Хэдхэн жилийн өмнө Монгол улс Н.Энхбаяр гэдэг хаантай байв. Харин одоо түүнийг залгамжлах дахин нэг шинэ хаан мэндэлснийг улс төрийн хүрээнийхэн ярих боллоо. Тэр хүний нэрийг чангахан хэлж нээлттэйгээр шүүмжлэхээс ч айдаг болсон гэх. Тэр хэн бэ гэж үү. Тэгвэл тэр айхтар нөхрийн нэрийг намынх нь гишүүн МҮХАҮГ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо шууд зарлалаа. Тэрбээр “Өнөөдөр бүх улс төрийн шийдвэр нэг хүнд төвлөрөөд байна. М.Энхболд гэдэг хаантай болчихоод байна. Энэ хүнээс Засгийн газар, нийслэл, УИХ, нам ч хамаарч байгаа” гэжээ.
М.Энхболдыг ингэж шүүмжлэх болсон нь учир шалтгаантай. Намаа сонгуульд ялсаны дараа М.Энхболд Ерөнхий сайд биш, УИХ-ын дарга болсон. Ялсан намын дарга хариуцлагаа үүрч ачааны хүндийг үүрэх ёстой гэдэг зарчмаас тэр бултсан. Энэ нь аж, ахуйн ажлаас хол нэр цэвэр байж байгаад Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх гэсэн холын бодолтой нь холбоотой. Тэр энэ шийдвэрийг ч өөрөө мэдэж гаргасан. Тэрбээр мөн намын дарга болсноосоо хойш бүх эрх мэдлийг гартаа атгаж Засгийн газрыг хүртэл ганцаараа бүрдүүлсэн. Уг нь Засгийн газрын танхимыг бүрдүүлэх ажил УИХ-ын даргынх биш л дээ. Тэрбээр мэргэжлийн Засгийн газар байгуулах тухай сонгуулиар өгсөн амлалтаасаа ухарч, зарим эрх ашгийн зөрчилтэй эрхэмд албан тушаал оноосныг тухайн үед цөөнгүй шүүмжилсэн.
Өнөөдөр бүх улс төрийн шийдвэр нэг хүнд төвлөрөөд байна. М.Энхболд гэдэг хаантай болчихоод байна. Энэ хүнээс Засгийн газар, нийслэл, УИХ, нам ч хамаарч байгаа.
Тэрбээр мөн УИХ-аар хэлэлцэж буй төсвийн тодотголыг дагалдаж орж ирсэн татвар нэмэх саналыг бүлгийн гишүүдээрээ хүчээр дэмжүүлсэн. МАН-ыг амлалтаасаа ухарч, иргэдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж татвар нэмэх гэж байна гэх хатуухан шүүмжлэлийг хэлсэн намын гишүүдийнхээ хандыг тэр хаалттай хаалганы цаана нам дарсан. Харин Ц.Нямдорж гишүүн амласныхаа эсрэг ажиллавал иргэд дараагийн сонгуулиар биднийг АН шиг л “арчиж” хаяна шүү хэмээн сануулсан байна. Гэтэл М.Энхболд дарга “Татвар нэмнэ л бол нэмнэ” хэмээн зүтгэж, өөрийнхөөрөө гүйцэлдүүлж чадлаа. Хэрвээ шинэ “хаан” зөв зүйл ярьж буй гишүүдээ, буруу шийдвэр гаргах гээд буйг нь эсэргүүцэн сануулж байгаа ард түмнээ сонсохгүй, өөрийнхөөрөө зүтгэвэл АН шиг гудамжинд чулуу өшиглөнө эвсэл Н.Энхбаяр шиг төгсөнө. Үүнийг хүн бүхэн мэдэж байгаа.
Хамгийн гол нь иргэдийнхээ талд шударга, үнэнийг ярьсан гишүүдийнхээ амыг таглаж буй нь ноцтой үйлдэл. Гишүүдээ, ард иргэдээ сонсох ёстой. “Татвар нэмж болохгүй, иргэдээ туйлдуулна. Өөр арга зам хайгаач” гэсэн гишүүддээ МАН-ын удирдлагууд “Өөдрөгөөр хар, асуудлыг зөв өнцгөөс нь тайлбарла. Тэгвэл иргэд ойлгоно, татвараа нэмж төлнө” гэж хэлсэн гэх.
Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг хоёр ч удаа ээлжит бус хуралдаан хийсэн. Эхнийх нь хуралдааны мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Хаалттай мэдээлэл нь хэвлэлээр цацагдсан учраас нэр бүхий хэвлэл, мэдээллийн хэрэгслийг тагнуулаар шалгуулахаар болсон. Энэ нь ч бас шинэ “хаан”-ы тушаал биз. Тус бүлгийн дарга Д.Хаянхярваа “Манай бүлгийн хуралдаан хэвлэлээр олон л гардаг байсан. Бид хэнийг ч шалгуулна гэж байгаагүй” хэмээн гайхаж буйгаас нь үзвэл том даргын тушаал гэдэг нь тодорхой.
Сэтгэгдэл (25)