Төрийн орон сууц корпорацийн захирал асан А.Гантулгыг АН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр хүсэлтээ гаргахад Сонгуулийн хороо түүний нэрийг бүртгэхээс татгалзжээ. Үүнийг эсэргүүцэж ХУД-ийн АН-ын сонгуулийн менежер Ж.Батбаяр, АН-ын гишүүн А.Гантулга нар мэдээлэл хийлээ.
ХУД-ийн сонгуулийн хороо ямар үндэслэлээр А.Гантулгыг бүртгэхээс татгалзсан нь тодорхойгүй гэнэ. Энэ талаар ХУД-ийн АН-ын сонгуулийн менежер Ж.Батбаяр “Есдүгээр сарын 16-нд МАН-аас ХУД-ийн Сонгуулийн хороонд хүсэлт гаргасан байдаг. Хүсэлтэд АН-аас нэр дэвшиж буй А.Гантулга нь Нийслэлийн ИТХ-д нэр дэвших хүсэлтэй байж байгаад одоо дүүргийн сонгуульд өрсөлдөхөөр орж ирж байгаа нь хууль зөрчиж байна гэсэн байдаг. Үүний хариуд А.Гантулгыг нэр дэвшигчээс хасах болно гэсэн утга бүхий албан бичгийг дүүргийн Сонгуулийн хорооноос МАН-д хүргүүлсэн байдаг. Сонгуулийн хороо бол хамтын шийдвэр гаргах ёстой байгууллага. Гэтэл хамтын шийдвэр гаргахаас өмнө Сонгуулийн тойргийн хорооны дарга нь МАН-д үйлчилж, А.Гантулгыг нэр дэвшүүлэхгүй байх болно гэсэн утга бүхий албан бичгийг хүргүүлсэн. Үүний дараа А.Гантулгыг нэр дэвшүүлэхгүй болсон тухайгаа бидэнд мэдэгдэж байгаа нь иргэн хүний сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан, сонгуулийг ил тод, хуулийн дагуу явуулах боломжийг хязгаарлаж байна гэж ойлгож байна ” гэлээ.
Харин А.Гантулга “ХУД-ийн Сонгуулийн хорооны дарга нь МАН-ын угшилтай Ж.Ичинноров гэж хүн байдаг. Намайг ямар үндэслэлээр нэр дэвшүүлэхгүй болж байгааг сайн ойлгохгүй байна. Энэ асуудлаар шүүхэд хандана” гэлээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (5)