Эрүүл мэндийн дэд сайд асан, анагаах ухааны доктор Ж.Амарсанаа ТРАНС ТОС-ны эсрэг тууштай тэмцэж буй ч эл хорт хүнсийг хэрэглээнээс шахаж гаргана гэдэг амаргүй даваа бололтой. Тэрбээр эрх баригчид хийгээд холбогдох албаныхан транс тосны хэрэглээг хумьж, ард түмнийхээ эрүүл мэндэд анхаарал тавихгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ албан ёсоор мэдэгдсэн байна.
Эл хорт хэрэглээг буруулах, хэрэглээнээс шахан гаргахаар тэмцэж буй тэрбээр:
“ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧИН нас баралтын тэргүүн шалтгаан болоод удаж байна. ТРАНС ТОС-ны хэрэглээг бууруулах нь хамгийн эхний алхам байх ёстой. Гэтэл манай үндэсний 127 хүнсний үйлдвэр транс тостой бүтээгдэхүүн үйлдвэрлэж, импортоор жилд 2749 ТОНН транс тос оруулж хүнсэнд хэрэглэж байна. Цус харвалт, даралт ихсэлт, зүрхний шигдээс, дутагдлаар ямар олон хүн залуугаараа хорвоог орхиж байнаа!!! Хүнс хөдөө аж ахуйн яам, хил гааль, засаг төр яагаад арга хэмжээ авахгүй байнаа???
Хэзээ болтол бид өөрийн эрхгүй ХОР идэж амьдрах болж байнаа?!
Иргэд нь ҮХЭЭД ДУУСАХЫГ хүлээгээд байгаа юм уу!?
Хүнсний үйлдвэрүүд транс тосоо нуугаад, шошгон дээрээ “цөцгийн тос“ гээд улаан цайм худлаа бичээд эхэллээ шүү дээ. Юу идэж байгаагаа ард түмэн бидэнд МЭДЭХ ЭРХ БАЙХГҮЙ ЮУ???
Сургууль цэцэрлэгүүд хүртэл ХҮҮХДҮҮДЭД МААНЬ транс тос өгч байна!!!
Энэ асуудалд анхаарахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.
Түүний эл мэдэгдэл, өмнө нь хэлж ярьж, анхааруулж байсан бүхнээс үзэхэд транс тос Монголчуудын эрүүл мэндэд сөрөг нөлөөгөө аль хэдий үзүүлж, үхлийн харанга дэлдээд эхэлж. Гэвч ард түмнийхээ эрүүл энхийн манаанд зогсох тангараг өргөсөн, Төрийн өндөр албан тушаалд томилогдсон Эрүүл мэндийн сайд энэ талаар “А” гэх авиа гаргахгүй таг чиг хэвээр. Хүнсний аюулгүй байдалд хяналт тавих ёстой байгууллагынхан ч чимээгүй. Ийн ус балгасан мэт чимээгүй оршсон төрийн байгууллагуудын чихэнд хонх уях зуур хичнээн хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлж, хичнээн хүүхдэд хожмын өвчний суурь болж байгааг хэлж мэдэхгүй нь. Ямартай ч транс тосны хэрэглээ хүнсний аюулгүй байдлын хил хязгаарыг давж хүн ардын эрүүл мэндэд өвчний аюул, үхлийн аюул учруулж байна.
Энэ нь үйлдвэрийн аргаар гаргаж авсан тос бөгөөд шингэн тосыг тасалгааны хэмд хайлахааргүй хатуу масло, маргарин зэрэг бүтээгдэхүүн болгосныг транс тос гэдэг байна. ДЭМБ-ийнхан энэ тосны талаар анх удаа зөвлөмж гаргахдаа хүн өдөрт хоёр граммаас илүү транс өөх хэрэглэхгүй байхыг уриалж байсан аж. Харин хожим нь буюу 2009 оноос хойш транс өөхийг хоол хүнсэндээ огт хэрэглэхгүй байхыг уриалсан боловч зарим улс оронд ТРАНС ТОС-ыг хэрэглэсээр байгаа юм.
Баруун Европ болон Өрнөдийн томоохон гүрнүүдэд энэ тосыг хэрэглэхгүй байхыг ард иргэддээ уриалж бас хориглодог. Гэтэл манай улсад транс тосны хэрэглээ ямар ч хяналтгүйгээр өргөжин тэлж байна. Асар хямд үнээр орж ирсэн транс тос иргэдийн хувьд өдөр тутмын хэрэглээ болоод хэвшчихэж. Тиймдээ ч зүрх судасны өвчин элбэгшиж, эл өвчин нас баралтын тэргүүн шалтгаан болоод байгаа аж.
Нас баралтын шалтгаанаар нь ангилж жагсаавал
Нэгдүгээрт, зүрх судасны өвчин
Хоёрдугаарт, хорт хавдар орж байна.
Зүрх судасны өвчнөөр нас барж байгаа шалтгааныг судлахад буруу хооллолт, амьдралын буруу хэв маягаас дийлэнх нь үүдэлтэй гэдгийг тогтоосон байна. Үүнд транс тосны замбараагүй хэрэглээ дээгүүрт орно. Гэвч транс тосны хэрэглээг хязгаарлах, хориглох арга хэмжээг холбогдох байгууллагынхан авахгүй, иргэдэд транс тосны талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байгаагаас транс тосны хэрэглээ өндөр хэвээр байгаа юм.
Транс тос хүний биед орсон л бол гарахдаа амаргүй аж. Хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа бодисын солилцоонд гацаа үүсгэдэг төдийгүй үүнээс үүдэж судас нарийсч, даралт ихсэх, харвалт өгөх, цусан хангамжийн дутагдал, шигдээс өвчин их тохиолддог байна.
Өвчний гол суурь нь судас бөглөрөх өвчин бөгөөд транс тос судас нарийсгах үйл ажиллагааг улам нэмэгдүүлдэг. Баргийн эм тарианд задардаггүй транс тос судсанд очиж наалдахдаа амархан аж. Жирэмсэн эхчүүд хэрэглэвэл төрж байгаа хүүхдийн бодисын солилцоонд нөлөөлдөг төдийгүй шинээр төрөх гэж байгаа хүүхэд эхийнхээ өөх тосыг шингээж авдаг. Транс тос их хэрэглэвэл төрж байгаа хүүхдийн оюуны чадамж сул, өвчинд өртөмтгий болдог. Мөн сахарын өвчин үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Сэтгэцэд нөлөөлж, ой тогтоолтыг бууруулдаг гээд олон сөрөг нөлөөтэй ч мөнгө цагаан, нүд улаан гэгчээр манай хүнсний үйлдвэрүүд бүтээгдэхүүндээ хэрэглэсээр, ард түмэн “өвчин худалдаж” авсаар байгааг хаа хаанаа анхаарах цаг болжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (46)