Өнөөдөр сонгуулийн урьдчилсан дүнг Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлнэ. Өчигдөр орой санал хураалт дууссаны дараа урьдчилсан мэдээллүүд ирж эхэлсэн. Тухайлбал, Завхан аймгийн Нөмрөг, Тосонцэнгэл сумдад Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулсан бол нийт дүнгээрээ Завхан аймагт Ардчилсан нам ялалт байгуулжээ.
Завхан аймгийн хувьд ирцийн мэдээлэл сайн байгааг тус аймгийн Сонгуулийн хорооны дарга өгөв. Хэдийгээр Завхан аймагт цаг агаарын нөхцөл байдал тааруухан, зам даваа хаагдсан байсан ч иргэд сонгуульдаа идэвхитэй оролцжээ. УИХ-ын сонгуульд тус аймагт Ардчилсан нам дангаараа ялалт байгуулсан. Энэ удаад ч Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулсан байна.
Архангай аймагт МАН ихэнхи суманд ялалт байгуулсан гэх мэдээлэл байгаа бол Булган суманд Ардчилсан нам ялалт байгуулжээ. Мөн Баян-Өлгий, Булган, Говь-Алтай аймгийн ихэнхи сумдад МАН ялалт байгуулсан гэх мэдээлэл бий.
Харин Баянхонгор аймагт хоёр сумын ирцийн мэдээлэл ирээгүй байгаа аж. Учир нь тус аймагт цас их орж, зарим газар холбоо харилцаа тасарчээ. Сонгуулийн нийт ирц 65.1 хувьтай явагдсан байна. Тус аймгийн хувьд Баян-Өндөр сумын хоёр багт ирц хүрээгүй учраас нэмэлт санал хураалт явуулахаар болжээ.
Энэ удаагийн сонгуульд ард түмэн АН, МАН гэж алаг үзэлгүй сонголтоо хийжээ. Түүнчлэн зарим газарт бие даагчид ч сонгогчдын итгэлийг хүлээсэн байна.
Сэлэнгэ аймагт сонгууль 59.9 хувьтай өндөрлөсөн бөгөөд 2-3 тойрогт нэр дэвшигчдийн санал тэнцсэн тохиолдол гарчээ. Увс аймагт сонгууль 68.9 хувьтай явагдаж, саналын тоо гурван тойрогт тэнцсэн тохиолдол мөн гарсан байна. Урьдчилсан дүнгээр Увс аймагт МАН ялалт байгуулжээ.
Хэнтий аймгийн Мөрөн сумын 15 мандатаас 9-д нь МАН үнэмлэхүй ялалт байгуулсан бол Дундговь аймгийн Цагаан элгэр, Баянжаргалан, Гурвансайхан, Өлзийт, Эрдэнэдалай суманд АН ялалт байгуулсан байна.
Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Тарагт, Төгрөг, Уянга, Хархорин сумдад АН олонхи болсон бол үлдсэн 14 суманд МАН олонх болсон байна.
Эдгээр нь урьдчилсан байдлаар гарсан дүн бөгөөд СЕХ энэ сарын 26-ны өдөр сонгуулийн дүнг эцсийн байдлаар танилцуулах юм. Ямартай ч энэ удаагийн сонгуульд ард түмэн АН, МАН гэж алаг үзэлгүй сонголтоо хийжээ. Түүнчлэн зарим газарт бие даагчид ч сонгогчдын итгэлийг хүлээсэн байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (33)