Хөгжил Ардчилал ТББ-аас зохион байгуулдаг "Хөгжил Ардчилал" нээлттэй хэлэлцүүлэгт түүх, хүн судлалын ухааны профессор, багш Л.Мөнх-эрдэнэ оролцож “Монголын улс төрийн системд тулгамдсан асуудал” сэдвийн дор чөлөөт ярилцлагыг өчигдөр өрнүүлжээ. Түүх, хүн судлалын ухааны профессор, багш Л.Мөнх-Эрдэнийн лекц нь олон хүний анхаарлыг татдаг. Энэхүү сонирхолтой лекцийг бүрэн эхээр нь нийтэлж байна.
Миний бие хэсэг хугацааны өмнө “Тэргүүнгүй төр, лидергүй нам, тогтворгүй улс төр” гэдэг нийтлэлээрээ 1992 оны Үндсэн хууль Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэсэн гүйцэтгэх засаглалын хоёр институцийг байгуулахдаа тэдгээрийн хоорондын эрх мэдлийн харилцааг сонгууль, ардчилсан улс төрийн зүй тогтолтой зохистой холбоогүйн улмаас үүдэн гардаг улс төрийн хүндрэлүүдийг харуулахыг оролдсон билээ. Харин энэ удаа Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын мөн чанар, үндсэн зарчим, зарим үндсэн давуу болон сул, талыг жигнэн харуулахыг хичээлээ.
Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс, нийт саналын 50-иас дээш хувиар сонгодгийг эс тооцвол Монголын одоогийн дэглэм нь парламентын засаглал. Тиймээс парламентын засаглалын мөн чанарыг харуулахдаа монголчуудын төр засгаасаа хүсээд байгаа зүйл, зарчим, шаардлагуудтай илүү уялдуулан тэдгээр шаардлагууд нь засаглалын энэ дэглэмийн үед хэрэгжих боломжтой эсэхэд хариулт өгөхийг илүү хичээсэн болно. Монголд чухам парламентын болон Ерөнхийлөгчийн дэглэмийн аль нь илүү оновчтой болох, ялангуяа таны эрх, эрх чөлөөг хамгаалах, таны хүсэл зоригийг хэрэгжүүлэхэд аль нь илүү нийцэх талаар уншигч та сайтар тунгааж өөрийн дүгнэлт, сонголтоо хийнэ биз ээ.
Хэмжээгүй эрхт хааны гарт төвлөрч байсан төрийн эрх мэдлийг ардчилсан хувьсгал ард түмний мэдэл шилжүүлэн, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх хэмээн хувааж (division of powers) тус бүр хэрэгжүүлэх институцэд хуваарилан (distribution of powers) ардчилсан засаг байгуулахдаа түүхэн нөхцөл шалтгааны улмаас хоёр үндсэн дэглэмийг бүтээсэн нь парламентын болон Ерөнхийлөгчийн дэглэм юм. Парламентын дэглэм нь ард түмний эзэн эрхийн (popular sovereignty) үзэл санаан дээр тулгуурлаж үүссэн бол Ерөнхийлөгчийнх нь хуулийн засаглал (rule of law) тогтоож хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үзэл санааг гол зарчмаа болгодог. Парламентын засаглал нь төрийн эрх мэдлийг нэг институцэд төвлөрүүлдэг (fusion of powers) бол Ерөнхийлөгчийн засаглал нь эрх мэдлийг салгаж (separation of powers) засаглалын институцүүдийг харилцан бие биенээр нь хазаарлан, тэнцвэржүүлдэг (checks and balance) юм.
Ард түмнээс сонгогдон, тэдний эрх ашгийг хамгаалахын тулд хууль тогтоон хааны засгийг хазаарладаг байсан парламент нь хаанаасаа ерөнхий сайдыг томилох, огцруулах эрхийг шилжүүлэн авч, хаанаа бэлгэдлийн төдий төрийн тэргүүнээр үлдээснээр Англид парламентын засаглал анх үүсжээ. Ийнхүү хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал хоёулаа парламентад төвлөрснөөр парламент нь ард түмний эрх ашгийг төлөөлөгч, хамгаалагч байснаа ард түмний өмнөөс засаглагч болж хувирсан байна. Парламент төрийн хамгийн хүчирхэг институц болсон төдийгүй мөн чанар нь бүрмөсөн өөрчлөгдөж, түүний хамгийн чухал функц нь хууль тогтоох бус харин засгийн газрыг байгуулах, хадгалах, буулгах явдал болсон бол засгийн газар нь гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг парламентын нэг гэхдээ хамгийн хүчирхэг хороо болж хувирсан байна. Парламентын хууль тогтоох зорилго эрс өөрчлөгдөж ард түмний эрх ашгийг хамгаалахын төлөө байснаа ард түмний нэрийн өмнөөс засаглахын тулд хууль тогтоох болов. Ийнхүү парламент засаглахын тулд хууль тогтоож, түүнийгээ засгийн газар гэж нэрлэгддэг өөрийн хороогоороо дамжуулан хэрэгжүүлдэг болжээ. Тиймээс ч парламентын засаглал гэж тун онож нэрлэсэн байна.
Парламентын засаглалын хамгийн үндсэн онцлог нь засгийн газрыг байгуулах, буулгах эрхийг парламентад өгснөөрөө хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлүүдийг нэг институцийн гарт төвлөрүүлдэг, улмаар хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлүүдийг харилцан бие биенээсээ хараат болгодог төдийгүй, уг эрх мэдлүүдийг улс төрийн нэг хүчний гарт төвлөрүүлдэгт оршино. Чухам эндээс л парламентын засаглалын мөн чанар, давуу болон сул тал эхэлдэг юм.
Үзэл санааны хувьд парламентын засаглал ард түмний эзэн эрхийг хэрэгжүүлдэг ч хэрэг дээрээ парламентын засаглал нь шууд утгаараа парламентын засаглал. Нэгэнт хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл гарт нь төвлөрдөг учир парламент бие даасан, бүрэн эрхтэй, өөрөө өөртөө эзэн институц болдог. Нэгэн субъектийн гарт зөвшөөрөх, гүйцэтгэх эрх хоёулаа байна гэдэг нь тухайн субъект хүссэнээ хийх эрх чөлөөтэй байна гэсэн үг. Парламент засгийн газрыг байгуулах, буулгах эрхийг авснаар ард түмнийг хамгаалах институцээс засагладаг институц болон хувирсан байна. Тийм ч учраас судлаачид уг дэглэмийг ард түмний эзэн эрхийг гэхээсээ илүү парламентын эзэн эрхийг (parliamentary sovereignty) хэрэгжүүлдэг гэж үздэг. Хэдийгээр үзэл санааны хувьд ард түмэн-сонгогчид парламентын эзэн (sovereign) нь боловч нэгэнт парламентад хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл төвлөрдөг учир ард түмэнд парламентыг хазаарлах, зогсоох, тэнцвэржүүлэх өөр хэрэгсэл үлддэггүй. Парламентын засаглалтай орнуудад төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэдэг хаан эсвэл бэлгэдлийн шинжтэй ерөнхийлөгч нарт хориг тавих эрх байдаг ч парламент хүсвэл тэр хоригийг цуцлах хялбар. 2000 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Н.Багабандийн тавьсан хоригийг Н.Энхбаярын удирдсан парламент дор нь цуцалсан. Мөн Үндсэн хуулийн цэц мэтээр ч хазаарлах боломжгүйг уг өөрчлөлт харуулсан.
