Төрийн албаны зөвлөл 2016 оны 9 дүгээр сарын 15-20-ны өдрүүдэд "Төрийн албаны шалгалт" нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгөөр шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа иргэдэд арга зүйн зөвлөгөө өгч, цахим шалгалтын системтэй танилцуулж, хөндлөнгийн нөлөөгүй, нээлттэй, ил тод зохион байгуулж байгааг иргэдэд сурталчлахын зэрэгцээ төрийн албанд орох иргэд туршилтын шалгалт өгч, хууль эрх зүй, албан хэрэг хөтлөлтийн мэдлэгийн түвшингээ тогтоон, өөрөө өөрийгөө сорих боломж олголоо. Төрийн албаны зөвлөлийн soril@csc.gov.mn хаягаар 1620 иргэн өдөрлөгт оролцох хүсэлтээ ирүүлсэн бөгөөд хуваарь гарган, нэрсийг нь Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn сайтад байрлуулав.
Туршилтын шалгалтад хамрагдсан 1560 иргэдийн 88 хувь нь шалгалтад унажээ. Өдөрлөгт оролцсон иргэдтэй уулзахад төрийн албаны шалгалтад орохын тулд сайн уншиж бэлтгэх хэрэгтэй юм байна гэдгийг хэлж байлаа.