Өвлийн улиралд ханиадны эсрэг дархлааг дэмжигч хамгийн ашигтай жимс бол чацаргана. Амтны хувьд хан боргоцой жимстэй ойролцоо тул “Умард зүгийн хан боргоцой” гэх нь бий. Исгэлэн, эхүүн амттай, бүлээн чанартай уг жимс нь тослог шинж чанарыг агуулдаг. Энэ жимсээр ундаа хийдэг үндэсний үйлдвэрлэгчид олон. Харин олонд танигдсан ундааны нэг болох “Шар доктор” өтгөрүүлсэн шүүсийг амталж үзээгүй хэрэглэгчид байхгүй биз.
Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 19-нд тус үйлдвэрийг зорьж “шар доктор” хэрхэн бүтэж хэрэглэгчдийнхээ гарт хүрдэгийг сонирхов. “Шар доктортой хуушуурдалт” аялалын хүрээнд олны танил эрхмүүд, хэвлэл мэдээллийн байгууллагынхан оролцсон юм.
Хан-Уул дүүргийн 13-р хороонд байрлах тус ундааны үйлдвэр нь 20 гаруй ажилтантай, дам ажлын байраар 50 гаруй хүнийг хангажээ. Өдөрт 2000 тонн цэвэр чяцарганаар ундаа үйлдвэрлэдэг аж. “Шар доктор” нь шилтэй 750 мл, 330 мл-ийн жүүс, 100мл, 50мл-ийн тос, зэрэг бүтээгдэхүүнүүдийг дотоодод болон гадаадад экспортонд гаргадаг.
“Шар доктор”-ыг 2007 оноос үйлдвэрлэж эхэлжээ. Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ гээд аймаг орон нутгуудаас чацарганаа худалдан авдаг байна.
Эко ундааг үйлдвэрлэх шат дамжлага нүсэр биш ажээ. Гэрийн нөхцөлд чацарганыг буцалгадаг шиг гэхэд болно. Гэхдээ боловсронгуй, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн өнгө оруулагч бодис ашигладаггүй гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, чацарганаа угаана, үрнээс нь ангилж цэвэрлэнэ, шүүсийг нь шахаж гаргана. Ингээд л эцсийн бүтээгдэхүүн бэлэн болж хэрэглэгч бидний гард хүрдэг байна.
“Живэртийн Оргил” ХХК-ийн захирал Н.Сайнжаргал Германд амьдарч байх үедээ гэргийтэйгээ танилцсанаар өнөөдрийн “Шар доктор” бий болсон түүхтэй гэнэ.
Тэрбээр “ Бид 2007 оноос үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Эх орондоо очоод юу хийх талаараа эхнэртэйгээ ярилцсаны эцэст хүний эрүүл мэндэд тустай зүйл хийе гэж бодож олсон нь чацаргана. Чацарганыг жимсний хаан ч гэж нэрлэдэг шүү дээ. “Шар доктор” гэдэг нэрийг эхнэр маань өгсөн. Нэг өдөр нэр хайж байгаад санаандгүй олсон хэрэг. Бид чацарганыг иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас худалдан авдаг. Үүний үр дүн сүүлийн 2-3 жилд гарч байна. Иргэд чацаргана ихээр тарьж байна.
Манай үйлдвэрийнхэн нийт чацарганы тариалалтын 70-80 хувийг өөр дээрээ төвлөрүүлж авдаг. Аж ахуй нэгжүүд бие биенээ дэмжиж ажиллах хэрэгтэй. Нөгөө талаасаа байгаль орчинд ээлтэйгээр үйл ажиллагаагаа хамтран явуулж байна. Чацарганы тариалалт нь өөрөө газрын хөрсөнд сайн нөлөөтэй. Бид нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Аж ахуй нэгжүүд бүгдээрээ үйлдвэртэйгээ хэрэглэгчдээ танилцуулах аяныг өрнүүлж байна. Ямар үйлдвэрлэл явуулдаг, хүний биед эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаа танилцуулж, батлах хэрэгтэй. Энэ бол үйлдвэрээ сурталчилж байгаа хэрэг биш” гэлээ.
Түүнчлэн сошиал медиад жиргээгээрээ олон дагалдагчидтай “Маркетер Төгсөө” жиргээчдээ төлөөлж шүлэг зохиосон нь олны хөгжөөж чадсан юм.
Чацарганы ундаа нэг өнгөөр гарах боломж байдгүй аж. Хэрэв нэг л өнгөөр гараад байвал тэр нь сайн ундаа биш гэнэ. Чацаргана 20 төрлийн сорт байдаг. Тухайн өдөр ямар сортыг нь оруулснаас шалтгаалж өнгө нь өөр байдаг юм байна.
Үйлдвэртэй танилцах өдөрлөгийг “Мөрөөдлийн театр”-ийн жүжигчин Г.Алтаншагай хөтөлж Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгуай үг хэлсэн юм.
Б.Лхагвасүрэнгуай “ Хүнийг урихад нэг баярлана. Уриад орход дахин нэг баярлана. Энэ сайхан анхилуун үнэрт чацарганы үйлдвэртэй өнөөдөр танилцаж байна. “Шар доктор”-ыг байгалийн амин дэмээр нь үйлдвэрлэдэг юм байна гэдгийг үйлдвэртэй танилцаж явахдаа харлаа.
Хэрвээ “шар эмч” гэж өгсөн бол хэн ч анзаарахгүй байх байсан. “Шар доктор” гэж өгсөн нь цаг үеэ олсон, содон нэр болж чадсан. “Шар доктор”-ынхон бол хүнд эм биш эрүүлийг өгдөг юм байна. Ажилд нь амжилт хүсье.” гэсэн юм.
Тус үйлдвэр нь жилдээ 1500 тонныг үйлдвэрлэж, хэрэглэгчдэдээ хүргэхийн сацуу мөн Япон улс руу экспортолдог аж.
2012 онд Монголд чацаргана үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүдээс дээж авч Японд аваачиж, лабораторын нарийн шинжилгээнд оруулахад "Шар Доктор" компанийн бүтээгдэхүүн өндөр үзүүлэлттэй гарсан байна.
Ингээд 2012 оны 06 сараас хойш Японд ШарДокторын Чацарганыг импортлож эхэлснээс хойш 10 орчим тонн цэвэр шүүс, 300 орчим кг тос Монголоос Японд экспортонд гарчээ.
Хэдийгээр энэ бага тоо ч гэсэн Монголоос гадаад оронд гарч буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг нэмж, цаашид экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон гэдэг нэр хүнд ,түүнчлэн тогтмол экспортын орлогын эх үүсвэрийг бий болгож байгаа юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (6)