Монгол Ардын намын бүлэг өнөөдөр 10.00 цагт хуралдаж татвар нэмэх асуудлыг хэлэлцэхээр болжээ. Уг хуралд тус намын дарга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар оролцож татвар нэмэх асуудлыг дэмжихийг бүлгийн гишүүддээ үүрэгдэх гэнэ.
Засгийн газар энэ оны төсвийн тодотголд найман төрлийн татварыг нэмэх саналыг оруулсан. Үүнийг АН-ын гишүүд болоод МАН-ын цөөнгүй гишүүн эсэргүүцэж байгаагаа чуулганы хуралдааны үеэр илэрхийлсэн билээ. Мөн Төсвийн байнгын хороо уржигдар хуралдаж татварын нэмэгдлийг эсэргүүцсэн шийдвэрийг гаргасан. Тиймээс нам доторх эсэргүүцэгчдээ дарах ажиллагааг өнөөдрийн хурлын үеэр явуулах гэнэ. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Иргэдийн амьжиргаа, аж, ахуй нэгжүүдийн бизнес муу, улсын эдийн засаг хүндэрсэн цаг үед бид татвар нэмэх асуудал оруулж ирж байна. Эдийн засаг хямарчихсан үед бид компаниудыг ингэж хоёр тайлантай, хоёр данстай, орлогоо нуудаг арга руу түлхэж оруулах гэж байна. Энэ татварын нэмэгдлийг хувийн хэвшлийнхэн төлнө" гэж хэлсэн. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Хүнд хэцүү цагт татвар нэмэх нь зохисгүй" гэж мөн мэдэгдсэн билээ.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Боломжтой хэсгээ татвар, цалингаар боож хамтдаа харанхуй нүх рүү унана" гэж буй. Энэ мэт МАН дотор Засгийн газрын татвар нэмэх саналыг эсэргүүцэх гишүүн олон байгаа. Харин өнөөдрийн хуралдаанаар дээрх гишүүдээ хүчилж эднээс татвар нэмэхийг дэмжих ёстой гэж шаардах бололтой. Ямартай ч Засгийн газар татвар нэмэх асуудлаа хүчээр зүтгүүлж гишүүдээрээ дэмжүүлэхээр шийджээ. Харин татварын нэмэгдэл нь аж, ахуй нэгж, иргэдийн амьжиргаанд хүндээр тусахыг бид бүхэн мэдэж байгаа. Хүнд цагт татвар нэмэх нь дампуурах байгууллагын тоог л нэмнэ. Тэр цагт юун эдийн засгийн хүндрэлээс гарах...
24tsag.mn
Сэтгэгдэл (5)