Улмаар парламентын засаглал нь парламентын олонхын буюу ялсан намын засаглал (party government). Ардчилсан улс төрд намуудын үүрэг өндөр байдаг нь үнэн.Харин парламентын засаглалтай оронд намууд улс төрийн амьдралыг зохион байгуулагч болдог учир хэрэг дээрээ парламентын засаглал нь намын засаглалын хэрэгсэл болдог. Парламент нь өөрөө олонхоороо шийдвэр гаргадаг бүлэг хүмүүс. Парламент зөвхөн хууль тогтоож байвал асуудал болгон дээр өөр өөр олонх бүрдэж болно. Харин парламент засгийн газрыг байгуулах, буулгах эрхтэй болсноор парламентын хамгийн гол функц нь засгийн газрыг хадгалах явдал болдог. Нэгэнт засгийн газар зөвхөн олонхын дэмжлэгтэйгээр оршин тогтнох боломжтой тул парламент засгийн газрыг хадгалахын тулд байнгын олонхтой байх ёстой болдог. Чухам ийм олонхыг бүрдүүлэхийн тулд хэсэг бүлэг хүмүүсийн тогтвортой нэгдэл болох нам (нам, эвсэл, фракц) парламентын улс төрийн амьдралын гол зохион байгуулагч болдог. Тиймээс парламентын сонгууль намын сонгууль, парламентын улс төр намын улс төр, парламентын засаглал намын засаглал болдог. Нэгэнт олонх шийдвэр гаргадаг учир олонх болсон нам засагладаг, тиймээс парламентын засаглал нь парламентын олонхийн буюу ялсан намын засаглал байдаг. Нэгэнт парламентын засаглал ялсан намын засаглал учир ялсан намын шийдвэр парламентын шийдвэр, улс орны шийдвэр болдог. Тийм ч учраас “Төрийн дээр нам гарч суучхаад байна! Партократ ёс сэргэлээ!”, “Монголын төрийг фракцууд удирддаг!” зэрэг шүүмж нь парламентын засаглалын бодит байдалтай тулгараад түүнтэй эвлэрч чадахгүй байгаа хэрэг. Парламентын засаглал байгаа тохиолдолд олонх бүрдүүлэх хэрэгтэй, олонх бүрдүүлнэ гэдэг нь нам, эвсэл, фракц байгуул гэсэн үг! Тиймээс “УИХ-д бүлэглэл, фракц төрж Засгийн газрыг хүчгүйдүүлэх, төр улсыг тогтворгүйжүүлэх үндсэн шалтгааныг таслан зогсоох” хэрэгтэй гэж тунхаглагчид “парламентын засаглалаа улам төгөлдөржүүлэх” тухай бус харин түүнийг халах тухай тунхаглах хэрэгтэй. Харин Монголд парламентын засаглал зохистой гэж үзэж байгаа л бол энэ бүхэнтэй эвлэрэх хэрэгтэй.
Улмаар парламентын засаглал нь Засгийн газрын, намын боссуудын, Ерөнхий сайдын засаглал. Үзэл санааны хувьд парламент нь засгийн газраа хянаж байх ёстой боловч хэрэг дээрээ парламент бус харин засгийн газар нь парламентаа хянаж, засагладаг. Засгийн газрыг парламент(ын олонх) байгуулдаг төдийгүй, тэд дэмжиж байж л засгийн газар оршин тогтнодог. Энэ нь Засгийн газар олонхоо хянаж байж оршин тогтноно гэсэн үг. Нэгэнт засгийн газрыг олонхийн лидер нь тэргүүлж, нөлөө бүхий “боссууд” нь бүрдүүлдэг учир тэд эрх мэдэл, албан тушаал, шагнал, урамшуулал, сүрдүүлэг, шийтгэл зэрэг төрөл бүрийн арга хэрэгслээр жирийн гишүүдээ “дарамтлан” сахилга баттай болгодог. Улмаар тэд олонхоороо дамжуулан парламентыг засагладаг. Түүгээр ч барахгүй Англиас гаралтай Вестминстерийн системтэй орнуудад Ерөнхий сайд нь “зөрүүд” парламентыг тараах эрхтэй учир, тараах заналхийллээр ч “хүмүүжүүлэх” нь бий. Тиймээс парламент хэрэг дээрээ кабинетын, Ерөнхий сайдын айлдсаныг дуулгавартайгаар “ёсчлогч” (rubber stamp) болж хувирах нь түгээмэл. Тиймээс парламентын засаглал нь хэрэг дээрээ Засгийн газрын (cabinet government), ерөнхий сайдын засаглал (prime ministerial government) төдийгүй зарим тохиолдолд Ерөнхий сайдын “диктатур” (prime ministerial dictatorship) болж хувирдаг гэж судлаачид үздэг. “Засгийн газар УИХ-ынхаа дээр гарч суучхаад байна!”, гэдэг шүүмж нь үнэн хэрэгтээ парламентын засаглалын бодит байдалтай тулгараад түүнтэй эвлэрч чадахгүй байгаа хэрэг. Хэрвээ Монголд парламентын засаглал байх ёстой гэж үзэж байгаа бол энэ байдалтай эвлэрэхээс өөр аргагүй.
Тиймээс парламентын засаглалын оргилд парламент ч биш, парламентын олонх ч биш, кабинет (Засгийн газар) оршиж байдаг юм. Кабинет нь намын ялалтын шагнал, хувааж хүртэх бялуу. Бялууг хүртээхдээ эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй байх хэрэгтэй. Эс бөгөөс хэрүүлийн алим. Тиймээс сайд нарыг Ерөнхий сайд томилох, чөлөөлөх эрхтэй ч хэрэг дээрээ кабинетын суудлууд нь олонхийн эв нэгдэл, парламентын дэмжлэгийг хангах (худалдаж авах) хэрэгсэл юм. Тиймээс олонхийг хянахын тулд, парламентыг засаглахын тулд кабинетыг байгуулдаг гэж хэлж болно. Тиймээс кабинет нь намын боссууд болон тэдний тавиулуудаас буюу ерөнхий сайдын өөрийнх нь болон өрсөлдөгч фракцуудынх нь төлөөллөөс бүрдсэн “эвсэл”, “шуудайд хийсэн үхрийн эвэр” шиг юм байдаг учир хагарах, хуваагдахдаа ч хялбар байдаг. Чухам тийм ч учир хэнд ч ялагдашгүй мэт байсан Маргарет Тэтчер Жефф Хоуйг гомдоосноор унасан бол, Тони Блэйрийн кабинет Блэйр, Гордон Браун хоёрын “эвсэл/дажин” байсан бөгөөд эцэст нь Блэйр Браунд байраа тавьж өгөхөд хүрсэн юм. Нөгөө талаар кабинетын суудал бүгдэд хүрдэггүй учир байнга ээлжлэхээс өөр аргагүй болдог бөгөөд өнгөрсөн хугацаанд Английн Консерватив намын сайд нар дунджаар 28 сар, Лэйбор намынх дунджаар 24 сар тутамд солигдож иржээ. Кабинетын суудлууд нь үндсэндээ дээрх зарчмаар хуваарилагддаг учир мэдлэг, чадвар, туршлага орхигддог нь ойлгомжтой. Хэрэг дээрээ парламентын засаглал нь төрийн эрх мэдлийг ашиг сонирхлоороо харилцан бие биенээ барьцаалсан, дарамталсан, хамгаалсан намын олигархын (цөөхөн боссууд, эрх мэдэлтнүүд) мэдэлд өгдөг дэглэм, намын олигархын засаглал. Тиймээс парламентын засаглалыг дэмждэг бол “Хэдхэн цөөхөн дарга нар бүхнийг шийдэж байна!” гэж гомдоллох хэрэггүй.Жич, “Сайд нарын томилгооны эрх мэдлийг...Ерөнхий сайдад шилжүүлснээр” асуудлыг шийдчих мэтээр санах нь ч тун гэнэн хэрэг.
