Их баривчилгаа үргэлжилсээр. Саяханы нэг өдөр Түлш эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэвийг баривчлан саатуулсан. Тэгвэл хамгийн сүүлд буюу өчигдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг Авлигатай тэмцэх газраас цагдан хорилоо. АТГ-ынхан Г.Дэнзэнг аль эртнээс боргоож эхэлсэн бөгөөд түүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм. Түүнийг өнгөрсөн жил баривчилсан ч батлан даалтад гаргасан байдаг. Харин энэ удаа оргон зайлж болзошгүй гэх үндэслэлээр 30 хоногийн хугацаатай баривчилжээ.
Үүнээс өмнө ч их баривчилгааг зохион байгуулж ирсэн бөгөөд “Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүхээс эхлээд Л.Гансүх, Т.Дорждэрэм нарын хүмүүс өнөөдөр шоронд хоригдож байна. Дээрх хүмүүс бүгд албан тушаалаа урвуулан ашигласан, их хэмжээний мөнгө хувьдаа завшиж улсыг хохироосон гэх үндэслэлээр хоригдсон юм. “Нүүрсний хэрэг”-ээр Л.Гансүхийг хэрхэн хорьсоныг олон нийт тод санаж байгаа. Харин одоо Г.Дэнзэнг хорилоо. Г.Дэнзэнгийн дараа хоригдох хүнийг Э.Бат-Үүл гэх мэдээлэл ч гарч эхлэв. Э.Бат-Үүлийг С.Зориг агсны аллагад буруутган хэргийн газарт малгайгаа орхисон гэх үндэслэлээр ТЕГ-аас шалгаж буйг тэрбээр өөрөө мэдэгдсэн.
Хамгийн сонирхолтой нь баривчлагдаж буй хүмүүсийн зарим нь АН-ын нөлөө бүхий улс төрчид байгаа бөгөөд тэдэнтэй ойр ажиллаж байсан эрхмүүд байна. Тодруулбал, өнөөдөр шоронд хоригдож буй хүмүүсийн ихэнх нь Алтангадас фракцийн гишүүд бөгөөд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай хамт ажиллаж байсан аж. Э.Бат-Үүлийн хувьд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хамгийн өндөр магадлалтай хүн байсан. Гэтэл түүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг нь үгүй хийв. Тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хэд, хэдэн хүний нэг нь Н.Алтанхуяг. Ер нь бол Э.Бат-Үүлийн дараа түүний нэр яригдана. Тэгвэл Н.Алтанхуягийн ойр, дотны нөхдийг хорих ажиллагааг эрчимжүүллээ. Уг баривчилгаанууд нь Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээс болгоомжилж буй хэн нэгний үйлдэл байж мэднэ хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс болгоомжилж буй бүхэл бүтэн бүлэг бий болсон гэх мэдээлэл ч байна. Э.Бат-Үүлийг дарчихсан. Харин одоо Н.Алтанхуягийг дарах л том ажил өрсөлдөгчид нь үлдээд байна . Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд нар нэгдэн нийлж Н.Алтанхуягийг болон тэргүүлдэг фракцийг нь ч арчиж хаях төлөвлөгөөг боловсруулж байгаа гэнэ.
Тодруулбал, Ардчилсан намын хамгийн нөлөөтэй Алтангадас фракцтай нь Н.Алтанхуягийг улс төрөөс зайлуулахаар ажиллаж байгаа бололтой. Ингэхийн тулд Алтангадасынханыг орон, шоронд хийж нэр хүндийг харлуулах ажлыг сайн гүйцэтгэх ёстойгоо тэд сайн мэдэж байгаа. Ард түмнийг Н.Алтанхуяг болоод түүний нөхдийн эсрэг болгож байж төлөвлөгөөгөө биелүүлэх нь хамгийн зөв алхам юм. Ц.Элбэгдорж ирэх жил Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгнө. Михайлд нэг бодол бий гэгчээр түүнд ч бас төлөвлөгөө байгаа. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс буусныхаа дараа АН-д байр, сууриа бэхжүүлж намын дарга болохоор зэхэж байгаа гэх мэдээлэл байна. Тэгэхийн тулд хамгийн том өрсөлдөгчөө дарах нь мэдээж. Харин МАН-ын дарга М.Энхболд ирэх жил УИХ-ын даргын ажлаа хэн нэгэнд хүлээлгэж өгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх нь тодорхой болсон. Түүний хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр АН-аас нэр дэвшигч цаашлаад тус намын лидерүүдийн нэг байх нь маш ойлгомжтой.
Тэгэхээр Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын эрх, ашиг нэг цэгт огтолцож байна. Тэд нэгдэх нь арга ч үгүй юм.
Эх сурвалж: Оlloo.mn
Сэтгэгдэл (43)