Хил хамгаалах байгууллагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Хилчдийн бүтээл” үзэсгэлэн худалдаа хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Өчигдөр Ялалтын талбайд эхэлсэн энэхүү үзэсгэлэн худалдаа өнөөдөр өндөрлөх юм. Үзэсгэлэн худалдаанд хилийн отряд, ангиуд гар урлал, цагаан идээ, хүнсний ногоо, эмийн ургамал, ахуйн болоод хүнсний өргөн нэрийн бүтээгдэхүүн дэлгэгдэж байна. Мөн ой тайга, уул, говь цөл, төвийн болон тал хээрийн бүсийн хилийн анги, салбаруудын онцлогийг илтгэсэн говийн хүмүүл, таана, мангир, Сэлэнгийн утсан загас, Дадалын буриад талх, цөцгий, Халхголын зөгийн бал зэрэг нэрийн бүтээгдэхүүнийг эндээс худалдан авах боломжтой. Мөн ходоодны шархыг хурдан эдгээдэг бөдөн шувууны өндөг, хорт хавдрыг эмчилдэг гишүүнэ, үрэлний навч, сөд өвс, хулангийн ундаа, төрөл бүрийн жимсний чанамал, хүнсний ногоо энэ үеэр зах зээлийн үнээс хямд борлуулагдаж байна. Хилчид эх орныхоо дархан хилийг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлэхээс гадна хүнсний ногоо тариалах, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх зэргээр олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг бие даан үйлдвэрлэж, хөгжүүлж байна. Тэд эдгээр бүтээгдэхүүнээрээ анги, салбараа хангахаас гадна, орон нутагтаа нийлүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)