Үзэл санааны хувьд парламент нь ард түмэн-сонгогчдын төлөөлөл болж ард түмэн-сонгогчдын өмнөөс, тэдний төлөө, тэдний эрх ашгийг хуульчилж, мөн тэдний өмнөөс засгийн газрыг хянаж, тайлагнуулж, шахаж, шаардаж, шаардлагатай бол хариуцлага тооцож байх ёстой юм. Тийм ч учраас парламентад засгийн газрыг байгуулах, буулгах эрхийг өгсөн хэрэг. Чухам ийнхүү засгийн газрыг тогтмол хугацаагаар бус, харин түүний орших, эсэхийг парламентын дэмжих, эсэхэд үлдээдэг учир парламент(ын олонхийн) ч, Засгийн газрын ч эн тэргүүний зорилт нь Засгийн газраа хамгаалах явдал болж хувирдаг. Энэ нь парламентын засаглалыг өөрөө өөртөө үйлчилдэг дэглэм болгож хувиргадаг юм.
Намуудын өрсөлдөөнт улс төрийн орчинд Засгийн газрын орших, эсэх нь олонхийн хувьд засаглах эрх мэдлээ хадгалах, алдахын тухай асуудал. Засгийн газраа огцруулах нь намаа задлах улмаар засаглах эрх мэдлээ алдах аюул учир олонх Засгийн газраа хамгаалахаас өөр аргагүй байдалд ордог. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нь тэдний хувьд “огцруулахад дэндүү осолтой” зүйл болж хувирдаг. Тиймээс парламент(ын олонх) өөрсдийн байгуулсан Засгийн газраа хянах, шахах, шүүмжлэх бус харин хамгаалах, өмгөөлөх, дэмжих хэрэгтэй болдог. Угаасаа ч Засгийн газрыг байгуулах, хадгалахын тулд л парламентад тогтвортой олонх хэрэгтэй байдаг. Тиймээс парламентын олонх нь угаасаа л засгийн газартай хариуцлага тооцохын тулд бус харин түүнийг хамгаалж, хадгалахын тулд байдаг гэсэн үг. Тийм ч учир 1992 оны есдүгээр сарын 16-ны Лхагва гаригт Европын валютын арилжаагаар 3.4 тэрбум фунт стерлинг (зарим сурвалж 27 тэрбум гэдэг) алдаж Английн эдийн засгийг сүйрэлд хүргэсэн Жон Мэйжорын засгийн газар тэсэж үлдсэн юм. Парламент хууль тогтоогчийн хувьд ард түмний эрх ашгийг хамгаалах институц байсан авч засаглагчийн хувьд засгийн газраа хамгаалдаг, дэмждэг институц болдог. Чухам тийм учраас “Олонхоороо түрээ барьж хариуцлагагүй сайд нараа, засгийн газраа хамгаалж авч үлдлээ!” гэж сөрөг хүчин шүүмжилж байхад 17 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг 6 болтол живүүлсэн Н.Алтанхуягийн засгийн газар эрх баригчдын хувьд “огцруулахад дэндүү осолтой” байсан юм.
Нөгөө талаар, Засгийн газар ч өөрийгөө хамгаалахын тулд олонхоо хянах хэрэгтэй болдог. Угаасаа ч Засгийн газар олонхийг, парламентыг хянах, засаглахын тулд байгуулагддаг. Тиймээс ч улс төрийн эрх мэдэл, албан тушаал засгийн газрыг байгуулах, түүнийг хадгалах хэрэгсэл болж хувирдаг. Тиймээс ч Засгийн газар байгуулахын тулд сайдын албан тушаалыг “наймаалцдаг” төдийгүй засгийн газрынхаа бүтцийг томруулж “хахууль” бэлтгэх хэрэгтэй болдог юм. Улмаар засгийн газар олонхоо хянахын тулд дан ганц “захиргаадахгүй, дарамтлахгүй” бас аргадах, тал засах, шагнах, урамшуулах зэргээр олонхдоо, парламентдаа үйлчлэх хэрэгтэй болдог. Тиймээс парламентын засаглал нь парламент, Засгийн газар хоёр харилцан бие биенээ “худалдан авдаг”, “барьцаалдаг”, “дарамталдаг”, хамгаалдаг, харилцан бие биендээ үйлчилдэг дэглэм юм.
Мэдээж парламент, Засгийн газар өөртөө үйлчилнэ гэдэг нь эрх баригчид өөрсдөө өөрсддөө, эрх баригч намдаа үйлчилнэ гэсэн хэрэг. Үзэл санааны хувьд парламент нь ард түмэн-сонгогчдын төлөөлөл, бөгөөд тэдний эрх ашиг, хүсэл зоригийг төрийн хууль, шийдвэр болгож байх ёстой. Гэвч хэрэг дээрээ парламентын сонгууль нь намын сонгууль, парламентын улс төр нь намын улс төр, парламентын ялалт нь намын ялалт, парламентын засаглал нь намын засаглал, парламентын гишүүд нь намын гишүүд, парламент нь намын парламент, парламентын засгийн газар нь намын засгийн газар байдаг юм. Тийм учраас парламент, Засгийн газар хоёр бие биендээ үйлчилнэ гэдэг нь эрх баригч нам өөрөө өөртөө үйлчилж байна гэсэн хэрэг.
Түүгээр ч барахгүй парламентын засаглал нь парламентыг, парламентын гишүүдийг, засгийн газрыг намын удирдлага-ерөнхий сайддаа ч үйлчлэхэд хүргэдэг юм. Парламентын гишүүд нь “ард түмний элчийн” хувьд үзэл бодол, итгэл үнэмшлээ юунд ч хазаарлуулахгүйгээр чөлөөтэй илэрхийлэх боломжтой байх ёстой. Тийм ч учраас парламентын гишүүд нь парламентын хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгэндээ хуулийн хариуцлага хүлээх ёсгүй гэсэн парламентын халдашгүй эрхтэй байдаг. Гэвч намын лидер, “боссууд” нь засгийн газраа хамгаалахын тулд олонхоо “дарамталдаг” тул парламентын гишүүд нь хэрэг дээрээ намын бодлогоос гажиж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, намын бодлогыг шүүмжлэх, намын бодлогын эсрэг өөрсдийн итгэл үнэмшлээр саналаа өгөх боломжгүй болдог юм. Тухайлбал, Ерөнхий сайдыг огцруулахад үгүй гэсэн 30-ын хэд нь итгэл үнэмшлээрээ, хэд нь намын дарамтад захирагдсан бол. “Хулчгар” 10 яагаад хурал орхиход хүрэв. Намын дарамт, сахилгад захирагдаж итгэл үнэмшлийнхээ эсрэг санал өгөх, дарамтыг сөрөж хурал орхих хоёр их өөр асуудал. Ийнхүү намын лидер, “боссууд”, засгийн газрын дарамт, шахалтаас болж парламентын гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээ илэрхийлэх боломжгүй болсноор тэд сонгогчдодоо бус намын лидер, ерөнхий сайддаа үйлчилж улмаар ард түмэн-сонгогчдын төлөөлөл бус харин намын лидерийн, Ерөнхий сайдын төлөөлөл, түүний эрх ашгийг хамгаалагч болоход хүрдэг юм. Энэ нь хэрэг дээрээ нам нь ард түмэн-сонгогчдын төлөөллийг “барьцаалж”, нам нь ард түмэн-сонгогчдын байрыг булааж, намын эрх ашгийг ард түмний эрх ашгаас дээгүүрт тавих буюу намын эрх ашгийг ард түмний эрх ашиг болгох аюултай юм. Тиймээс парламентын засаглал “намын эрх ашиг уу, улс орны эрх ашиг уу” гэдэг асуудлыг байнга тулгаж байдаг бөгөөд харамсалтай нь манайд “Намын эрх ашгийг улс орны эрх ашгаас дээгүүр тавилаа!” гэдэг шүүмж тасардаггүй юм.
