Шинээр сонгогдсон болон томилогдсон өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ-аас олон нийтэд дэлгээд байна. Тэгвэл төрийн гурван өндөрлөгийн хөрөнгөтэй танилцъя.
Ерөнхийлөгч машингүй, газаргүй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн жилийн орлого нь 88233.9 мянган төгрөг ажээ. Тэрбээр хоёр орон сууцтай бөгөөд машингүй, мөн дээр нь эзэмшил газаргүй юм байна. Харин мал сүргийн хувьд 28 адуу, найман үхэр, таван ямаа, 25 хоньтой. Түүнчлэн, 635000.0 мянган төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэйгээс гадна хадгаламжиндаа 57454.03 мянган төгрөгтэй ажээ. Мөн зээлгүй бөгөөд Муштааг ХХК, Анх Эрдэнэ ХХК, Либерти дээд сургууль , АСУ ХХК, Женко тур бюро ХК, Ремикон ХК зэрэг байгууллагад хувьцаа эзэмшдэг юм байна.
УИХ-ын дарга М.Энхболд 300 адуу, хоёр төмөр хөлөгтэй
УИХ-ын дарга М.Энхболдын нийт орлого 39573,6 мянган төгрөг бөгөөд хоёр орон сууц, хоёр машинтай юм байна. Тодруулбал, Mercedes benz S350L, Toyota Land Criuser 200 машинтай. Морин спорт, уяачдын холбоог тэргүүлж байсан тэрбээр нийтдээ 300 адуутай бөгөөд үүнээс хурдан удмын адуу 60 байдаг гэнэ. Мөн 1300 м.кв ашиглах газартай, 290000,0 мянган төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэл, 336300.0 мянган төгрөгний хадгаламжтай ажээ. Мөн Говь ХК, "Зоос" гоёл ХК, Авто импекс ХК, "Зоос банк" ХК, Женко тур бюро ХК, Эрдэнэс Таван толгой ХК, Технологийн дээд сургууль зэрэг байгууллагад хувьцаа эзэмшдэг юм байна.
Ерөнхий сайд 99 сая 974 мянган төгрөгийн орлоготой
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын нийт орлого 99974.0 мянган төгрөг. Тэрбээр гурван байртайгаас гадна Toyota Highlander,Toyota Land Cruiser 105, Lexus 570 маркийн гурван машинтай аж. Түүнчлэн, мал сүргийн тоо толгойн хувьд адуу-22, хонь-232, үхэр-32, нэг хурдан удмын адуутай бөгөөд 0.07 га эзэмшил газартай, 71000.0 мянгаар үнэлэгдэх үнэт эдлэл, хадгаламжиндаа 21952.95 мянган төгрөгтэй гэнэ. Харин Сүүтэй ХХК, Хэрх-Илч ХХК, Хэрх-Өргөө ХХК, Гүн сан эрдэнэс ХХК зэрэг компанид хувьцаа эзэмшдэг юм байна.
Сэтгэгдэл (19)