Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн албан хаагчид өнгөрсөн пүрэв гаригаас баасан гаригт шилжих шөнө хар тамхи худалдсан, худалдаж авсан найман хүнийг баривчилсан талаар бид мэдээлж байсан. Тэдний дөрөв нь энэ төрлийн хэргээр шалгуулж байх хугацаандаа дахин ийм хууль бус наймаанд оролцсон юм. Тодруулбал, хар тамхины хэрэгт холбогдон жил гаруйн хугацаанд хуулийн байгууллагад шалгагдаж, хавтаст хэрэг нь шүүх рүү шилжсэн байх хугацаанд давтан гэмт хэрэг үйлдсэн байна.
Саатуулагдсан иргэд 24-35 насны залуус, бүсгүйчүүд бөгөөд хэргийн газраас хар тамхи мансууруулах төрлийн бодис болох каннабисын төрлийн хатаасан ургамал, түүнийг татах хэрэгслийг эд мөрийн баримтаар хураан авсан.
Тэгвэл энэ хэрэгт холбогдсон найман иргэний хоёр нь төрийн албан хаагч, тэр дундаа худалдан авагч нэг хүн нь саяхан дэд сайдын албан тушаалд очсон гэх мэдээлэл гарч эхэллээ. Тодруулбал, энэхүү хэрэгт холбогдсон Б, Э нар нь төрийн албан тушаалтан гэх мэдээлэл байна.
Цагдаагийн газраас уг мэдээллийг эрс үгүйсгэж байгаа ч уг мэдээллийг үнэний ортой гэж хэлэх хүмүүс цөөнгүй байна. Энэ хэргийн талаар анхлан мэдээллэсэн хэд, хэдэн иргэний сошиал дахь бичвэрийг устгуулсан зэргээс харвал үнэн байх магадлал өндөр байгаа юм. Түүнчлэн хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүгийн цагдаагийн газрын дотоод хурлаар танилцуулаагүй, зөвхөн хариуцсан мөрдөгчид дэлгэрэнгүй мэдээлэл байгаа аж.
Сэтгэгдэл (9)