Парламентын засаглал нь шаардлагатай, хүссэн, эсвэл боломжтой үедээ засгийн газрыг огцруулах эрхийг/боломжийг парламентад (намын, фракцын боссуудад) өгснөөрөө гүйцэтгэх засаглалын хувь заяаг улс төрийн болон бусад олон хүчин зүйлийн мэдэлд үлдээдэг учир мөн чанараараа тогтворгүй засаглал. Засгийн газрын хувь заяа тухайн орны намын систем, сонгуулийн систем, сонгуулийн үр дүнд бүрэлдсэн парламентын бүтэц бүрэлдэхүүн зэрэг улс төрийн тогтолцоотой холбоотой хүчин зүйлсээс төдийгүй, эдийн засгийн хямрал, намын хүчирхэг боссуудын дургүйцэл, ерөнхий сайдын хариуцлагагүй үйлдэл зэрэг тохиолдлын шинжтэй зүйлсээс ч хамаардаг юм. Англи мэтийн хоёр намын системтэй, намын сахилга бат хатуутай, “мажоритар” сонгуультай улс оронд засгийн газар тогтвортой оршин тогтнодог бол Итали мэтийн олон намтай, пропорционал сонгуультай, эвслийн улс төр зонхилдог системд засгийн газар хурдан солигддог. Нэгэнт засгийн газар олон солигддог учир Засгийн газрыг шахаж, шаардаж ажиллуулах боломжгүйн дээр хариуцлага тооцох ч боломжгүй болдог. Хөгжиж байгаа, нийгмийн ялгарал ихтэй, нийгмийн итгэлцэл сул, авилгал, хээл хахууль газар авсан, улс төрчид нь албан тушаалын төлөө “улайрдаг” оронд парламентын Засгийн газар тогтвортой оршин тогтнох боломж улам хомс байх нь ойлгомжтой.
Парламентын засаглал нь гүйцэтгэх эрх мэдлийг Ерөнхийлөгчийн дэглэм шиг нэг хүний гарт бус харин парламент, ялсан намд өгдөг бөгөөд Ерөнхий сайд нь парламентын, олонхийн болон улс төрийн бусад лидерүүдийн дэмжих, эсэхээс хараат байдаг тул эрх мэдэл нэг хүний гарт төвлөрөх, авторитари дэглэмд шилжих боломж бага гэж үздэг. Гэвч чухам парламентын засаглал нь төрийн эрх мэдлийг хэсэг хүмүүсийн гарт өгдөг учир тэдний хооронд эрх мэдлийн төлөөх байнгын тэмцлийг бий болгодог. Улмаар уг тэмцэл нь нь улс төрийн тогтворгүй байдалд хүргэдэг төдийгүй чухам тийм тогтворгүй байдлын дундаас Муссолини, Гитлер мэтийн диктаторууд төрөн гарсан бөгөөд парламентын засаглал төрийн хазаарлагдаж, чөдөрлөгдөөгүй бүх эрх мэдлийг тэдний гарт төвлөрүүлж байсан гэдгийг мартаж болохгүй.
Нөгөө талд парламентын засаглал нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг парламентын, улмаар нэг улс төрийн хүчний гарт төвлөрүүлдэг учир улс төрийн гацаа түгжээ үүсгэдэггүй. Тиймээс улс орны хөгжил, дэвшилд шаардлагатай хууль, тогтоомж, бодлого шийдвэрүүдийг шуурхай баталж, хэрэгжүүлдэг гэж үздэг. Нэгэнт засгийн газар нь олонхоо хянаж парламентаа “ёсчлогч” болгосон нөхцөлд хүссэн хууль, тогтоомж, шийдвэрээ парламентаар гаргуулдаг нь үнэн. Гэхдээ парламентын дэглэмүүд Монголын дэглэмийн нэгэн адилаар гаргасан шийдвэрүүдээ төд удалгүй эргэн харж өөрчлөх нь түгээмэл байдаг гэдгийг дурдах хэрэгтэй.
Тиймээс хэрвээ та парламентын засаглалыг дэмждэг бол нам, намын боссууд, намын лидерийн засаглалыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Улмаар эрх баригчид өөрсдийн эрх ашгаа таны, улс орны эрх ашгаас дээгүүр тавихыг нь, төрийн албан тушаалыг наймаалцах, төрийн албыг томруулах, бие биендээ найр тавих, хамгаалах, хаацайлах, бие биенээ барьцаалах, дарамтлахыг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.Эрх мэдлээ булаалдан хөлөө жийлцэж улс төрийн хямралд хүргэж, улс орныг бусниулахыг нь ч тэвчих хэрэгтэй. Учир нь энэ бол парламентын засаглалын мөн чанар.
Ерөнхийлөгчийн засаглал: Эрх мэдлийн салгалт, хазаарлалт, тэнцвэржүүлэлт
Парламентын засаглал нь Англид хаант төрийн дор, түүхийн явцад бий болсон бол Ерөнхийлөгчийн засаглал нь Англиас тусгаар тогтнож, эрх чөлөөгөө олж авсан АНУ-д либерал ардчилсан засаглалын онол, философийн үндсэн дээр бүтээгдсэн юм. Ерөнхийлөгчийн дэглэмийн амин сүнс нь хуулийн засаглал буюу төрд хэн нэгэн (хаан, ерөнхий сайд), эсвэл хэсэг бүлэг (нам, эвсэл) бус харин хууль засаглаж байх ёстой гэдэг үзэл санаа юм. Тиймээс энэ үзэл санаа Ерөнхийлөгчийн засаглалын зохион байгуулалтын үндсэн зарчим болдог. Улмаар төрийн эрх мэдлийг үндсэн хуулиар хязгаарлаж, хувааж, хуваарилж, салгаж, хазаарлаж, тэнцвэржүүлж байж л үндсэн хуулийн, улмаар хуулийн засаглал тогтоож иргэний болон хүний эрх чөлөөг баттай хамгаалж болно гэж үздэг.
Тиймээс хүний халдашгүй эрхийг тунхаглаж (Bill of rights) Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг хязгаарлаад зогсохгүй түүнийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлүүдэд хувааж (division of powers) Конгресс, Ерөнхийлөгч, Дээд шүүхэд хуваарилдаг (distribution of powers). Улмаар Конгресс, Ерөнхийлөгч, Дээд шүүхийг харилцан хараат бус байхаар байгуулснаар төрийн эрх мэдлүүд нэг институцийн гарт төвлөрөхөөс сэргийлэн салгадаг (separation of powers). Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг харилцан бие биенээс нь хараат бус болгон салгахын тулд Конгресс, Ерөнхийлөгч хоёрыг ард түмэн өөрсдөө шууд сонгон байгуулдаг. Харин шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангахын тулд Дээд шүүхийн гишүүдийг Ерөнхийлөгч нэр дэвшүүлж сенат бүх насаар нь томилдог. Улмаар Конгрессын баталсан хуульд Ерөнхийлөгч хориг тавих, Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Конгресс гуравны хоёроор цуцлах, Ерөнхийлөгч болон гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг Конгресс хянаж, шалгах, Ерөнхийлөгчийг импийчмент (impeachment, парламентын шүүх гэсэн үг) хийх, Конгрессын баталсан хууль болон гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа Үндсэн хуульд нийцэхгүй бол дээд шүүх хүчингүй болгох зэрэг эрхийг тус тус олгож төрийн институцүүд харилцан бусдынхаа үйл ажиллагаанд оролцон хазаарлах, тэнцвэржүүлэх (checks and balances) механизмыг суулгадаг. Чухам ийнхүү төрийн эрх мэдлийг 1) хязгаарлаж, 2) салгаж, 3) харилцан хазаарлан, тэнцвэржүүлснээр төрийн эрх барих байгууллагууд үндсэн хуулийн хүрээнд өөр өөрсдийн эрх мэдэл, үүргээ хараат бусаар бие даан хэрэгжүүлэх боломжтой болдог төдийгүй, харилцан бие биенээ хазаарлан, тэнцвэржүүлснээр аль нэг институц нь хүчирхэгжин төрийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлэн улмаар төрд нэг институц, нэг субъект засаглах боломжийг хаaдаг. Чухам ингэж байж төрд Үндсэн хууль, улмаар хууль засаглах боломжтой болгодог байна.
