Ахмад настан, алдар цолтнуудад нэмэгдэл, хөнгөлөлөлт олгоно
Ахмад настны тухай болон алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, мэдлэг, ур чадвараа өвлүүлэн үлдээх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжийг нь нэмэгдүүлэх үүднээс хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрт Ач санах хууль баталж, азай буурлууддаа “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан. Энэ дагуу 65 ба түүнээс дээш насны ахмадууддаа жилд хоёр удаа 100-300 мянган төгрөг олгохоор ирэх оны төсвийн төсөлд тусгаад байгаа юм.
Ахмад настны тухай хуулийн төсөл нь ахмад настны амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх зорилготой бөгөөд 4 бүлэг, 17 зүйлтэй. Ахмадуудад лавлагаа, мэдээллийн зөвлөгөө өгөх, сургах, хөгжүүлэх явуулын үйлчилгээ үзүүлэх, хэрэгцээтэй дэмжлэг, туслалцаа, үйлчилгээний талаарх мэдээллийг утсаар болон онлайн хэлбэрээр хүргэх зэрэг шинэлэг хэлбэрийн ажлыг хэрэгжүүлэхэд 750 сая төгрөг зарцуулахаар төлөвлөв.
Үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэдэг явдлыг таслан зогсооно
Ажлын хэсгийнхэн хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдэд холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийн талаар судалгаа хийж үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 35 зүйл хэсэгт заасан 374 хэрэгт 403 иргэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан болох нь тогтоогджээ. Мөн эрүүгийн 93 хэрэгт сэжигтэн, яллагдагчийн гэм буруутайг нотлох баримтаар тогтоож, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн бол эрүүгийн 139 хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж прокурорт шилжүүлсэн байна. Үүнээс харахад хэрэгсэхгүй болгосон хэрэг нь шүүхэд шилжүүлсэн хэргээс 33 хувиар их байна. Энэ нь гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг сайн шалгаж үзэлгүй үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэсэн үг юм. Тиймээс хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдэд хууль бусаар эрүүгийн хэрэг үүсгэдэг, эрүүгийн хэрэг үүсгээд дарамталдаг, нэг талыг барьж шалгадаг, танил талдаа үйлчилдэг, хууль зөрчдөг, олон арван сар шалгадаг явдлыг таслан зогсоож, хууль эрх зүйн орчныг сайжруулах нь зүйтэй гэж үзлээ.
Хуулиас давсан заалттай 86 шийдвэрийг хүчингүй болгож, ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТООГ 2-3 дахин ЦӨӨЛНӨ
Өнөөдөр Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 971 захиргааны хэм хэмжээний актаас хөрөнгө оруулалт, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой Сайдын тушаал 168, Агентлагийн даргын тушаал 25, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж 44 нийт 237 шийдвэр байна. Уг 237 захиргааны хэм хэмжээний актыг Ажлын хэсгийн хүрээнд хянан үзээд холбогдох хуулиудад нийцээгүй 100 шийдвэр байсныг тогтоож, хууль зөрчсөн зөрчлийг арилгах үүднээс Хууль зүй, дотоод хэргийн яам 86 шийдвэрийг хүчингүй болгох, 14 шийдвэрийг шинэчлэн баталж бүртгүүлэх тухай дүгнэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлжээ. Ажлын хэсэг мөн өнөөдөр байгаа 1400 гаруй нэр төрлийн тусгай зөвшөөрлийн тоог 2-оос 3 дахин бууруулж, зөвшөөрснөөс бусдыг хориглох бус хориглосноос бусдыг зөвшөөрч, эдийн засаг, бизнесийн үйл ажиллагааг дэмжих санал гаргасныг Засгийн газар дэмжлээ.
Товч мэдээ
- Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлав. Төлөвлөгөөнд нийгэм, эдийн засаг, байгаль орчин, засаглалын үндсэн 4 салбар, чиглэлийн 383 зорилт тусгав.
- Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн төслийг хэлэлцээд ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
- Монгол Улсын гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
- Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО хооронд 2016-2021 онд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийн төслийг дэмжив.
- 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Канад Улс хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Хэлэлцээрт дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад эрх тэгш нөхцөл олгох, хөрөнгийг нь нөхөн төлбөргүйгээр албадан хураахаас хамгаалах, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх зэрэг асуудлыг тусгажээ.
- Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох асуудлыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (4)