Дорнод аймагт долоон настай хүүг захиалгаар хөнөөсөн хэргийн тухай Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "2016 оны есдүгээр сарын 6-ны өдрийн 16:34 цагт Дорнод аймгийн Хэрлэн суманд суух 7 настай Т цахилгаанд цохиулсан байдалтай нас барсан байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Аймгийн цагдаагийн газраас хэргийн газар очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Урьдчилсан байдлаар хохирогчийн эцэг Ц-тэй хувийн дотно харилцаатай 1992 онд төрсөн С гэгч эмэгтэйг шалгаж байна. Иргэн С гэгч нь 1998 онд төрсөн Б гэгчид захиалга өгч хохирогчийн амь насанд хүрсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Сэжигтнээр татагдсан хоёр этгээдийн нэг болох иргэн Б нь 2016 онд Эрүүгийн хуулийн 145, 145.2-т зааснаар хоёр жилийн ял шийтгүүлж, насанд хүрээгүй учраас ял хойшилсон байсан. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 91.2.11-т зааснаар сэжигтнүүдэд таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
Сэтгэгдэл (2)