Улсын хэмжээнд энэ сарын 18-ны байдлаар тариа хураалт 91 хувьтай байна. Одоогоор нийт 324.000 га талбайн үр тариаг хураагаад буй бөгөөд 75.500 га-гийнхыг ангилан хаджээ.
Шинэ ургацаас 150.000 тонн буудай борлуулсны 45.000 тонныг Тариалан эрхлэлтийг дэмжих санд аваад буй гэнэ. Хавар улсын хэмжээнд буудай 355.300, төмс 14.500, хүнсний ногоо 8200, тосны ургамал 63.800 га талбайд тарьсан юм (хураан авсан ургацын хэмжээг инфографикт дэлгэрэнгүй харуулав). Ойрын өдрүүдэд хүйтэрч, тариалангийн бүс нутгуудаар цас орлоо. Энэ байдал цаашид ч үргэлжлэх бөгөөд өнөөдөр нутгийн хойд, маргааш зүүн аймгуудад цас орно гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн юм.
Дашрамд дурдахад, улсын хэмжээнд энэ жил нийт 482.100 тонн буудай, төмс 174.700, хүнсний ногоо 117.500, тосны ургамал 32.500 тонныг хураан авах төлөв гарчээ. Өнгөрсөн онд байгаль, цаг уурын хүчин зүйлийн нөлөөгөөр манай улс ургацынхаа 60 гаруй хувийг алдаж, үрийн буудай импортлоход хүрсэн. Энэ жилийн байдлаар үр тариа, төмс, хүнсний ногооны 90-ээс дээш хувийг хураасан, буудайгаар дотоодын хэрэгцээг хангах боломж бүрдсэнийг салбарын яамныхан онцолж байна.