“Гэр хорооллоос ялгарах утаа гүний усанд сөргөөр нөлөөлж болзошгүй” хэмээн ЮНЕСКО-ийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн удирдах хорооны 24-р хуралд оролцогч эрдэмтэд анхааруулав.
Хүйтний улиралд түлж байгаа нүүрс агаар мандалд нөлөөлж, улмаар хур тунадас газарт шингэснээр гүний усыг бохирдуулдаг байна. Улаанбаатрын иргэдийн дийлэнх нь гүний ус хэрэглэж байгаа. Тэр дундаа гэр хорооллын иргэдийн ундны усны хэрэглээ гүний уснаас хамааралтай байдаг.
Дээрх нөхцөл байдал нь гэр хорооллын иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй болсон талаар 14 орны 40 гаруй төлөөлөгчид хурлын үеэрээ онцлон анхааруулж буй юм. Уг хуралд манай улсаас гадна Япон, Тайланд, Малайз, БНХАУ, Австри зэрэг улс оролцож байна.
Хурлын гол зорилго нь Зүүн өмнөд Ази, Номхон далайн орнуудын усны эрдэм шинжилгээ, боловсролын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Олон улсын ус зүйн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн судалгааны төсөл, хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэх, туршлага солилцох, тулгамдаж буй асуудлаар санал бодлоо хуваалцахад оршиж байгаа аж.
Өнөөдөр дэлхий нийтэд ундны усны хомсдол тулгараад байгаа бөгөөд 884 сая хүн ариун цэврийн шаардлага хангахгүй ус хэрэглэж байна.
Жил бүр 1,5 сая хүүхэд ундны усны хомсдол, бохирдол зэрэг шалтгаанаар эндэж байна. Байгалиа хамгаалахад төр засаг төдийгүй иргэдийн оролцоо чухал гэдгийг хуралд оролцогчид онцолжээ.
Сэтгэгдэл (1)