Манай сайт өчигдөр хэрэгтэн хэмээн чичлүүлж, зургаан сар өргөст торны ард суусны эцэст хэрэг нь хэрэгсэхгүй болсон Б.Мөнгөнтуяад Хүний эрхийн Үндэсний комисс туслахаас татгалзсан талаар мэдээлсэн билээ.
Үнэний төлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлсний төлөө Хүний эрхийн Үндэсний комиссоос сэтгүүлчийг дарамтлаж, эрхэнд нь халдав. Тодруулбал, тус байгууллагын хэвлэл мэдээллийн ажилтан С.Будрагчаа гэх эрхэм өчигдөр утас цохиж, “Танай сайт манайхтай холбоотой энэ мэдээллээ яаралтай устга, хэрэв үгүй гэвэл танайхыг шүүхэд өнгө” хэмээн айлган сүрдүүллээ. Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир мөн л утсаар “Танайх энэхүү мэдээллийнхээ эх сурвалжийг хэл” хэмээн ёс зүйгүй аашлав.
Б.Мөнгөнтуяагийн “хэрэг”-ийг таван өдөр нээлттэй үргэлжилсэн шүүх хурлын дараа ард түмэн дэнсэлж, буруугүй, хэлмэгдсэн гэдгийг нь харсан. Олны өмнө ил буй энэ хэрэгт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс огтхон ч анхаарал хандуулаагүй төдийгүй хохирсон охиндоо туслаач хэмээн царайчлах аргаа барсан аавын сэтгэл рүү ус цацаж, шилээ харуулсан нь үнэн.
Уг нь Хүний эрхийн Үндэсний комисс нь иргэн бүрийнхээ эрх, эрх чөлөөг дээдлэн ажиллах учиртай байгууллага атал эрх нь зөрчигдөж, хилсээр олон сар хохирсон иргэндээ туслахаас татгалзаж, эцэст нь үнэнийг олон нийтэд мэдээлсний төлөө хэвлэл мэдээллийн байгууллагыг дарамталж байгаа нь үнэндээ энэ байгууллага чухам ямар үйл ажиллагаа явуулдаг нь бэлхнээ харагдаж байх шиг.
Угтаа Б.Мөнгөнтуяагийн “хэрэг”-ийг таван өдөр нээлттэй үргэлжилсэн шүүх хурлын дараа ард түмэн дэнсэлж, буруугүй, хэлмэгдсэн гэдгийг нь харсан. Олны өмнө ил буй энэ хэрэгт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс огтхон ч анхаарал хандуулаагүй төдийгүй хохирсон охиндоо туслаач хэмээн царайчлах аргаа барсан аавын сэтгэл рүү ус цацаж, шилээ харуулсан нь үнэн.
Б.Мөнгөнтуяа нэр төрөө сэргээлгэж, хилсээр зургаан сар шоронгийн хүйтэн шалан дээр гаслан суусныхаа хохирлыг төрөөс нэхэмжилээд байгаа. Тиймээс Б.Мөнгөнтуяагийн аав Хүний эрхийн Үндэсний комисст хохирсон охиндоо туслахыг хүсч, тус байгууллагад хэдэнтээ очсон нь мөн л үнэн. Батцэнгэл анх охиныхоо энэ асуудлаа хэлж тус байгууллага дээр очиход “Манай байгууллага төлбөрийн болон өөрийгөө хамгаалах чадваргүй хүмүүст дэмжлэг үзүүлж ажилладаг” хэмээн түүнийг чулуу хөөлгөн буцаасан аж. Хэсэг хугацааны дараа аргаа барсан аав дахин тус байгууллагад очиж, Ж.Бямбадорж даргатай уулзсан байна. Харин тэрбээр доод шатны ажилтандаа Батцэнгэлд туслах үүрэг өгч, өөрөөсөө “зайлуулжээ”. Гэвч даргаасаа үүрэг авсан Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир нь “Та манай байгууллагад эхнээсээ хандаж, нэхэмжлэлээ өгөөгүй болохоор туслах боломжгүй” хэмээн түүнийг буцаажээ.
Энэ талаар н.Батцэнгэл ярихдаа “Үнэндээ Хүний эрхийн Үндэсний комисс охинд маань туслахыг эхнээсээ хүсээгүй. Анх очиход төлбөрийн болон өөрийгөө хамгаалах чадваргүй хүмүүст дэмжлэг үзүүлж ажилладаг” гэж буцаачихаад дараа болохоор эхнээсээ нэхэмжлэлээ өгөөгүй хэмээн шалтагласан. Энэ нь миний охинд туслахаас татгалзсан хэсэг үг биз дээ. Жирийн иргэд хүртэл хэлмэгдчихлээ, эрх нь зөрчигдлөө гээд байхад иргэнийхээ эрхийг хамгаалах учиртай тэд дуугүй л байсан. Үүгээр ч зогсохгүй туслаач гээд очиход туслах боломжгүй гэсэнд нь үнэхээр их гомдож сууна. Би сүүлдээ бүүр арга бараад “Та бүхэн ядаж, шүүх хурал дээр нь очоод сууж өгөөч гэж хүртэл гуйсан ч бас л зөвшөөрөөгүй. Үнэн гэвэл энэ л байна даа” хэмээн учирласан юм.
Үнэн ийм атал Хүний эрхийн Үндэсний комиссынхон хэвлэл мэдээллийнхэнийг айлган сүрдүүлж байгаа нь туйлын харамсалтай. Харин энэ асуудлыг Монгол Улсын гавьяат хуульч Ж.Бямбадорж дарга мэдээгүй бол асуудлыг анхаарч, хүний эрхийг дээдлэхийн төлөө ажилаасай гэдгийг дахин уламжилъя.
24tsag.mn
Сэтгэгдэл (23)