УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг хувьчилсан асуудлыг хэлэлцсэн билээ. Тус хуралдаанд “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчлах шийдвэрийг гаргасан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон нар оролцож, УИХ-ын гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Тэгвэл эл асуудлаар хэн юу хэлснийг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: “Эрдэнэт” бол стратегийн ач холбогдолтой орд газарт хамаардаг. Ийм асуудлыг Засгийн газар дангаараа шийдвэр гаргаад шийдэх боломжгүй, УИХ-аар заавал хэлэлцүүлэх шаардлага байсан.
Баримт 2. Бидний түүхэн хугацаанд хойд хөршийн нөлөөлөл их байсан. Хойд хөрштэйгөө найрамдалт харилцаатай байсны хамгийн том жишээ Эрдэнэт. Одоо манай улсад 49 хувь шилжсэнээр харилцааны асуудалд ан цав үүсэх вий. Ийм болгоомжлол Монгол түмэнд байна.
Баримт 3. Төсвийн томоохон ачааг үүрч яваа Эрдэнэтийн хувьчлалыг дагаад татварын төрд үүрэх ачаа сулрах гэж байна би харж байна. Төр санхүүгийн хувьд сул болно. Төсвийн алдагдал үүнийг дагаад ихэснэ. Алдагдлаа нөхийн тулд гаднаас зээлнэ. Зээлээ хаанаас авах нь ч тодорхой. Эдийн засгийн хараат байдал үүсэх нөхцөл байдал үүсчихээд байна.
Баримт 4. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: Энэ асуудлаар миний бие УИХ-ын сонгуулийн өмнө нэг удаа байр сууриа илэрхийлсэн. Түүнээс хойш нууцын горимоор хэлэлцэгдсэн учраас байр сууриа илэрхийлэх боломж байхгүй байсан.
Баримт 5. Хоёрдугаарт цаг хугацааны хувьд ч боломж муутай байсан. Сонгуулийн үе байсан, дараа нь шинэ УИХ байгуулагдсан, араас нь орон нутгийн сонгууль залгасан. Энэ үеэр байр сууриа илэрхийлэх нь асуудлыг эрүүлээр харахад хүндрэл учрах юм байна гэж үзээд хойшоо суусан.
Баримт 6. Өнгөрсөн ням гарагт сонгууль болж дууслаа, улс төрийн эмоци хойшоо тавигдаж байгаа учраас өнөөдрөөс эхлэн улстөрийн өнцгөөр биш, улс эх орны эрх ашгийн үүднээс харж эхлэх болов уу. Яагаад гэвэл УИХ-ын сонгуулийн дараа гээд намрын чуулган руу орвол 49 хувь Монгол руу ирэх асуудал хийгдэхгүй байж болзошгүй ийм байр суурь руу орж байна гэсэн учраас Засгийн газраас шийдвэр гаргасан.
Баримт 7. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхэд хоёр маргаантай асуудал байсан. Нэг хэсэг нь УИХ-аар энэ асуудлыг заавал хэлэцүүлэхгүй бол болохгүй гэсэн. Нөгөө талд нь энэ асуудлыг зохицуулсан хууль эрх зүйн зохицуулалт байхгүй байна гэсэн. Яагаад гэхээр худалдан авалт хийгдэнгүүт олон улсын гэрээ маань хүчин төгөлдөр бус болж байгаа.
Баримт 8. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцээд хүчингүй болгоод явах нь зөв явна гэсэн байр суурь гарсан. Засгийн газар эцсийн шийдвэр гаргах боломжгүй байгууллага учраас хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэцээр ярина биз. Би Ерөнхий сайдын хувьд асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх нь зөв гэж үзсэн.
Баримт 9. “Эрдэнэт”-ийн асуудал цаг хугацааны хувьд их эвгүй үед орж ирсэн. Зургадугаар сарын үед орж ирсэн нь УИХ-ын сонгуулийн компанит ажил эхэлчихсэн үе таарсан. Зургадугаар сарын 23-нд гурван улсын тэргүүн Ташкентад уулзахаас өмнө шийдэх боломж байна гэсэн цаг хугацааны хайч байсан учраас гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Монгол руу 100 хувь “Эрдэнэт”-ийг аваад ирэх шийдвэрээ гаргаад явах нь зөв юм аа гэж үзсэн.
Баримт 10. Засгийн газрын тогтоол нь нууцын ангилалд байсныг өөрчилж энгийн болгосон учраас Засгийн газрын тогтоолын ард протколыг хавсаргасан байгаа. Түүнд миний үг бий. УИХ долдугаар сард хуралдах нь уу, эсвэл намар хуралдах нь уу, энэ үед “Эрдэнэт”-ийн асуудлыг хамгийн тэргүүнд УИХ-д оруулж хэлэлцүүлж танилцуулна. Сонгуулийн сурталчилгаа эхлээд УИХ завсарласан байгаа учраас одоо хэлэлцүүлэх боломжгүй байна. Хоёрдугаарт, Ташкентын гурван улсын тэргүүний уулзалтаас өмнө шийдэх шаардлага байгаа учраас өнөөдөр бид энэ асуудлыг яриад Засгийн газар өөрөө санаачлаад оруулая гэж Ерөнхий сайдын хувд харж байна гэдгээ хэлсэн. Протколтой та бүхэн танилцсан болов уу.
