УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Засгийн газрын өргөн барьсан Төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. АН-ын хувьд энэхүү тодотголыг хэр хангалттай гэж дүгнэж байгаа вэ.Бүлгийн дүгнэлтээс харахад нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан?
-Нийгэм, эдийн засгийн байдал өнөөдөр гэнэтхэн муудчихсан юм шиг төсвийн тодотголыг өргөн барьсан нь хүндрэлийг давах гэхээсээ хэт улстөржсөн, түүнээс гарах үр дагаврыг нь тооцолгүйгээр оруулж ирсэн гэж харж байна. Жишээ нь, төсвийн тодотголоор найман төрлийн татвар нэмэх асуудлыг ярьж байгаа.Өнгөрсөн хугацаанд АН дундаж амьдралтай давхрага, хүний хөгжлийн бодит эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгохыг зорьж ажилласан.Ер нь нийгмийн дундаж давхрагыг бий болгохын төлөө дэлхийн аль ч улс орон ажилладаг.Гэтэл МАН-ын оруулж ирсэн төсвийн тодотголоор дандаа дундаж давхрага руу дайрсан, тэднийг үгүйсгэсэн, дөнгөж бий болж эхэлж байгаа суурь боломжийг үгүй хийх гэж байна.
-Татвар нэмэхгүйгээр төсвийг сайжруулах ямар боломжууд байсан юм бол. Танай намын бүлгийн зүгээс үүнийг яаж дүгнэж харсан юм бэ.Эдийн засгийг сайжруулах өөр ямар боломж байна вэ?
-Улс орныг авч явах нийгэм, эдийн засгийн мөрийн хөтөлбөрөө МАН сонгуулийн өмнөхөн дэвшүүлсэн шдээ. Сонгогчид түүнд нь итгэж саналаа өгсөн.
-Мөрийн хөтөлбөртөө татвар нэмэхгүй гэсэн байгаа л даа?
-Бүх төрлийн татварыг нэмэхгүй. Харин цалин, тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ, төрийн албыг тогтвортой байлгана зэргээр маш олон зүйлийг амласан ч сар гаруйн хугацааны дараа мөрийн хөтөлбөрөөсөө огцом эргэсэн шийдвэрүүдийг гаргаж байгаа нь үнэхээр гайхалтай байна. АН-ын хувьд “Сайн” хөтөлбөрийн хүрээнд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, тогтворжуулах зорилгоор хэрэгжүүлсэн.Гэтэл МАН Монголбанкнаас арилжааны банкуудад мөнгө олгосны дагуу өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд иргэн, аж ахуйн нэгжид олгож байгаа зээл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг төсөв рүү татаж авчраад өр авлага мэтээр харагдуулах гэж зорьж байгаа нь ямар зорилготой юм.Тэгээд төсөвт орж ирэх орлогоо оруулж чадахгүй мэтээр, төсвийн алдагдлаа нэмж олон нийтэд харуулах эцсийн цаад зорилго нь юу юм бэ.
-АН дэндүү муу ажилласан гэсэн ойлголтыг төрүүлэх гээд байна гэж үү?
-Одоо тийм ойлголт төрүүлэх нь ямар ач холбогдолтой юм. Тэртээ тэргүй МАН УИХ-д 65 суудалтай, нийслэл, 20 аймгийн эрх мэдлийг гартаа авчихлаа. Өөр юу дутуу байгаа юм.
-Улс төрийн ач холбогдол нь их байгаа байх л даа. Яагаад гэхээр МАН-ынхан “Бид асар хүнд эдийн засаг хүлээж авлаа. ДНБ-ий 80 хувьд хүрсэн өртэй, 18.2 хувьд хүрсэн алдагдалтай эдийн засаг хүлээж аваад дөрвөн жилийн хугацаанд ингэж сайжрууллаа” гэж ярих нь байна шүү дээ?
-2016 оны төсвийн алдагдлыг 900 гаруй тэрбум төгрөгөөр баталсан. Энэ төсвийг АН дангаараа батлаагүй. МАН-ын 26 гишүүн хамтарч баталсан. Тэр битгий хэл Төсвийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсэгт Сангийн сайд Б.Чойжилсүрэн өөрөө байсан шдээ.Одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат жил гаруйн хугацаанд Сангийн сайдаар ажилласан.Ч.Улаан гишүүн гэхэд Сангийн сайдаар хоёр жил орчим ажилласан.Эндээс харахад АН засагласан дөрвөн жилийн гурав орчим жилийн хугацаанд МАН-ын тодотголтой Сангийн сайдууд ажиллажээ.Тэд юу хийж байсан юм бэ.Юу харж байсан юм.
-Сангийн сайд болохоор “Эдийн засаг үнэхээр сүйрсэн байна. Биднээс маш олон тоо баримт нууж байжээ” гэж яриад байгаа.АН эрх барьж байх үедээ УИХ-ын гишүүдээс, Сангийн сайд болон Ажлын хэсгийнхнээс тэгтлээ тоо баримт нуугаад байсан хэрэг үү?
