УИХ Улсын төсвийг арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах ёстой бөгөөд баталж амжаагүй тохиолдолд парламент тарах хуулийн зохицуулалттай. Хариуцлагын механизм нь ийм чанга учраас УИХ нэг ч удаа хугацаанаас нь хэтрүүлж байгаагүй. Гэхдээ өдөр, шөнөгүй хуралдах шаардлагатай болдог. Харин энэ удаад ингэх шаардлагагүй гэж үзсэн бололтой. Учир нь, гишүүд төсөв хэлэлцэх ёстой хугацаанаасаа багагүй хэсгийг орон нутгийн сонгуульд зарцуулахаар болж чуулганыг завсарлуулсан юм. Сонгууль дуусч гишүүд өчигдрөөс төсөв хэлэлцэн батлах ажлаа эхлүүлэв. Тэдэнд төсөв батлахад сар хүрэхгүй хугацаа үлдлээ.
УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр 2017 оны төсвийн төсөл, төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон тус яамны удирдлагуудаас сонирхсон асуултдаа хариулт авлаа.
Ц.ДАВААСҮРЭН: -Эдийн засгийн өсөлтийг 2019 онд 7.1 байна гэж тооцсон байна. Тэгсэн хэрнээ хөдөө аж ахуйн салбарын өсөлтийг буурсан дүнтэй оруулсан байна. Яагаад ингэж буурч байгаа юм бэ. Эдийн засаг хөдөө аж ахуйн салбараас үл хамаарч өсөх юм уу. Ирэх онд өрийн хэмжээ хэд болох вэ. 2009 онд манай улсын нийт экспортын орлого 1.9 тэрбум байсан бол түүнээс хойш өссөөр 2015 онд 4.6 тэрбум болж нэмэгдсэн. Экспортын түүхий эдийн ханш унасныг ойлгож байна. Гэсэн хэдий ч орлого нэмэгдсэн л байна шүү дээ. Ийм байтал эдийн засаг яагаад хямраад байна вэ?
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: -Өрийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 84.8 хувиас хэтрэхгүй байхаар тооцсон. Энэ онд эдийн засгийн өсөлт 1.3, 2017 онд гурав, 2018 онд 5.1, 2019 онд 7.1 хувийн өсөлттэй байна гэж үзэж байгаа. Уул уурхай, эрчим хүчний салбарын өсөлт эдийн засагт гол нөлөө үзүүлнэ гэж тооцсон. Энэ салбарын томоохон төслүүдийн бэлтгэл ажлыг хангаж ирэх хавар бүтээн байгуулалтын улирал эхлэхээр ажлыг нь эхлүүлнэ. 2009 оноос хойш экспортын орлого 2.6 дахин нэмэгдсэн боловч яагаад эдийн засаг хямраад байна вэ гэж байна. Бид олсныхоо хэрээр зарлагаа өсгөчихөөд одоо бууруулж чадахгүй байна. Мөн экспортын хэмжээ нэмэгдэж байгаа ч орлогын нь тал хувь нь хөрөнгө оруулалтынхаа зардалд шилжчихдэг.
БАТХҮРЭЛ: -Хөдөө аж ахуйн салбарын өсөлт 2017 онд 9.1, 2018 онд 8.3, 2019 онд 7.8 хувьтай байна гэж үзсэн. Хөдөө аж ахуйн салбарын 10 хувийг л газар тариалан эзэлдэг. Энэ оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 61 сая толгой мал тоологдоно гэж үзэж байгаа. 2018 онд 68, 2019 онд 70 сая малтай болно гэж тооцсон. Өнгөрсөн жилүүдэд хөдөө аж ахуйн салбар сууриараа өссөн. Төсөвт өсөлтийг нь тооцохдоо сууриас нь тооцож байгаа учраас ийм бага харагдаж байгаа юм.
Ж.БАТЗАНДАН: -Томоохон төслүүдээс орлого олно гэж өмнөх Засгийн газрууд олон жил ярьсан. Гэвч олигтой орлого олж байгаагүй. Харин Оюутолгойгоос орлого олох бус өрөнд орсон. Энэ Засгийн газар ч том төслүүдээ хөдөлгөнө л гэж байна. Хамгийн гол нь Монголд ашигтай хөдөлгөх хэрэгтэй. Ер нь цаашдаа төсвийн мөнгөнөөс хулгайлдаг бүлэглэлийг дарж авах хэрэгтэй. Хөгжлийн банкинд гаднаас орж ирсэн ам.долларыг Худалдаа хөгжлийн банк авч төгрөгөөр санхүүжүүлснээс болоод Хөгжлийн банк ханшийн зөрүүнээс алдагдал хүлээсэн гэж сонссон.
ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэхээ Засгийн газар танхимынхаа төвшинд шийдсэн үү. Энэ хөтөлбөрт хамрагдахгүй гэж шийдээд БНХАУ-аас зээл авахаар болсон юм уу?
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: -Оюутолгой төслийн үйл ажиллагаанд дүгнэлт хийх ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ сарын 25-нд дүгнэлт нь гарна. Томоохон төслүүдийг Монголд ашигтай ажиллуулна. Гацууртын ордыг ашиглуулах эсэхийг Канадын Засгийн газар манайхаас асууж байгаа. Засгийн газар энэ ордыг ашиглах нь зүйтэй гэж үзсэн. ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийн тухайд техникийн баг нь энэ сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 4 хүртэл ажиллана. БНХАУ-аас 20 жилийн хугацаатай, хоёр хувийн хүүтэй зээл авах хүсэлт гаргасан. Энэ асуудлаар хоёр талаасаа ажлын хэсэг гаргаж ажиллана.
Х.БАДЕЛХАН: -Үйлдвэрлэлийн салбарыг 17 хувиар өсгөнө гэсэн байна. 17 хувь гэдэг бол маш өндөр хэмжээний өсөлт. Яаж ийм өндөр өсөлт бий болгоно гэж тооцоолов. Хэр зэрэг бодитой тооцоолол вэ?
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: -Энэ тооцоолол бодитой. Тухайлбал, сая УИХ-ын даргын айлчлалын үеэр зэс хайлуулах үйлдвэр байгуулах асуудлаар яриа хэлэлцээ хийсэн.
Ч.ХҮРЭЛБААТАР: -УИХ энэ оны төсвийн тодотголыг есдүгээр сарын 9-нд баталсан. Засгийн газар 21-хэн хоногийн дараа ирэх оны төсвийн төслийг оруулж ирэхдээ өмнөх тоонуудаа өөрчилсөн байна. Тухайлбал, 2017 онд эдийн засгийн өсөлт 2.3 хувьтай байна гэж тооцсоныг гурав, 2018 онд 3.4 хувь гэж тооцсоныг 5.1 болгоод өсгөчихөж. Олон улсын байгууллагууд манай улсын эдийн засгийг төсвийн тодотгол батлах үед тооцсоноос бага байна гэсэн таамаглал дэвшүүлсэн. Ам.долларын ханш 2300 даваад явчихлаа. 2017 онд ам.долларын ханшийг хэдээр тооцсон бэ. Монголбанк мөнгөний бодлогын баримт бичигтээ “ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдмаар байна” гээд биччихсэн байна. Засгийн газар яг ямар байр суурьтай байгаа юм бэ. Хэрэв хамрагдах юм бол төсөвтэй холбоотой энэ тооцооллууд чинь бүгд хөдөлнө. Нэг ажлыг хоёр хийх шаардлага гарах юм биш биз дээ. Төсвийн төсөлд хэд хэдэн аж ахуйн нэгжийг хувьчлах тухай тусгасан байна. Зарим нь хувьчлах үндсэн чиглэлд багтсан, зарим нь шинээр орж ирж байгаа объектууд. Засгийн газар хувьчлах аж ахуйн нэгжүүдийнхээ үндсэн чиглэлийг хэзээ УИХ-д оруулж ирэх юм бэ. Мөн төсвийн төсөлд төмөр замын тухай үг, үсэг ч алга. Төмөр замын төслүүдээ хэрхэн хөдөлгөх юм бэ?
