Аугаа эх орны дайны Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмнээс бэлэглэсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулах асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэрийг Москва хотын Думын дэргэдэх Хөшөө, дурсгалын байгууламжийн хараат бус, олон нийтийн комиссын өргөтгөсөн хуралдаанаар гаргасан байна.
Монголын ард түмний бэлэг болсон хөшөөг 2015 оны 5 дугаар сард Москва хотноо тээвэрлэн авчирч гардуулсан юм. Хөшөөг байрлуулах чиглэлээр ажиллах явцад хөшөөний суурийг бүтээх, ойр орчны тохижуулалтын 200 орчим мянган ам.долларын санхүүжилтийн асуудал хөндөгдөж, түүнийг шийдвэрлүүлэх зорилгоор Элчин сайд Б.Дэлгэрмаа эрчимтэй ажиллаж, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинг ОХУ-ын Аюулгүй байдлын Нарийн бичгийн дарга Н.П.Патрушевтэй энэ оны 6 дугаар сард Грозный хотноо уулзах үеэр асуудлыг дэлгэрэнгүй танилцуулж, дэмжлэг хүссэн байна. Энэ хүчин чармайлтын үр дүнд хөшөөг Оросын ард түмний хувьд ариун газар болох Хүндэтгэлийн дэнж дэх цэцэрлэгт хүрээлэнд байрлуулахаар шийдвэрлүүлжээ. Мөн Москва хотын захиргаа хөшөөг байрлуулахтай холбогдсон бүхий л зардлыг бүрэн хариуцах үүрэг хүлээсэн аж.
Хөшөөг байрлуулах асуудлыг хариуцсан ЭСЯ-ны ажлын хэсгийг хоёрдугаар нарийн бичгийн дарга Ц.Ганболд ахалж байгаа бөгөөд хөшөөний шав тавих ёслолыг Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд ирэх сарын 3-нд зохион байгуулж, хөшөөг 2017 оны 5 дугаар сарын 9-нд буюу Ялалтын баяраар эцэслэн байрлуулах төлөвлөгөөтэй Москва хотын захиргаатай хамтран ажиллаж байгаа гэнэ.
Б.Цэцэг
Сэтгэгдэл (3)