ГССҮТ-ын түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн ихэнх нь халуун тогоонд түлэгдсэн байдаг.
Манай улсад өнгөрсөн онд 15,880 халуун тогоо, 2016 оны дөрвөн сарын байдлаар 5,965 халуун тогоо БНХАУ-аас импортоор орж иржээ. Улсын хэмжээнд өнгөрсөн онд 30-40 хүүхэд түлэгдэлтийн улмаас амиа алджээ. Амиа алдаж байгаа хүүхдүүдийн ихэнх нь 0-4 насныхан байдаг аж.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 0-4 насны хүүхдийн түлэгдэлтийн гол шалтгааныг инфографикаар гаргажээ.
Эцэг, эхийн хүүхэддээ тавих анхаарал сул байгаатай холбоотойгоор бага насны хүүхдүүд элдэв зүйлд түлэгдэн эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол буурахгүй байгааг мэргэжилтнүүд онцолж буй.
Манайхан түлэгдсэн хэсэгт давс, элсэн чихэр цацах, нохойн халуун цус түрхэх нь түлэгдэлтийг улам хүндрүүлдэг байна. Харин цэвэр бэнтээр боож ариутгах, анальгин өгөх хэрэгтэй юм. Мөн хүүхдийг түлэгдсэн даруйд нь яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.