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: -21-хэн хоногт төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөлд тусгасан тоонуудаа яагаад өөрчилчихөв гэж байна. Төсвийн тодотголыг батлах үед УИХ-ын гишүүд нөөц боломжоо бүрэн дайчлахгүй байна гэсэн шүүмжлэл хэлж байсан. Тиймээс бид хэтэрхий болгоомжлоод байгаа юм биш биз гэж үзээд зарим тооцоолуудаа өөрчилсөн. Нэлээд өөдрөгөөр төсөөлсөн юм. Ам.долларын ханшийг 2300-гаас хэтрүүлэхгүй байхаар тооцож байгаа. Яг хэдээр тооцсоныг нь ажлын хэсэг хариулчих. Эдийн засгийн хүндрэлийг давах онцгой хөтөлбөр ирэх оны төсөвтэй цуг хэрэгжих байх. Уг хөтөлбөрт валютыг ханшийн өсөлтийг эсрэг ямар бодлого хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй тусгасан. ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэхээ эцэслэн шийдээгүй байгаа. Удахгүй ирэх техникийн багийнх нь дараа хөтөлбөрт нь хамрагдахаар болбол дахин нэг ажлын хэсэг ирж ажиллах байх. УИХ төсвийн төслийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой. Харин “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэх нь түүнээс өмнө шийдэгдэхгүй. Хувьчлах объектуудын талаар удахгүй Засгийн газар хэлэлцэж шийдвэр гаргана. Төмөр замын тухайд Тавантолгойн төсөлтэй хамтад нь хэрэгжүүлнэ. БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хороогоор ахлуулсан ажлын хэсэг энэ талаар манайхтай яриа хэлэлцээ хийхэд бэлэн болоод байгаа. Манай тал удахгүй ажлын хэсгээ байгуулна.
Б.НЯМАА (Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч): -Ирэх онд ам.долларын ханшийг 2250, 2018 онд 2310 төгрөг байхаар тооцсон.
Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд ийнхүү асуулт асуусныхаа дараа дараахь байдлаар саналаа хэллээ.
Ц.ДАВААСҮРЭН: -Оюутолгой манай улсын нэг жилийн төсвийн орлоготой тэнцэх хэмжээний экспорт хийж байгаа. Гэтэл Монголд орж ирж байгаа орлого нь төсвийн орлогын дөнгөж зургаахан хувийг бүрдүүлж байна. Энэ мэтээр манай улс дотоодын нөөц бололцоогоо алдаж байна. Тиймээс дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглах боломжтой эсэхийг судлах хэрэгтэй.
Ц.НЯМДОРЖ: -Төсвийн төслийг батлах нь ойлгомжтой. Харин улсын үйлдвэрүүдийн төсөв санхүү ямархуу байдалтай байгааг судлах хэрэгтэй байна. Ажлын хэсэг гаргаад төсөв санхүүгийн байдал нь ямар байна, хэдэн хүн ажиллаж байна, өр төлбөр нь ямар хэмжээнд хүрсэн эсэхийг дүгнэмээр байна. Лав л ТОСК зээлээр “амьдарч” байгаад одоо бүр ажилчдынхаа цалинг тавьж чадахаа байсан гэнэ. Ер нь үүнтэй адилхан зээл авч нэг хэсэг тансаглаж жаргасан төрийн өмчит аж ахуйн нэгж олон байна. “Эрдэнэт”-ээс эхлээд зарим нь бүр хяналтаас гарчихсан байна ш дээ. Энэ аж ахуйн нэгж рүү Засгийн газар орж чадахгүй дөрвөн сар болох гэж байна. Хувьцаа эзэмшигчдийнх нь хурлыг хийх гээд чадсангүй. Арга ядахдаа ТУЗ-ийн гишүүдээ томилчихоод сууж байна.
Б.БАТТӨМӨР: -Оюутолгойн баяжмалынх нь агууламж буурч байгаа учраас орлого нь буурна гэж тооцсон юм байна. Баяжмалын агуулга нь буурна гэдгийг хэн тогтоосон юм бэ. Манай тал уу, эсвэл Оюутолгойнхон өөрсдөө юү.
Ч.ХҮРЭЛБААТАР: -Ирэх оны төсөв, 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийг хэлэлцэж байна. Бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацааныхаа гурван жилийн төлөвлөгөөг боловсруулж байна гэсэн үг. Гэтэл 21-хэн хоногийн дотор төлөвлөсөн тоогоо өөрчилж байгаа нь урт хугацаанд төлөвлөлт хийж чадах эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Төсвөө баталсны дараа ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар болбол тодотгол хийх шаардлагатай болно. Тиймээс арванэгдүгээр сарын 15-наас өмнө ОУВС-тай учраа олчихож болдоггүй юм уу.
Сэтгэгдэл (31)