Баримт 11. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Мөн ч өрөвдөлтэй юм ярьж байна, Ч.Сайханбилэг ээ. Засгийн газар ОХУ-ын 49 хувийг худалдахаар хэнийг, хэзээ томилсон бэ. Тэр хүмүүс нь яаж ажилласан юм. Одоогийн гэрээгээр хоёр талын Засгийн газар судлахаар оруулж ирсэн. Монголын Засгийн газар худалдан авах давуу эрхээс ээ татгалзана гэж хэзээ шийдсэн юм.
Баримт 12. Эрдэнэт үйлдвэрийг зарсан тухай жүжгийг О.Орхонд зориулж хийсээр байгаад дууссан.
Баримт 13. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: Таныг ямар нэг эмоцигүй ярих болов уу гэж горьдож орж ирсэн. Намайг яаж ярьж байгааг Үндсэн хуулийн цэц ч юм уу, бусад байгууллагууд нь тодорхойлох биз.
Баримт 14. ОХУ-д болж байгаа зүйлийг бид яаж мэдэх вэ Ц.Нямдорж гишүүнээ? ОХУ-ын өмчид байсан 49 Засгийн газраас Сангийн яам руу, Сангийн яамнаасаа ТӨХ руу шилжээд цаашлаад Ростех руу шилжиж байхад бид юм ярьдаггүй байсан.
Баримт 15. Монголын Засгийн газарт ямар нэг байдлаар сонголт хийх хувилбар энэ асуудал дээр байхгүй байсан. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Медведевййн гаргасан шийдвэрт “Монголын Засгийн газар зөвшөөрсөн тохиолдолд “Ростех”-ийн шийдвэрийг хүлээн зөвшөөрнө гэсэн байгаа.
Баримт 16. “Ростех”-оос манай Засгийн газарт Орос-Монголын хуулийн этгээд хоорондоо ямар үнэ ханшаар худалдан авалцах албан бичиг ирсэн. Ростех ямар компанийг мэдэхгүй. Ямартай ч Эрдэнэтийн 49 хувийг Ростех компани эзэмшиж байсан нь үнэн. Үүнд үндэслэн Засгийн газар зургадугаар сарын 13-ны хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрээ гаргасан. Энэ асуудал цаг хугацааны хувьд хайлчилбартай байсан учраас Засгийн газрын хуралдаанд оролцсон бүх сайд байр сууриа илэрхийлсэн. Хуралдаанд оролцсон бүх сайд дэмжсэн.
Баримт 17. Засгийн газар нөгөө талын захиалгаар шийдвэр гаргаагүй. Монголын захиалгаар шийдвэрээ гаргасан. Монгол Улсад энэ шийдвэр зөв гэж бодсон. Бидний шийдсэн үр дүнгээр Монгол Улс ОХУ-д төлөх өрийн энэ гэрээ хийгдсэнээр хүчингүй болж байна.
Баримт 18. Аж ахуйн нэгжүүд “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголд ирэх боломж гарлаа гэсэн үндсэнд дээр Монголын эрх ашгийн төлөө энэ шийдвэрийг гаргасан. Хэрвээ энэ шийдвэрийг гаргаагүй бол Монголын 49 хувь Оросын талд байх байсан.
Баримт 19. “ОХУ-ын Засгийн газар шийдвэрээ гаргасан. Ростех өөрсдөө асуудлаа шийдсэн. Үүнийг гурван улсын тэргүүний уулзалтын өмнө шийдэх боломж байна, Шинэ УИХ байгуулагдахыг хүлээвэл энэ асуудал унана” гэсэн цаг хугацааны хайчилбар байсан. Тийм учраас бид хууль зөрчихгүй, гаргаж болох хэмжээнд нь хийсэн. Хэрвээ Монгол төрд залгамж чанар байдаг бол энэ асуудлаа оруулж ирж дуусгах ёстой.
Баримт 20. ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон: ОХУ-ын талаас ч, Засгийн газраас ч, гэрээ хэлэлцээрт орсон хоёр компанийн хувьд ч энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж дуусгах шаардлага байсан.
Баримт 21. ОХУ-ын Дотоод хэргийн яамны хуулийн дүгнэлттэй зэрэг шийдвэр гарснаар хувьцаа эзэмшигч “Ростек” компани Засгийн газар, Хяналтын зөвлөлөөсөө зөвшөөрөл авсны үндсэн дээр хувьцаагаа худалдан борлуулах эрхтэй болсон. Энэ бол ОХУ-д болсон асуудал.
Баримт 22. “Монголын зэс” компанитай худалдах, худалдан авах гэрээ, нөхцлөө тохирч, холбогдох шийдвэр гаргадаг байгууллагуудаасаа зөвшөөрөл авсан.
Баримт 23. Монголын зэсийн корпараци бол Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж. Өөрийн гэсэн хөрөнгө оруулагчтай.
Баримт 24. Банк энэ компанид ямар нэгэн хувьцаа эзэмшдэггүй. Иргэн Пүрэвтүвшин өмнө нь манай банкинд ажиллаж байсан. Банк 200 сая ам.доллар биш, нэг зээлдэгчид олгох хэмжээ буюу өөрийн хөрөнгийнхөө 20 хувьтай тэнцэх зээл олгосон. Компани нэг сая төгрөгийн биш, хангалттай эх үүсвэртэй байсан.Энэ утгаараа манай компани зээл олгосон. Үүнийгээ ч буруу гэж бодохгүй байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (54)