Улсын ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын албаны дарга Э.Амарбат, Нийслэлийн прокурорын хяналтын прокурор Б.Бясман нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд Улсын ерөнхий прокуророос үндсэн чиг үүргийн хүрээнд 2016 оны гуравдугаар улирлын байдлаар хийсэн ажлаа танилцуулсан юм. Прокурорын газрууд энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 33530 хэрэгт хяналт тавьж ажиллалаа. Хэргийн ангиллаар нь авч үзвэл 12773 нь хөнгөн, 16949 нь хүндэвтэр, 2627 нь хүнд , 1185 онц хүнд хэрэг бүргэгджээ. Дээрх 33530 хэргээс 4343 хэргийг шүүхэд шилжүүлж, 15740 хэргийг хэрэгсэхгүй болгож, 4968 хэргийг түдгэлзүүлж, 2722 хэргийг бусад хэрэгт нэгтгэн шалгуулсан байна.
Хэрэгсэхгүй болгосон хэргийн тухайд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хэрэгт холбогдсон сэжигтэн яллагдагч нас барсан, яллагдагч хохирогчтой сайн дураараа эвлэрсэн болон хуульд заасан бусад үндэслэлээр хэрэгсэхгүй болжээ.
Түүнчлэн прокурорын газрууд нь 2016 оны эхний 9 сард нийт 7778 түдгэлзүүлсэн хэргийг сэргээн шалгуулсан байна. Мөн хяналт тавьсан 33530 хэрэгт 17798 хүнд ЭБШХ-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Үүнээс 576 хүнийг сэжигтнээр буюу 14 хоног хүртэл, 1516 хүнийг яллагдагчаар цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлж, шүүхээр шийдвэрлүүлжээ.
Прокурорын хяналтын шатанд гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн хохирогч нарын хохирлыг барагдуулах зорилгоор гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн 10 тэрбум 562 сая төгрөгний эд хөрөнгийг битүүмжилж, 11 тэрбум 989 сая төгрөгний хохиролыг барагдуулсан байна.
Дээд шатны прокурорууд Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нараас прокурорын үндсэн хяналттай холбогдуулан 7070 гомдол, 4681 хүсэлт хүлээн авч шийдвэрлэжээ. Эдгээрээс 1755 гомдол, 2165 хүсэлтийг бүрэн болон хэсэгчлэн хангаж, 4088 гомдол, 2289 хүсэлтийг хүлээн авхаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Э.Амарбат: Монголын төмөр замтай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгоогүй
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгуулахаар ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт АТГ-т хандсан. Прокурорын байгууллагаас хэргийн дугаар өгсөн үү?
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбогдох асуудлыг АТГ-аас судалж байгаа. Одоогоор гомдол мэдүүлэлтийн төвшинд шалгалтын ажиллагаа явж байна.
-С.Зоригийг хөнөөсөн хэрэгт эхнэр Б.Булганыг нь сэжигтнээр татаж шалгасан. Мөн Э.Бат-Үүлийг шалгаж байгаа. Хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлсэн үү?
-С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа. Хэргийг нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ерөнхийдөө дууссан. Удахгүй шүүхэд шилжүүлнэ.
-Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг цагдан хорьсон. Энэ хэрэгт нийтдээ хэдэн хүнийг шалгаж байна вэ?
-Хөгжлийн банктай холбоотой хэргээр 4-5 хүнийг шалгаж байна. Хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд байна. Н.Мөнхбатыг аравдугаар сарын 11-ний өдөр сэжигтнээр татаж, цагдан хорьсон.
-Монголын төмөр замтай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү? Х.Баттулга, А.Гансүх нарын гэм буруугүйг тогтоосон уу?
-Хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд явж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгоогүй. Энэ хэрэгт 8-9 хүнийг холбогдуулан шалгаж байна. Мөн Солонгосын гурван иргэнийг шалгаж байгнаагаас нэгийг нь цагдан хорьсон.
Сэтгэгдэл (9)