Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ням-Осор өнөөдөр мэдээлэл хийв. Тэрбээр “Төрийн өмчийн хороо татан буугдсанаар төрийн өмчийн 89 компанийн гааль, нийгмийн даатгал, Сангийн яаманд, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагуудад байгаа санхүүгийн тоо баримт маш их зөрчилтэй байгаа нь хүндрэл учруулж байна" гэв.
Үйл ажиллагаа явуулж тайлан тооцоо гаргаж байгаа 89 компани байна. Засгийн газраас шийдвэр гарсан тамга тэмдэгтэй боловч үйл ажиллагаа явуулдаггүй 7-8 компани байдаг аж. 2012 оны эцсийн байдлаар төрийн өмчийн болон төрийн өмчит оролцоотой компаниуд гурван их наяд төгрөгийн өртэй байжээ.
Өнгөрсөн онд эцсийн байдлаар 10,5 их наяд төгрөгийн өртэй болсон нь 2012 оныхоос гурав дахин нэмэгджээ. Авлага нь 2012 оны эцсээр 1,2 их наяд байсан. Хөрөнгийн үнэлгээ 21 их наяд болсон гэдгийг онцолсон.
Эдгээр алдагдалтай компаниудыг цаашид яах вэ гэсэн асуудлыг гарц хайж өнөөдөр Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газар хуралдаж байна гэдгийг хэлсэн юм. Ингээд ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчийн болон оролцоотой компаниудын эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулахаар болжээ.
Урьдчилсан байдлаар эдгээр компаниудад дөрвөн чиглэл барьж цаашид ажиллахаар Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна.
Эхний чиглэл нь үйл ажиллагаа явуулдаггүй “Мах корпораци”, Дарханы газрын тосны үйлдвэр зэрэг 7-8 газрыг татан буулгахаар төлөвлөжээ.
Хоёрдугаар чиглэл өөрчлөн байгуулж нэгтгэнэ. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, Эрчим хүчний хүрээлэн, Эрчим хүчний судалгааны төв гээд байгууллагуудыг нэгтгэж болох бүтцийн өөрчлөн байгуулалт хийх 10 гаруй компани бий. ТОСК, Барилгын хөгжлийн төв, Авто тээврийн үндэсний төв гээд компанийн засаглал биш хувь хүний тоглолт явагддаг 8-9 байгууллагад өөрчлөлт хийж хяналтын системийг илүү болгох аж.
Гурав дахь чиглэл нь хувьчлал. Төрийн өмчийн 89 компаниас 30 орчим нь ашигтай ажилладаг байна. Үлдсэн нь компаниуд нь алдагдалтай ажилладаг. Засгийн газрын хуралдаанд танилцуулаад УИХ-аар орж байж хувьчлах эсэх нь асуудал шийдэгдэх гэнэ.
Дөрөв дэх чиглэл нь дулааны болон цахилгаан станц, МИАТ, Төмөр зам, томоохон стратегийн орд газруудын менежмент удирдлагын бодлогыг сайжруулах, өр зээлнээс нь гаргах, үйл ажиллагааг сайжруулна гэдгийг Ц.Ням-Осор дарга хэллээ.
Сэтгэгдэл (4)