Нэгэнт гүйцэтгэх засаглалыг ард түмний шууд, тогтмол хугацаагаар сонгосон Ерөнхийлөгч тэргүүлдэг учир уг засаглалыг парламентын засаглалаас ялгаж Ерөнхийлөгчийн засаглал гэж нэрлэсэн аж. Ерөнхийлөгчийн гэж нэрлэдэг ч ард түмэн хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалаа хоёуланг нь өөрсдөө шууд, тогтмол хугацаагаар сонгон байгуулдаг юм. Түүнээс биш парламентын засаглалд парламент Засгийн газрыг, эсвэл хаант засаглалд хаан парламентыг томилон байгуулдаг шиг Ерөнхийлөгч парламентыг байгуулдаггүй юм. Тиймээс Ерөнхийлөгчийн засаглал гэдэг нэршил нь тийм ч оновчтой биш. Харин ч хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалыг ард түмэн өөрсдөө шууд сонгон байгуулдаг учир судлаачид ард түмэн эзэн эрхээ (popular sovereignty) бодитойгоор хэрэгжүүлдэг засаглал гэж үзэх нь бий.
Ерөнхийлөгч болон Конгрессыг сонгогчид шууд сонгон байгуулснаар ард түмэн төрийн эрх барих эрхээ шууд хэрэгжүүлж байгаа төдийгүй хамгийн чухал нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлүүдийг бодитойгоор салгаж, тэдний хооронд харилцан бие биендээ эсрэгцэх, бие биенээ хазаарлах, тэнцвэржүүлэх харилцааг үүсгэдэг юм. Ард түмэн Конгресс болон Ерөнхийлөгчийг шууд сонгосноор хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалууд нь тус тусдаа ардчилсан легитим үндэстэй бие даасан институцүүд болдог. Нэгэнт сонгогчид парламент болон ерөнхийлөгчдөө өөрсдөө, шууд сонгодог учир парламент, ерөнхийлөгч нар нь хэн нэгнийхээ өмнө хариуцлага хүлээх, хэн нэг нь нөгөөгөө огцруулах, тараах эрхгүй болдог. Харин ард түмэн парламент, Ерөнхийлөгч хоёртой хариуцлага тооцохын тулд тэднийг тогтмол хугацаагаар сонгодог бөгөөд тогтоосон хугацааны эцэст сонгууль явуулан хариуцлага тооцож сайн бол сунгаж муу бол буулгадаг. Ийнхүү парламент, Засгийн газар хоёрыг байгуулах, буулгах эрхийг ард түмэн өөртөө хадгалснаар хууль тогтоох, гүйцэтгэх засаглалуудыг бүрэн салгаж бие даасан болгодог юм.
Энэ нь хаант засгийн үед хаан нь парламентаа байгуулах эсвэл, парламентын засаглалд парламент нь Засгийн газраа байгуулах ёсыг устгаж улмаар эдгээр институцүүдийн хоорондын үүсдэг “эзэн албатын” (sovereign and servant, principal and agent) харилцааг халж ард түмэн өөрсдөө эзэн (sovereign) нь болж байгаа хэрэг юм. Ингэснээр парламент, Засгийн газар хоёр харилцан хараат болох, хутгалдах, сүлбэлдэх (парламентын гишүүд засгийн газрын гишүүд болох), харилцан бие биенээ хамгаалах, “барьцаалах”, “дарамтлах”, харилцан бие биендээ үйлчлэх, улмаар төрийн бүх эрх мэдэл хэсэг бүлгийн эсвэл хэн нэгний гарт төвлөрөх (олонх нам, кабинет, ерөнхий сайд) явдлыг устдаг юм. Төрийн эрх мэдлийг салгах онол нь чухам энэ зорилгоор бүтээгдсэн бөгөөд ерөнхийлөгчийн гэж нэрлэгддэг засаглал нь чухам энэ онол дээр бүтээгдсэн тогтолцоо, түүний биелэл билээ.
Төрийн эрх мэдлийг салгах зарчим нь төрийн эрх мэдэл нэг субъектийн (хааны эсвэл парламентын) гарт төвлөрөх явдлыг халдаг юм. Энэ нь парламентын засаглалтай манайх шиг улс орны хувьд бол парламентын, олонхын, кабинетын, ерөнхий сайдын засаглалыг хална гэсэн үг. Энэ нь парламентыг хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг төвлөрүүлсэн засаглагч институц байхыг, парламентыг олонхын дарангуйллын, намын засаглалын, кабинет-ерөнхий сайдын диктатурын хэрэгсэл байхыг хална гэсэн үг. Энэ нь Засгийн газрыг парламентын “гүйцэтгэх хороо” (executive committee), парламентыг Засгийн газрын “ёсчлогч” байх явдлыг хална гэсэн үг. Энэ нь парламентыг жинхэнэ утгаар нь ард түмний төлөөлөл, хууль тогтоох институц, Засгийн газрыг ард түмний төлөөлөл болсон парламентын гаргасан хуулийн дор ажилладаг гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг институц болгоно гэсэн үг. Тиймээс төрийн эрх мэдлүүдийг салгана гэдэг нь төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалуудыг бие даасан, тусгаар тогтносон институцүүд болгож, төрийн эрх мэдлүүд нэг субъектийн гарт төвлөрөх, улмаар нэг субъектийн засаглал тогтдог ёсыг халж байгаа хэрэг юм.
Нэгэнт Засгийн газар нь парламентаас тусдаа байгуулагдаж, тусдаа оршин тогтнодог учир парламент нь засаглагч институц байхаа больж, улмаар парламент(ын олонх) нь Засгийн газрыг байгуулах, дэмжих албагүй болсноор парламент(ын олонх) Засгийн газрыг хамгаалах, дэмжих, улмаар Засгийн газрынхаа хараанд орж, түүний бодлого шийдвэрийг “ёсчлогч” байхаа бүрмөсөн больж, үнэн хэрэг дээрээ парламент намын, Засгийн газрын, Ерөнхий сайдын эрхшээл, дарангуйллаас чөлөөлөгддөг юм. Мэдээж хууль тогтоох гүйцэтгэх засаглалыг ингэж салгаснаар УИХ, Засгийн газар хоёр харилцан бие биенээ барьцаалдаг, дарамталдаг, халхалдаг, хамгаалдаг асуудал устахын дээр Засгийн газар байгуулах, хадгалахын тулд УИХ-д байнгын олонх бүрдүүлэх асуудал устаж түүний хамтаар манай зарим эрхэм гишүүдийн хүсээд байгаа “УИХ-д бүлэглэл, фракц төрж Засгийн газрыг хүчгүйдүүлэх, төр улсыг тогтворгүйжүүлэх” явдал бүрмөсөн устаж алга болох нь ойлгомжтой.
