УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулан баталсан. Үүнтэй холбогдуулан дагалдах таван хуулийг хууль санаачлагчид буцаасан бөгөөд уг хуулиудад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль багтсанд олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа.
Уг асуудалтай холбогдуулан Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт "2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсан. Энэ хууль 12 жилийн хугацаанд хэрэгжиж байгаа. Хэрэгжих явцад хуулийг сайжруулах шаардлага гарсан тул Ерөнхийлөгч санаачилж УИХ-д өргөн бариад, хэлэлцээд үндсэндээ батлаад явж байсан юм. Харамсалтай нь хууль санаачлагч руу буцахаар болсон тул Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болон хууль санаачлагчийн төлөөлөлтэй уулзсан. 2010-2016 оны байдлаар 5100 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж гэмтэл бэртэл авсан байдаг. Мөн энэ хугацаанд 95 хүн нас барсан байдаг юм байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 764 хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 178-аар нэмэгдсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил нэмэгдэж байна. Иймд хүчирхийллийг зохицуулдаг сул зохицуулалтыг чангатгах шаардлага байна. Хууль санаачлагч нь Засгийн газар байхаар Ерөнхийлөгчийн тамгын газрынхантай санал солилцоод байж байна. Өнөөдөр Засгийн газрын хурлаар энэ хуулийг хэрхэн яаралтай батлуулах талаар танилцуулга хийнэ. Ингээд үүрэг чиглэл гарах юм бол ойрын үед УИХ-д өргөн барьж, батлуулах тал дээр анхаарна. Хэрэв амжвал ээлжит бус чуулганаар хэлэлцэж батална. Амжихгүй бол дараагийн чуулганаар оруулж хэлэлцээд яаралтай хэрэгжүүлэх талаас нь ажиллах болно" гэсэн юм.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд "Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг дагаж гарч байгаа таван хуулийг өнгөрсөн парламентаар баталсан гэж байгаа ч хүчин төгөлдөр болоогүй байсан. Хүчин төгөлдөр болгоогүй тул хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэлийг хуулийн байгууллага хангаагүй байгаа юм. Иймд хуулийн байгууллагын өөрсдийн саналыг үндэслэж шийдсэн. Дээрх таван хуулийг буцаасантай холбоотой Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиас татгалзаж байгаа юм байна гэсэн буруу ойлголт төрүүлээд байна. Гэтэл бид уг хуулийг хэрэглэхээс татгалзаагүй. Харин ч УИХ-ын ээлжит бус чуулганаар оруулж ирээд хэлэлцэх төлөвлөгөөтэй байна" гэлээ.
ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хэрэгжүүлэхийн тулд одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ярилцаж байгаа юм байна. Миний хувьд хууль тогтоогчдын эрх мэдэл, УИХ-ын эрх мэдэлд халдах эрх байхгүй. Гэхдээ асуудлыг яаралтай шийдэх боломж байна уу гэдэг талаас нь ажиллаж байна" гэв.
Сэтгэгдэл (4)