МУГТ Г.Мандахнаран болон Чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Г.Мандахнарангийн хувьд Рио 2016 олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээнд хүрэл медалийн төлөө өрсөлдсөн ч сүүлийн 6 секундэд өрсөлдөгчдөө боломж олголгүй зугтсан гэх үндэслэлээр хожигдсон. Шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэж Г.Мандахнарангийн дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар дэвжээн дээр хувцсаа тайлж шидсэн нь дахин нэг онооны торгуулийг авчирсан билээ. Тэдний энэхүү үйлдэлд хариуцлага тооцох ёстой гэж дэлхийн бөхийн холбооноос үзэн Монголын багийг тэмцээн уралдаанд орох эрхийг хасаад байгаа. Мөн тэдний энэ үйлдлийг Монголын чөлөөт бөхийн холбоо дотоодын болоод олон улсын тэмцээн, чөлөөт бөхтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хасаж буйгаа мэдэгдсэн юм.
Тэгвэл энэ талаар дасгалжуулчигчид " Олон улсын спортын арбитрын шүүхэд хандах эсэхээ зөвлөл байгуулан хэлэлцэж, шийдэхээр төлөвлөөд байна. Узбекийн бөхийн барилдааны дараа Дэлхийн чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч албан ёсны мэдэгдэл хийсэн. Тэрээр чөлөөт бөхийн хөгжил сайжирч байгаа ч булхайтай шүүлт явагдаж байна. Бид үүний эсрэг тэмцэх болно гэж мэдэгдсэн. Тэгэхээр дэлхийн бүх улс буруу шүүлтийн эсрэг тэмцэхээр болсон гэж ойлгож байгаа. Тухайн үед заал даяараа алга ташин дэмжиж байсан. Мөн Г.Мандахнарангийн барилдааны өмнө Монголын чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга О.Баянмөнх “Өрсөлдөгчөө ялахаас гадна шүүгчийг ялсан барилдаан болно” гэж мэдэгдсэн шүү дээ. Миний бие энэ спортод хөл тавиад 26 жил болж байна. Ц.Цогтбаяр багш маань ч олон жил хөдөлмөрлөсөн. Монголын чөлөөт бөхийн холбоо элгээрээ хэвтэж, 22 жилд авдаг байсан дөрвөн медалийг 3 жилдээ дэлхийн 6 медаль авдаг болгосон амжилт бий. Олон жилийн хөдөлмөр бүтээлийг хормын дотор үгүйсгэж, хүний эрхийг хязгаарлаж байгаад маш их харамсч байна. Хэрэв бид уучлалт гуйвал булхайтай шүүлт, бузар явдлын өмнө сөхөрч байгаатай адил байгаа юм” гэлээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (12)