Ингэснээр парламент нь засгийн газрын эрхшээл, дарангуйллаас ангижирч, бүрэн бие даасан, ард түмэн-сонгогчдын эрх ашгийн төлөөлөл, хууль тогтоогч засаглал болж гүйцэтгэх засаглалыг хянах, хазаарлах, тэнцвэржүүлэх институц болдог. Парламент Засгийн газрыг байгуулах, дэмжих үүрэггүй болсноор парламент байнгын олонхтой байх шаардлагагүй болж, улмаар парламент олонх ба цөөнх эсвэл эрх баригч ба сөрөг хүчин гэж талцах шаардлагагүй болдог. Ингэснээр парламент аливаа асуудалд олонх ба цөөнх эсвэл эрх баригч ба сөрөг хүчний байр суурьнаас талцан хандах шаардлагагүй болдог. Ингэснээр парламент, парламентын гишүүд олонх ба цөөнхийн засаглалаас чөлөөлөгдөж гишүүн бүхэн аливаа асуудалд өөрсдийн тойргийн болон улс орны эрх ашгийн үүднээс, өөрсдийн итгэл үнэмшлийн үүднээс хандах боломжтой болж парламент жинхэнэ утгаараа хууль тогтоогчдын коллеги болох боломжтой болдог юм. Чухам ийнхүү парламент засгийн газрыг дэмжих үүрэггүй болсноор 1) гүйцэтгэх засаглалаас төдийгүй, 2) өөрийн доторх олонх, цөөнхийн жанчлалаас чөлөөлөгдсөнөөрөө гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг ард түмэн сонгогчдын өмнөөс хянах, шүүх, гүйцэтгэх засаглалын санал болгосон аливаа хууль тогтоомж, бодлогыг ард түмний эрх ашгийн үүднээс шүүн тунгааж, няцаах, зөвшөөрөх үүргээ хараат бусаар хэрэгжүүлдэг жинхэнэ хууль тогтоох институц болдог. Тийм ч учир Конгрессыг ардчилсан хариуцлага тооцох (democratic accountability) институц гэж хардаг. “УИХ засгийн газраа хянаж чадахаа болилоо!”, “УИХ засгийн газар хоёрын байр суурь алдагдчихаад байна!”, “УИХ гишүүдийг хууль тогтоогчийнх нь хувьд л сонгосон! Давхар дээлийг тайлах ёстой!”, УИХ “гүйцэтгэх засаглалдаа хөндлөнгийн хяналт тавих эрх мэдлийн зөв хуваарилалттай болох” нь зүйтэй зэрэг олон шүүмж, тунхаг нь чухам ийм парламентыг хүсэж байгаагийн илрэл юм.
Чухам парламент нь ардчилсан хариуцлага тооцох институц учир Конгресс нь хууль тогтоох, Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн хуулийн төслийг буцаах, Ерөнхийлөгчийн хүссэн санхүүжилтийг ч олгохгүй байх, Ерөнхийлөгчийн хоригийг няцаах, мөн Сенат нь Ерөнхийлөгчийн кабинет болон Дээд шүүхэд нэрийг нь дэвшүүлсэн хүмүүсийг дэмжихгүй байх, Ерөнхийлөгчийн байгуулсан гэрээ, хэлэлцээрийг нь хянах, батлахгүй байх, Ерөнхийлөгчийн хоригийг цуцлах, Ерөнхийлөгч, Засгийн газрын үйл ажиллагааг хянаж, шалгах, Ерөнхийлөгчийг болон кабинетын хэнийг ч импийчмент хийж огцруулах зэрэг эрх мэдлүүдийг хэрэгжүүлж гүйцэтгэх засаглалыг хянаж, хазаарлаж хариуцлагатай байлгадаг юм.
Төрийн эрх мэдлийг салгах нь гүйцэтгэх засаглалын (засгийн газрын) ноёрхлыг (executive domination) устгаж, засгийн газрыг ард түмний төлөөлөл болсон парламентын тогтоосон хуулийн дор ажилладаг гүйцэтгэх институц болгоно гэсэн үг. Нөгөө талаар гүйцэтгэх засаглал ч гэсэн парламентын улс төрөөс ангижирч тогтвортой, тууштай ажиллах боломжтой болдог юм. Нэгэнт Ерөнхийлөгчийг тогтмол хугацаагаар сонгодог учир гүйцэтгэх засаглал Ерөнхийлөгчийн сонгуульт хугацаанд тогтвортой оршин тогтнох нөхцөлөөр хангагддаг. Нэгэнт тогтвортой байдлаар хангагдсан учир Засгийн газар сонгуульт хугацаандаа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө аливаа нөөц, цаг хугацаагаа дайчлан ажиллах боломжтой байдаг. Улмаар сонгуульт хугацааны төгсгөлд сонгогчдын хувьд “тооцоо бодох эзэн” ч тодорхой байдаг. Тиймээс гүйцэтгэх засаглал тогтвортой, хариуцлагатай байдаг.
Ард түмэн Ерөнхийлөгчийг сонгож түүнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг олгодог учир Ерөнхийлөгч Засгийн газраа бүрдүүлэх эрхийг бүрэн эдэлж, хариуцлагыг нь ч бүрэн үүрдэг. Засгийн газрын гишүүдээ томилох, чөлөөлөх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрх тул кабинетын гишүүд зөвхөн Ерөнхийлөгчийн өмнө ажлаа хариуцаж, тайлагнаж, хариуцлага хүлээдэг. Гэхдээ Ерөнхийлөгч өөрийн дураар, хүссэн нэгнээ засгийн газрын гишүүнээр томилох боломжгүй. Ерөнхийлөгч засгийн газрын гишүүдээ сенатын зөвлөгөө, зөвшөөрөтэйгээр (with the advice and consent of the senate) л томилдог. Тиймээс Ерөнхийлөгч мэдлэг, чадвар, туршлага, ёс суртахууны хувьд сенатын шалгуурт тэнцэхүйц, сенатын итгэл, дэмжлэгийг авч чадахуйц хүмүүсийг л засгийн газрын гишүүнд дэвшүүлэхээс өөр аргагүй болдог. Сенатын зөвлөгөө, зөвшөөрөл нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг тодорхой хэмжээгээр хазаарлаж байгаа хэрэг төдийгүй, засгийн газар өндөр мэдлэг, чадвар, туршлага, ёс суртахуунтай хүмүүсээс бүрдэх явдлыг баталгаажуулж байгаа хэрэг юм. Гэхдээ конгрессын гишүүн гүйцэтгэх засаглалын албан тушаал хаших ёсгүй учир конгресс хэн нэгнийг ерөнхийлөгчтэй наймаалах тухай асуудал ч үүсэх боломжгүй байдаг.
