АНУ-ын Лас Вегас хотноо болж буй "Memoriad-2016" оюуны олимпт манай улсаас 14 тамирчин өрсөлдөж буй. Тэмцээний хоёр дахь өдөр /11.09/ "Binary digits" буюу "Хоёртын тоолол" төрөл явагдаж, дүнгээ гаргалаа.
Энэхүү төрөлд Их Мастер Б.Шижир-Эрдэнэ 4770 цифр алдаагүй санаснаар олимпийн дээд амжилтыг шинэчилж, алтан медаль хүртлээ. Өмнө нь энэ төрөлд буюу 2012 онд Германы тамирчин, ОУ-ын Их Мастер Ёханнес Маллов 4065 цифр алдаагүй санаснаар олимпийн дээд амжилтыг тогтоож байжээ.
Мөн энэ төрөлд Азийн Мастер З.Цэцэгзул (16 нас) 4545 цифр алдаагүй санаж мөнгөн медалийн эзэн боллоо.
Ийнхүү Монголын баг тамирчид хоёр дахь өдрийн байдлаар 4 алт, 6 мөнгө, 5 хүрэл медаль буюу нийт 15 медалийн болзол хангаад байна.