Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ойр орчмынхныг баривчилж, хорьж эхэлсэн нь олны анхаарлыг татсан хэвээр байгаа билээ. Харин чухам ямар хэрэг хийсэн болоод ямар үндэслэлээр шалгаж, хорьж байгаа нь төдийлөн олон нийтэд ил бус байгаа.
Хууль хүчний байгууллагаас энэ талаар өнөөдрийг хүртэл албан ёсоор тайлбар мэдээлэл хийгээгүй. Харин олон нийт Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөх болсон, улс төрийн нөхцөл байдлыг хүчтэй шүүмжилж дуугарах болсноос ийнхүү дүү нарыг нь цагдан хорьж, шалгаж эхэлсэн байх гэх таамаг төдийхөн мэдээлэлтэй байгаа. Тэгвэл Н.Алтанхуягийн дүү нарыг чухам ямар үнэдслэлээр, ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгааг хоригдоод буй эмэгтэйчүүдийн өмгөөлөгч нараас тодрууллаа.
Өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд Н.Алтанхуягийн төрсөн эгчийн охин Ц.Насанбатыг цагдан хорьсон гомдлыг хэлэлцэх шүүх хурал болох байсан ч дүүргийн шүүгчийн шүүх хурал давхцсан гэх шалтгаанаар хойшилсон билээ. Энэ үеэр Н.Алтанхуягийн төрсөн дүү Ц.Насанбатын өмгөөлөгч Д.Хишигбаяраас зарим нэгэн зүйлийг тодрууллаа
-Танай үйлчлүүлэгчийг чухам ямар шалтгаанаар цагдан хорьсон юм бол. Гадуур шалгах боломжгүй байсан юм болов уу?
-Монгол Улсын шүүх АТГ-аас хараат ажиллаж байна. Н.Алтанхуягийн төрсөн эгчийн дүү Ц.Насанбатыг баривчилсан нь улс төрийн зорилготой ажиллагаа юм. Түүнийг яагаад хорьсон нь ойлгомжгүй, хууль зөрчсөн шинжтэй байгаа. Уг нь бол эхлээд Ц.Насанбатыг гэрчээр дуудаж байцаалт авдаг байсан юм билээ. АТГ-ын мөрдөн байцаагчийг дуудах болгонд нь очиж байсан. Ямар нэгэн байдлаар байцаалтаас зайлсхийсэн үйлдэл огт гаргаж байгаагүй. Тийм байхад оргон зайлах үндэслэлтэй гэж үзээд цагдан хорьчихсон. Энэ бол Үндсэн хуулиас эхлээд Хүний эрхийн конвенцийн олон зүйл заалтыг зөрчсөн, илт улс төрийн шинжтэй хэрэг болж байна. Ерөөсөө Н.Алтанхуяг гэдэг хүний дүү гэсэн шалтгаанаар зохиомол хэрэг үүсгэн үндэслэлгүйгээр хорьж байна.
-Тэгвэл ямар зүйл ангиар ямар хэрэгт буруутган шалгаж байгаа талаар мэдээлэл өгөх боломжтой юу?
-Ц.Насанбатыг Эрүүгийн хуулийн 263.2 зүйлээр Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр шалгаж, баривчилсан.
-Ц.Насанбат төрийн албанд ажиллаж байгаагүй гэсэн мэдээлэл байсан. Тэгэхээр яагаад ийм зүйл ангиар баривчилсан юм бол?
-Ц.Насанбат Төрийн албанд нэг ч цаг ажиллаж үзээгүй хүн шүү дээ. Энэ бол шууд хэрэгт гүтгэж байгаа хэрэг. Дээр нь Ц.Насанбат нь насанд хүрээгүй гурван хүүхэдтэй. 3, 7, 17 настай гурван хүүхдийг нь харах хүнгүй байхад 5 хоног ээжийг нь хорьчихлоо.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэгийг энэ сарын 16-ны орой АТГ-аас саатуулан, цагдан хорьсон бөгөөд түүнийг ямар ч үндэслэлгүй цагдан хорилоо хэмээн ар гэрийнхэн нь шүүхэд гомдол гаргасан билээ.
Тэгвэл эл гомдлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд Н.Наранцэцэгт авсан цагдан хорих, таслах сэргийлэх арга хэмжээ нь үндэслэлтэй байна гэж үзсэн юм. Тиймээс түүнийг энэ сарын 31-нийг хүртэл цагдан хорих шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үргэлжлэхээр болсон юм.
Тэгвэл энэ талаар Н.Наранцэцэгийн өмгөөлөгч О.Чулуунчимэгээс ямар шалтгаанаар хорьж байгаа болон түүнийг ямар хэрэгт буруутгаж байгаа болохыг тодрууллаа.
-Н.Наранцэцэгийн ямар шалтгаанаар цагдан хорьж шалгаж байгааг тодруулаач?
-АТГ, прокуророос Н.Наранцэцэгийг гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж магадгүй, хүнд гэмт хэрэгт сэжиглэгдсэн гэх үндэслэлүүд гаргаж ирсэн байдаг. Үйлчлүүлэгч маань оргон зайлах ямар нэгэн үйлдэл хийгээгүй.
-Төрийн албанд ажиллаж байгаагүй хүнийг яагаад ийм хэрэгт буруутган шалгаж байгаа нь хачирхалтай санагдаад байна. Үүнийг та жаахан ойлгомжтой тайлбарлаж өгөхгүй юу?
-Манай үйлчлүүлэгчийн шалгагдаж байгаа гэмт хэрэг нь төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ хэтрүүлэх гэсэн хэрэгт буруутгагдаж байгаа. Гэтэл Н.Наранцэцэг төрийн албанд нэг ч удаа ажиллаж үзээгүй хүн. Тиймээс түүнд ямар ч эрх мэдэл байхгүй. Энэ нь илт үндэслэлгүйгээр сэжигтнээр тооцсоныг шүүх харгалзан үзэх ёстой гэдэг гомдлыг гаргасан юм.
-Н.Наранцэцэгийг ямар зүйл ангиар шалгаж байгаа билээ?
-Н.Наранцэцэгийг Эрүүгийн хуулийн 150.3 дугаар зүйл, 263.2 дугаар зүйл ангид заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнээр тооцон, цагдан хорьсон.
24tsag.mn
Сэтгэгдэл (48)