Үнэхээр ч гүйцэтгэх эрх мэдэл ерөнхийлөгчийн бүрэн эрх мэдэл, хариуцлагад байдаг учир засгийн газраа бүрдүүлэхийн тулд ерөнхийлөгч парламентын олонхыг бүрдүүлэх, парламентын нам, эвсэл, фракц, гишүүдтэй эвсэх, тохиролцох, наймаалцах, тэдний дэмжлэгийг байнга хангаж ажиллах зэрэг парламентын засаглалд байдаг хүндрэлүүдтэй тулгардаггүй. Энэ нь ерөнхийлөгчид засгийн газраа хангалттай мэдлэг, чадвар, туршлагатай хүмүүсээр бүрдүүлэх боломжийг ч олгодог юм.Ерөнхийлөгч ч засаглал, мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд кабинетаа мэдлэг, чадвар, туршлагатай хүмүүсээр бүрдүүлэхийг хичээх нь ойлгомжтой.Энэ бүхэн нь засгийн газрыг өндөр мэдлэг, чадвар, туршлага, ёс суртахуунтай хүмүүсээс бүрдүүлэх нөхцөл болж өгдөг.Тиймээс АНУ-ын ерөнхийлөгч нар засаг захиргаагаа байгуулахдаа улс төрчдөөс гадна төрийн албан хаагчид, эрдэмтэд, судлаачид зэрэг төрөл бүрийн хүмүүсийг томилох нь түгээмэл байдаг.Нэгэнт мэдлэг, чадвар, туршлага, ёс суртахууныг тэргүүнд авч үздэг учир өөр намын хүмүүсийг ч томилох нь цөөнгүй байдаг.Ерөнхийлөгчийн засаглал нь парламентын засаглал шиг намын засаглал биш учир эрх баригч болон сөрөг хүчин гэсэн хуваагдал байдаггүй учир ерөнхийлөгч нь өөр намын хүнийг засгийн газрын гишүүнээр томилох боломжтой байдаг. Ер нь ерөнхийлөгчийн засаглал нь намын засаглал биш учир засаг захиргааны албан тушаалд томилох хамгийн тэргүүний шалгуур нь мэдлэг, чадвар, туршлага, ёс суртахуун байдаг учир улс төрч бус, болон өөр намын хүмүүст нээлттэй байдгаараа парламентын системтэй харьцуулбал илүү меритийн шинжтэй, илүү нийт үндэсний шинжтэй төдийгүй чадварлаг засаг захиргааг бүрдүүлдэг юм. Тиймээс “Давхар дээлийг тайл!”, “Мэргэжлийн засгийн газар байгуулъя!”, “УИХ сайд нарын томилгоогоор барьцаалан Засгийн газрын ажилд хутгалдах”-ыг таслан зогсоох зэрэг шүүмж, шаардлагууд нь гүйцэтгэх засаглалыг чухам ийм байхыг л хүсэж байгаагийн илрэл юм.
Нөгөө талаар ерөнхийлөгч нь конгрессын баталсан хуульд хориг тавих замаар хууль тогтоох засаглалын хэтэрхий ноёрхол тогтохоос хазаарлан сэргийлдэг юм. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг конгрессын хоёр танхим хоёулаа тус тусдаа гуравны хоёроор эсэргүүцэж байж цуцлах ёстой бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч нар нийтдээ 2564 хориг тавьсны дөнгөж 110-ыг нь л конгресс цуцалсан байдаг учир ерөнхийлөгчийн хориг ихээхэн хүчирхэг эрх мэдэл билээ.
Ийнхүү хууль тогтоох, гүйцэтгэх засаглалууд бие даасан, харилцан бие биенээсээ хараат бус институцүүд болсноор хууль тогтоох, гүйцэтгэх засаглалууд нь харилцан “эсрэгцсэн”, харилцан бие биенээ хянадаг, хазаарладаг, тэнцвэржүүлдэг институцүүд болж хувирдаг.Тийм ч учир ерөнхийлөгчийн засаглалыг шүүмжлэгчид ерөнхийлөгчийн засаглал нь парламентын буюу ерөнхий сайдын засаглалыг бодвол хүч муутай засгийн газрыг бий болгодог, ерөнхийлөгч, парламент хоёр харилцан бие биенээ хазаарлаж, чөдөрлөөд харилцан бие биенийхээ хүчийг сулруулдаг гэж шүүмжилдэг.Мөн ерөнхийлөгч, парламентын олонх хоёр өрсөлдөгч улс төрийн хүчний мэдэлд байгаа нөхцөлд гацаа, түгжээ үүсгэдэг гэж ч шүүмжилдэг.Төрийн институцүүд нэг нэгнийгээ хазаарлана гэдэг нь нэг нэгнийхээ хүчийг сулруулах гэхээс илүү нэг нь бусдыгаа давамгайлах, улмаар төрийн эрх мэдлийг нэг институц, нэг субъектийн гарт төвлөрүүлэхээс л сэргийлж байгаа хэрэг.Мэдээж бүх эрх мэдлийг кабинетын гарт төвлөрүүлдэг парламентын засаглалтай харьцуулбал, ерөнхийлөгч хэзээ ч парламентаа “ёсчлогч” болгож чаддаггүй учир парламентын кабинеттай харьцуулбал ерөнхийлөгчийн кабинет хүчтэй биш.Гэвч засаглалыг хуваах зарчмын зорилго нь хүчтэй төр бус харин хүний эрх эрх чөлөөг тогтвортой хамгаалдаг, хуулийн засаглал тогтоодог эрх зүйт төрийг байгуулах явдал.Нөгөө талаар гацаа, түгжээ бүхэн муу үр дагавар гэсэн хэрэг биш, энэ нь оршин байгаа байдлыг хэвээр нь үлдээнэ л гэсэн хэрэг.Нөгөө талд өөрчлөлт болгон дандаа сайн зүйл биш гэдэг нь ойлгомжтой.Дутуу дулимаг бодож, төлөвлөсөн, улс төр, эдийн засгийн түр зуурын нөхцөл байдлаас улбаатай харалган өөрчлөлтүүд хийгдэх явдал парламентын дэглэмүүдэд түгээмэл байдаг.
Гүйцэтгэх эрх мэдэл ард түмнээс шууд, тогтмол хугацаагаар сонгогддог, тиймээс парламентын, намын, улс төрийн бусад лидерүүдийн дэмжих, эсэхээс хараат бус бөгөөд хууль зөрчсөн нь импийчментээр тогтоогдохоос бусад тохиолдолд огцруулах боломжгүй субъект болох ерөнхийлөгчид, өөрөөр хэлбэл, улс төрийн намд биш нэг хүний эрх мэдэл, хариуцлагад очдог учир судлаачид ерөнхийлөгчийн засаглалыг 1) нэг хүний авторитари дэглэм үүсгэх магадлалтай, 2) ажил үүрэгтээ үл тэнцэх, чадваргүй ерөнхийлөгчийг солиход бэрх гэж үздэг бөгөөд манай улс төрчдийн дунд ч ийм болгоомжлол түгээмэл байдаг. Гэвч өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль шиг мэдлэг, чадвар, туршлага, ёс суртахууны өндөр сорил, сонголт хаана ч байхгүй.Ерөнхийлөгч намаасаа нэр дэвшихийн тулд сунгаа буюу урьдчилсан сонгууль (primary) улмаар ерөнхийлөгч болохын тулд ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах хэрэгтэй байдаг.Ийм давхар давхар сонгуульд ажил үүрэгтээ үл тэнцэх, чадваргүй хэн нэгэн ялалт байгуулах боломжгүйн дээр, ерөнхийлөгчийн кабинет нь мэдлэг, чадвар, туршлага, ёс суртахууны шалгуурыг давсан хүмүүсээс бүрэлддэг учир ажил үүрэгтээ үл тэнцэх ерөнхийлөгч сонгогдох тухай шүүмжлэл нь тун үндэс муутай юм.Харин ч парламентын системд засгийн газрын тэргүүнийг тодруулахад ард түмэн-сонгогчдын оролцоо байхгүй учир хэрэг дээрээ намын (фракцын) хүчирхэг боссууд харилцан бие биенээ хүлээн зөвшөөрч чадахгүйн улмаас хөшигний ард хуйвалдаж хэн хэнийхээ эрх ашигт хал багатай дундыг барьсан сулхан этгээдийг ерөнхий сайдаар тавих нь түгээмэл байдаг билээ.
