Ц.Нямдорж гишүүн олны анхаарал татсан сэдвийн хүрээнд хэвлэлийн хурал зарлан ноцтой асуудал мэдээлж, нийгэмд хэсэгтээ шуугиан дэгдээж чаддаг туршлагатай улстөрч. Тэрээр Эрдэнэтийг тойрсон асуудлаар хэд хэдэн хэвлэлийн хурал хийсэн. “Илүү ноцтой мэдээлэл байгаа” хэмээн хурлаа дуусгадаг нь хэн нэгэнд зориулсан шантааж мэт харагддаг. Үнэхээр ч удалгүй Увсын фракц Эрдэнэт дэх засаглалд хутгалдахыг хүссэн мэдээлэл цацагдаж эхэлсэн. Алтжингийн Алтанг гүйцэтгэх захирлаар томилуулах асуудал яригдаж эхэлснийг хэвлэлийнхэн шуугисан ч Ц.Нямдорж гишүүн үгүйсгэсэн. Монгол Улсад парламент үүссэн цагаас завсаргүй сонгогдсон тулхтай улстөрч, туршлагатай парламентч гэгддэг Ц.Нямдоржийн хэлсэн үг жирийн нэг шинэ гишүүний дэлгэн үзүүлсэн баримтаас илүү итгэл үнэмшил төрүүлдэг.
Гэвч өнгөрсөн парламентын үед Хууль зүйн сайд байхдаа хэвлэлийн хурал зарлаж Зам тээврийн сайд асан Х.Баттулгыг Солонгос Хятадуудтай төмөр зам барих нууц гэрээ хийсэн хэмээн бөөн цаас, баримт дэлгэн мэдээлсэн. Энэ талаараа хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдэд ярилцлага өгч улам дэврээж байв. Олон нийт ч “Женко”-г “нууц гэрээ үйлдэгч” хэмээн цоллож байлаа. Харин Х.Баттулга үүнийг “ор мөргүй гүтгэлэг” хэмээн няцааж, нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд өгсөн юм. Хан-Уул дүүргийн шүүх, нийслэлийн шүүхээс Ц.Нямдоржийг ор үндэсгүй мэдээлэл тараасныхаа төлөө уучлалт гуйх ёстой гэсэн шийдвэр гаргасныг тэр бүр мэдээлээгүй орхисон.
Туршлагажсан парламентч, “хуулийн эцэг” шахуу Ц.Нямдорж энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй. Чингэлтэй дүүргийн шүүхэд дахин хэлэлцүүлэх хүсэлт гаргасан ч тус дүүргийн шүүхээс “Х.Баттулга нууц гэрээ байгуулаагүй” гэж шийдвэрлэсэн юм.
Ингээд Ц.Нямдоржийн эхлүүлсэн гүтгэлэг олон нийтэд хүчтэй сэтгэгдэл үлдээж, харин тэр мэдээлэл нь худлаа гэдэг шүүхийн шийдвэрийн талаар тэр бүр мэдэхгүй өнгөрсөн түүхтэй. Энэ удаад Ц.Нямдорж гишүүн шүүх дээр бүдрэхгүй мэдээлэл түгээсэн байгаасай.
Сэтгэгдэл (10)