АНУ-ын Лас Вегас хотноо болж буй "Memoriad-2016" оюуны олимпт манай улсаас 14 тамирчин өрсөлдөж буй. Тэмцээний хоёр дахь өдөр /11.09/ "Flash Numbers" буюу харааны ой тогтоолт, цээж бодолтын "Mental Addition" төрлүүд явагдаж, дүнгээ гаргалаа.
"Flash Numbers" буюу харааны ой тогтоолтын төрөлд Их Мастер С.Цогбадрах 486 цифр тогтоон алдаагүй санаж, алтан медалийн болзол хангажээ. Ингэснээр С.Цогбадрах оюуны олимпийн хос алтан медальтай монголын анхны тамирчин болж, дээд амжилтаа шинэчлэн тогтоолоо. Тэрбээр өмнө нь оюуны олимпд 300 цифр тогтоон алдаагүй санаж алтан медаль хүртэж байсан юм.
Мөн энэ төрөлд Их Мастер Э.Пүрэвжав 232 цифр алдаагүй санаснаар хүрэл медалийн болзол хангасан байна. Тэмцээний хоёр дахь төрөл болох "Mental Addition"-д Д.Биндэръяа, Б.Энхлүүн, Б.Хангал, Д.Гэрэлт-Од, Б.Бат-Эрдэнэ нар оролцлоо. Ингээд манай тамирчдаас Б.Биндэръяа 10 бодлогыг 3 минут 40 секундэд алдаагүй бодсоноор мөнгөн медалийн болзол хангасан байна. "Mental Addition" нь 10 оронтой 10 тооны нийлбэрийг олох бодлогуудыг маш богино хугацаанд алдаагүй хариу гаргах төрөл юм.
Ийнхүү Монголын баг тамирчид хоёр дахь өдрийн байдлаар 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль буюу нийт найман медалийн болзол хангаад байна.
Сэтгэгдэл (6)