Түүнчлэн авторитарийн дэглэмийн тухай болгоомжлол нь ч үндэс муутай.Учир нь 1) засаглалыг хуваах зарчмын улмаас ерөнхийлөгч хууль тогтоох, болон шүүх засаглалд хяналтаа тогтоох боломжгүйн дээр 2) засаглалыг харилцан хазаарлан, тэнцвэржүүлэх механизмын улмаас ерөнхийлөгчийн кабинетын томилгооноос эхлээд гүйцэтгэх засаглалын аливаа үйл ажиллагаа нь парламент, дээд шүүх хоёрын хараа, хяналт дор явагддаг.Харин ч парламентын тогтолцоо нь эрх мэдлийг төвлөрүүлдэг төдийгүй, нэг хүчин, нэг субъектийн гарт өгдөг учир авторитари дэглэм үүсгэх магадлал өндөртэй.Гэхдээ гүйцэтгэх засаглалын тэргүүнийг нь ерөнхийлөгч гэж нэрлэдэг засаглалын систем болгон ерөнхийлөгчийн засаглал биш гэдгийг ойлгох хэрэгтэй.Ерөнхийлөгч нэртэй янз бүрийн түүний дотор диктаторын засаглалууд ч байдаг гэдгийг үгүйсгэхгүй. Мэдээж парламентын нэртэй диктаторын засаглалууд ч зөндөө байсан бөгөөд 20-иод жилийн өмнөх Монголын дэглэм ч энэ төрлийн дэглэм байсан билээ. Ерөнхийлөгчийн засаглал гэж хуулийн засаглал, төрийн эрх мэдлийг хязгаарлах, салгах, харилцан хазаарлах, тэнцвэржүүлэх зарчмуудын шаардлагуудыг биелүүлсэн, тийм зарчмуудын биелэл болсон АНУ-ын засаглал шиг л тогтолцоог ойлгож байгааг онцлон тэмдэглэх хэрэгтэй.
Уншигч та энэ хүртэл уншсан бол парламентын болон ерөнхийлөгчийн засаглал, улмаар Монголд оршиж байгаа дэглэмийн мөн чанарын талаар тодорхой ойлголттой болсон болов уу гэж найдаж байна. Улмаар Монголын олон нийтийн, түүний дотор ялангуяа УИХ-ын гишүүд, Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, нийгэм улс төрийн бусад зүтгэлтнүүд, судлаачдын хүсээд, шаардаад байгаа зүйл, зарчим, шаардлагууд нь парламентын буюу Монголд эдүгээ оршиж байгаа дэглэмийн үед хэрэгжих боломжгүй юм байна гэдгийг анзаарсан байх гэж найдаж байна.
Түүгээр ч барахгүй засгийн газрын гишүүдийг томилох эрхийг ерөнхий сайдад шилжүүлэх, ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болгох, тэр ч байтугай ерөнхий сайдад парламентыг тараах эрх өгөх зэргээр “парламентын засаглалаа улам төгөлдөржүүлэх” нь кабинетын гарт эрх мэдлийг улам бүр төвлөрүүлэхээс бус засгийн газрын тогтвортой байдлыг сайжруулахгүй харин ч нэмээд УИХ байнга тардаг болох юм байна гэдгийг ойлгож байгаа байх. Нөгөө талаар кабинетын эрх мэдлийг нэмэгдүүлснээр парламент улам бүр “ёсчлогч” болж, засгийн газраа хянах, түүнтэй хариуцлага тооцох тухай асуудал улам бүр хомстох юм байна гэдэг ч илэрхий байгаа байх. Улмаар Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болбол УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг багахан ч гэсэн “хазаарлаж, тэнцвэржүүлж” байгаа сүүлчийн институц алга болж Засгийн газар, УИХ юу хүссэнээ хуульчлах болно гэдгийг гүн гүнзгий ойлгох хэрэгтэй. Тийм нөхцөлд өнгөрсөн хавар шуугиан тарьсан газрын, эсвэл эдийн засгийн өршөөлийн тухай зэрэг маргаантай хууль, тогтоомжуудад хориг тавих институцгүй болно, тэгснээрээ дор хаяхад парламент хориг тавигдсан хууль, тогтоомжийг дахин авч хэлэлцэхэд ядахдаа цөөнх хүртэл шийдвэрлэх байр суурьтай оролцох боломж ч устах болно гэдгийг гүн гүнзгий ухамсарлах хэрэгтэй.
Харин түүний оронд чухам яагаад улс орны улс төр, засаг захиргаа, эдийн засгийн амьдралыг өдөр тутам удирддаг гүйцэтгэх засаглалын тэргүүнээ Монголын ард түмэн өөрсдөө шууд сонгож болдоггүй юм бэ гэж асуух хэрэгтэй бус уу. Тэр тусмаа өнгөрсөн хориод жилд 4 ерөнхийлөгчийг сонгоод, ажиллуулаад болоод ирсэн ард түмэн яагаад гүйцэтгэх засаглалын тэргүүнээ өөрсдөө шууд сонгож болохгүй гэж? Хэрвээ ард түмний сонгосон ерөнхийлөгчид гүйцэтгэх засаглалаа тэргүүлж байсан бол эрх мэдлийн төлөө байнга улайран тэмцэлддэг намын хэдэн боссуудын тэмцлийн төлөө Монгол улс 14 дэх ерөнхий сайдаа томилох гээд “хэрэлдээд” сууж байх байсан уу? Энэ бүхэн ард түмэн, татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлэгдэж, улс орны хөгжлийг хойш татдаггүй бус уу?Үнэхээр л ардчилсан засаг байгуулах санаатай юм бол яагаад ард түмэнд гүйцэтгэх засгаа сонгон байгуулах эрхийг нь өгөхгүй байгаа юм бэ гэж асуух хэрэгтэй бус уу.
Үнэхээр л “намын дээр төр байх” ёстой бол, үнэхээр л УИХ нь Засгийн газраа хянаж, шалгаж, шахаж ажилладаг байхыг хүсэж байгаа бол, үнэхээр л “Засгийн газар УИХ-ынхаа дээр гарч суучхаад байгааг” тэвчихгүй байгаа бол, үнэхээр л тогтвортой гүйцэтгэх засаглалыг хүсэж байгаа бол, үнэхээр л мэдлэгтэй, чадвартай, туршлагатай, ёс суртахуунтай хүмүүсээс бүрдсэн чадварлаг “мэргэжлийн засгийн газар” байгуулахыг хүсэж байгаа бол парламентын засаглалаа төгөлдөржүүлнэ гэхээ болих хэрэгтэй нь илэрхий бус уу. Юу ярьж байгаагаа мэддэггүй хэрэг үү эсвэл гоё ярьж ард түмнийг мэхлэхийг оролддог хэрэг үү?Хэн ер нь Монголын ард түмэнд гүйцэтгэх засгийн тэргүүнээ өөрсдөө шууд сонгох эрхийг өгөхийг хүсэхгүй байна вэ?Хэн энэ эрхийг зөвхөн өөрсддөө хадгалахыг хүсэж байна вэ?Хэн Монголд парламентын засаглал байх ёстой гэж зүтгэж байна вэ?Хэн өнөөдөр гүйцэтгэх засаглалын тэргүүнийг хэрхэн, яаж тодруулж байгаа билээ?Уншигч та энэ асуултуудад хариулаад үз.Тэгээд дараа нь хэн гүйцэтгэх засаглалын тэргүүн байхыг яагаадби, бид, бидний Монголын ард түмэн бус харин намын цөөхөн эрх мэдэлтнүүдшийддэг байх ёстой юм бэ гэж асуугаад үз. Тэгээд сонголтоо хий!
Др. Л.МӨНХ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл (17)