БНХАУ-д зохиогдсон Олон улсын “Гүүр” хятад хэлний тэмцээнд оролцсон монгол сурагчид багаараа Ази тивийн аварга, Сарангэрэлийн Эрдэнэ-Очир хувийн амжилтаараа Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртжээ.
Есдахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд 89 орны сурагчид мэдлэг оюунаа уралдуулсан бөгөөд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Монгол-Найрамдал” сургуулийн 12б ангийн сурагч С.Эрдэнэ-Очир, “Үй-цай” сургуулийн сурагч Э.Энэрэл нар багаараа Ази тивийн аварга болсон байна. Харин С.Эрдэнэ-Очир хувийн амжилтаараа Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүлжээ.
Эх орныхоо нэрийг дэлхийн хэмжээнд цуурайтуулсан С.Эрдэнэ-Очирийг өнөөдөр “Монгол-Найрамдал” сургуулийн удирлагууд хүлээн авч халуун баяр хүргэлээ.
Энэ үеэр “Монгол-Найрамдал” сургуулийн захирал Жянь Шянь Мэй “Олон улсын өндөр нэр хүндтэй “Гүүр” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, амжилт гаргасан С.Эрдэнэ-Очиртоо баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье” хэмээсэн юм.
Харин тус арга хэмжээнд оролцсон Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэсийн ахлах мэргэжилтэн Л.Сосорбарам “Дэлхийн хэмжээний тэмцээнд оролцож, эх орныхоо нэрийг мандуулсан сурагчдаа баяр хүргэхийн ялдамд энэхүү амжилтын үндэс болсон эрдэмтэн багш нарт нь мөн халуун баяр хүргье. Өчигдөр болж өнгөрсөн Монгол Бахархалын өдөртэй зэрэгцэн Монголынхоо нэрийг дэлхийд гаргаж чадсан сурагчийнхаа амжилтын баярт мэдээг сонсоод дүүргийн боловсролын хэлтэс, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын зүгээс С.Эрдэнэ-Очирийг дүүргийн “Шилдэг хүүхэд” алтан медалиар шагнах болсныг баяртайгаар мэдэгье” хэмээлээ.
Түүнчлэн Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн С.Эрдэнэ-Очирт сургуулийн зүгээс болон Монгол Улсад байнга оршин суугаа Хятад улсын харъяат иргэдийн зөвлөлөөс мөнгөн шагналаар шагнаж урамшуулсныг гардуулан өгсөн юм.
Харин энэ үеэр 89 орны сурагчдыг манлайлан Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн С.Эрдэнэ-Очирын баярын сэтгэгдлээс нь хуваалцав. Тэрбээр “Би Монгол-Найрамдал сургуульд 12 дахь жилдээ суралцаж, хятадыг хэлийг судалж байна. Энэхүү тэмцээнд амжилт гаргахад багш нарын маань хичээл зүтгэл их нөлөөлсөн гэж боддог. Тиймээс багш нартаа талархаж явдагаа илэрхийлье. Олон Улсын гүүр тэмцээнд нь таван үе шаттай явагдсан бөгөөд бичгийн шалгалт дээрээ 89 орны сурагчдаас ганцаараа 100 хувь авч, хувийн амжилтаараа тэргүүлж, багаараа Азийн тивийн аварга болсондоо үнэхээр их баяртай байна” гэв.
Сэтгэгдэл (10)