлээж авсан удирдлага болон нийт хилчиддээ сэтгэл зүрхнийхээ гүнээс талархаж буйгаа илэрхийлье.