Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс “Ухаалаг цагдаа” төслийг өнөөдрөөс ажиллуулж эхэллээ.
Энэ ажлын хүрээнд 2500 иргэнийг сайн дураар нь эргүүлд ажиллуулахаар төлөвлөж байгаа юм. Хулгай, дээрмийн гэмт хэргийг бууруулахад засаг захиргаа, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, оршин суугчдын хамтын хүч, оролцоог сайжруулах зайлшгүй шаардлагатай. Тиймээс гэр хорооллын гудамж, орон сууц бүрт тухайн орчинд амьдардаг, оршин суугчдаа сайн мэдэх иргэнийг сонгон, эргүүл хийлгэхээр болсон. Эргүүлд ажиллах иргэдийг сар бүр 25 мянган төгрөгөөр урамшуулна.
Хэв журмын эргүүл ажилласнаар нийслэлийн иргэдийн идэвхи санаачлагад суурилсан хяналт бий болж, аюулгүй, айдасгүй орчин бүрдэж, гэмт хэрэг зөрчлийн тоо буурна гэж үзэж байна.
Харин “Ухаалаг цагдаа” төсөл хоёр үе шаттай хэрэгжинэ.
Нэгдүгээр үе шат – 2016 он
Цагдаагийн 152 хороо, дэд хэсгийн байрыг нэгдсэн сүлжээнд холбох
Гэмт хэргийн орон зайн мэдээллийн систем
Барьцаалдан зээлдүүлэх үйлчилгээниий нэгдсэн хяналтын систем
Хоёрдугаар үе шат – 2017 он
Мэдээлэл дамжуулах цогц программ хангамжийн өргөтгөл
“Ухаалаг цагдаа” мэдээлэл дамжуулах ухаалаг төхөөрөмж
Дүн шинжилгээний систем
Хороодын цагдаагийн хэлтэс нэгдсэн системд холбогдоогүй учраас цагдаа нар шаардлагатай мэдээллээ нийслэлийн цагдаагийн газар очиж авах зэргээр цаг алддаг. Ухаалаг цагдаа төсөл хэрэгжиснээр цагдаагийн алба хаагчид хэрэгцээт мэдээллээ мэдээллийн нэгдсэн сангаас цаг алдалгүй авах, гэмт хэргийн мэдээллээ шуурхай өгөх боломж бүрдэх юм.
Энэхүү төсөл нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулах, иргэн, жолооч, тээврийн хэрэгсэл, эрэн сурвалжлалтын талаарх мэдээллийг шуурхай бэлтгэх, дамжуулах, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд шуурхай хүргэх цогц арга хэмжээ юм. Төслийг Улаанбаатар хотын цагдаагийн газар нийслэлийн мэдээллийн технологийн газартай хамтран хэрэгжүүлнэ.