"Гандан бороо" хочит этгээдийг Эрүүгийн цагдаагийн газрын 4-р хэлтэс, Тусгай ажиллагааны газрын алба хаагчид өнгөрсөн ням гаригт гэрээс нь баривчилсан билээ.
Тэрбээр баривчлагдах үедээ мансуурсан байдалтай байсан юм. Тус хэргийг өнөөдрийн байдлаар шалгаж эхлээд байна.
Сэжигтэн “Б”-д холбогдох Эрүүгийн хуулийн 148.3-т заасан хэрэг дээр нэмж, Монгол Улсын Эрүүгийн Хуулийн 192 дугаар зүйлд заасанаар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.
Эрүүгийн хуулийн 148.3 т энэ гэмт хэргийг урьд нь энэ хэрэгт болон хулгайлах, булаах, завших, дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ хэмээн заасан байдаг.
Мөн 192 дугаар зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах тухай зүйл заалтаар эрүү үүсгэн шалгах юм.