-АН-ын төсөв санхүүтэй холбоотой явуулж байсан бодлого бүгдээрээ ил тод байсан. Тэгж яривал Ерөнхийлөгчийн санаачилгаар бий болсон “Шилэн данс”-ны хуулийн дагуу бүх данс шилэн байсан.МАН-ынхан өөрсдөө ч үүнийгээ хэрэгжүүл гэж хамгийн их хашгирсан хүмүүс.Тэгсэн атлаа өнөөдөр хаалттай, нууц байсан мэтээр ярьж байгаа нь үнэндээ эмгэнэлтэй.Хоёулаа төсвийн алдагдал болох 4.2 их наяд төгрөгийг задлах гээд үзэе л дээ.Үүний 1.8 их наядыг оруулах боломжгүй гэж яриад байгаа юм.Энэ чинь юу гэсэн үг юм.Эсвэл аль нэг аймгийн, дүүргийн татварын хэлтэс “Бид биелүүлэх боломжгүй” гэхээр нь алдагдал гэж үзээд байгаа юм уу.Төсөв гэдэг чинь хууль.Ингэх юм бол хууль гаргах ямар хэрэг байна.Хоёрдугаарт, Монголбанкнаас арилжааны банкуудад олгосон “Сайн” хөтөлбөрийн санхүүжилт, зээлийн гол зорилго нь эдийн засгийн эрсдэл, хүндрэлийг даван туулах байсан.Одоо эд нар үүнээс өөр арга замыг олохгүй, олж чадахгүй.Ипотекийн зээлийг зогсоох гэж байна.Энэ зээлийг зогсоолоо гэхэд ард нь байгаа 80-90 мянган иргэд зээлээ яах юм, дампуурах юм уу.
-Гэхдээ нэгэнт олгосон зээлүүд үргэлжлээд явна биз дээ?
-Ипотекийн зээлийг зогсооно гэж яриад байгаа нь өөрөө маш том сөрөг үр дагаврыг авчирна. Өнөөдөр бэлэн болчихсон олон мянган орон сууц бий.Ипотекийн зээл аваад амьжиргааны дундаж давхрага руу шилжих, хуримтлал үүсгэх хүсэлтэй олон мянган залуу байна.Гэтэл тэдгээр залуусыг яах гэж байгаа юм.Та нар зүгээр ядуу чигээрээ бай гэсэнтэй агаар нэг сонсогдож байна.Нарийн яривал “Сайн” хөтөлбөрүүд төсөвтэй ямарч хамааралгүй.
-Нэгдсэн төсөвтэй байя гэж байгаа Засгийн газрын буруу биш л дээ?
-Нэгдсэн төсөвтэй байна гэдэг бол өөр. Нэгдсэн төсөв гэдэг бол тусгай ойлголт.“Сайн” хөтөлбөрүүд буюу Монголбанкнаас холбогдох хуулийнхаа дагуу арилжааны банкуудад зээл олгосон.Харин арилжааны банкууд тэрхүү зээлийнхээ дагуу хөтөлбөр санхүүжүүлсэн.Арилжааны банкуудын олгосон зээлийг хэн эргэж төлөх юм.Төсвөөс эргүүлж төлөхгүй.“Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдсан иргэн төлнө.“Сайн оюутан” хөтөлбөрт хамрагдсан оюутан төлнө.Ипотекийн зээл авсан иргэн өөрөө эргээд төлнө.“Сайн хувьцаа”-г олгосон “Эрдэнэс Тавантолгой” компани өөрийн ашгийн орлогоос төлнө.Тэгэхээр төсөвт ямарч падгүй асуудал байгаа биз.Гэтэл яагаад заавал үүнийг төсөв дээр авчирч өр авлага болгож олон нийтэд харагдуулах гээд байгаа юм.Энэ нь өөрөө утгагүй ойлголт байхгүй юү.
-Харин яагаад тэгээд байгаа юм бол?
-Зорилго нь өөрөө өмнөх Засгийн газраа, эрх барьж байсан хүчнээ харлуулах гэсэн энэ оролдлого. Зөндөө л муулж, гүтгэлээ.Хар пи-арыг дөрвөн жил хангалттай хийлээ. Одоо болно. Монголын ард түмэн тэнэг биш, хэн нь яасан гэдгийг харж байгаа.
-Гол нь Монголбанк хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх мөнгөгүй атлаа зүгээр хэвлээд тараасан гэдэг дээр асуудал үүсээд байгаа?
-УИХ-ын байгууллага нь мөнгө хэвлээд тараасан нь Засгийн газарт ямар хамаатай юм. УИХ өөрөө хариуцлага ярих ёстой.Түүнээс биш Засгийн газарт ямарч падгүй.
-Долоон их наяд төгрөг хэвлэсэн нь ам.долларын ханш өсөхөд гол нөлөө үзүүлсэн нь бол үнэн байх?
-Сонгуулийн өмнө ам.долларын ханш 1950 болтлоо буурсан. Гэтэл Монголбанкны шинэ ерөнхийлөгч валютын нөөц хасах заасан гэж мэдэгдэл хийсний дараа 24 цагийн дотор Монголын Засгийн газрын бондын өгөөж 5.4 хүртэлх хувиар унасан. Дээр нь ам.долларын төгрөгтэй харьцах ханш 200 гаруй төгрөгөөр өссөн. Сангийн сайд мэдээлэл хийсний дараа 24 цагийн дотор Монгол Улсын зээлжих зэрэглэл мөн огцом унасан. Үүнийг сэтгүүлч та өөрөө юу гэж харж байгаа юм.Эд нар тэртээ тэргүй улс орныхоо эдийн засгийг унахгүйгээр тогтвортой аваад, ажиллаад, “Сайн” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явах боломж байсан уу гэвэл байсан.
Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу
Сэтгэгдэл (41)