Монгол Улсын Ерөнхиий сайд Н.Алтанхуягийг тойрсон дуулиан олны анхаарлыг татаж байна. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн цагаас эхлэн ойр дотныхоныг нь цагдан хорьж улмаар АТГ-аас түүнийг дөрвөн цаг орчим байцаасан зэрэг олон асуудал сүүлийн хэдэн өдөр өрнөсөн билээ. Тэгвэл эл дуулиан хэрхэн өрнөснийг "Багц 24" буландаа онцолж байна.
2016 оны 11 дүгээр сарын 9-ны өдөр: Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг эл өдөр мдээлэл хийж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсноо албан ёсоор мэдэгдсэн юм. Тэрбээр энэ үеэр “Монголчууд явцуу эрх ашгаараа нэгдсэн нам дамнасан бүлэглэлийн санаархлыг тас цохиж монгол төрөө хуйвалдагчдаас тусгаарлаж, чөлөөлөх цаг нь ирсэн. Би ард түмнийхээ язгуур эрх ашгийг эцсээ хүртэл хамгаална гэсэн үгэндээ эзэн болж бодит ажил болгохын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдлээ. Яагаад ийм шийдвэр гаргасан гэхээр, улам бүр үнэгүйдэн алдагдаж байгаа Монгол ёс, хуулийн засаглалыг сэргээн тогтоож Монголын нийгэмд нүүрлэсэн худал хуурмаг дарангуйлал түрэмгийлэл улс төрийн явцуу зорилготой бүлэглэлийг нэн даруй таслан зогсоох шаардлагатай боллоо. Өнөөдөр Авлигатай тэмцэх гэдэг нь улстөрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл төдий зүйл болон хувирч хуйвалдааны бүлэглэл өөрсдийнхөө олон хууль бус үйлдэл, илэрхий авлигыг шударга зүйл гавьяа мэтээр ил тод сурталчилж байна. Үүнд цэг тавья” хэмээн хатуухан хэлсэн билээ.
2016 оны 11 сарын 16-ны өдөр: Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэгийг АТГ-аас баривчлан саатуулав. Түүнийг эмнэлэгт үзүүлэхээр гадагшаа явах гэж байхад нь хилийн хориг тавьж, онгоцны буудалд саатуулсан юм.
Онгоцны буудлаас Авлигатай тэмцэх газарт аваачин найман цаг гаруй байлгаж ямар нэгэн байцаалт аваагүй, өмгөөлөгчтэй нь уулзуулаагүй аж. Ингээд шүүхийн захирамж танилцуулан ШШБЕГ-ын харъяа 461 дүгээр ангид эл өдрийн орой саатуулсан билээ.
2016 оны 11 сарын 17-ны өдөр: Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь охиныг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу баривчлан авч явав. Тухайн үед түүнийг ямар шалтгаанаар хорьсон нь тодорхойгүй байсан юм. Харин албан бус эх сурвалжуудын мэдээлж байснаар Ц.Наранбатыг төрийн албан хаагч эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгаж байгаа гэсэн юм. Тиймээс ч түүний өмгөөлөгч болон ар гэрийнхэн нь үндэслэлгүй хорьж байна хэмээн шүүхэд хандсан ч шүүх үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан.
2016 оны 11 сарын 20-ны өдөр: Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Монгол HD” телевизийн “Хар хайрцаг” нэвтрүүлэгт орж дахин "бөмбөг" дэлбэлсэн. Тэрбээр “...Намайг огцруулсан манай намын гишүүдийг би буруутгадаггүй. Аливаа зүйлийн зөв буруу нь цаг хугацаа өнгөрөх тусам бодитой харагддаг юм байна. Манай намын гишүүдийн намайг унагаана гэж кноп дарсныг өөрсдийнх хийсэн үйлдэл гэж боддоггүй. Үүнийг зохион байгуулсан бүлэг бүлэглэл, магадгүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оролцоотой хийгдсэн зүйл. Ардчилсан намынхан тийм муу хүмүүс биш шүү. Манай засгийн газрыг огцруулах болсон нь давхар дээл гэдэг зүйлийг оруулж ирснээс болсон. Би Ерөнхийлөгчид хэлж байсан. Та энэ давхар дээлээ оруулж ирж яах юм бэ бид нар ажлаа хиймээр байна гэж хэлж байсан. Дараа нь давхар дээлийн хуулийг ярьж байгаад байнгын хорооны хурал дээр би бас дургүйцлээ илэрхийлж байсан. Энэ давхар дээлийн хуулийг буцаая аа. Одоо ажлаа хийе юун давхар дээл вэ гээд буцааж байсан. Тэгэхэд их хурлын гишүүд кнопоо дарж чаддаггүй юм байна гэдгийг байнгын хорооны хурал дээр харсан. Тэнд нэг гишүүн орж ирээд кнопоо дарсан бол бид нар олонхи болох байсан юм. Тэр гишүүн орж ирээгүй. Би хожим хойно нь та яагаад орж ирээгүй юм гэхэд маш хүнд байдал надад тохиолдсон уучлаарай гэж байсан. Тодруулаад асуусан чинь нэг дүүг нь шоронд хийчихсэн байсан тэр үед бол гарчихсан байсан. Тэгээд дахиад кноп дарвал дүүг нь дахиад шоронд хийх ийм нөхцөл байдал үүсчихсэн байсан юм байна лээ. Монголын төр ингэж ард түмнээс сонгогдож ирсэн УИХ-ын гишүүний кноп дарах эрхэнд халдаж болохгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл кнопыг нь барьцаалж байна. Би сүүлийн үед УИХ-д хэлсэн хэн ч тоогоогүй. Учир нь ихэнхийг нь барьцаанд авчихсан юм билээ. Хүний амьдралд жижиг сажиг янз бүрийн юм байна. Харин үүгээрээ барьцаанд ордог юм байна лээ. Монгол Улсын их хурлын гишүүн ард түмнээс сонгогдчихоод кнопоо өөрөө мэдэж дарж чадахгүй болчихоор чинь монголын төрийг хэн удирдаж байгаа юм гэж маш олон удаа асуусан. Ингэж Монгол Улсын төрийн тогтолцоог унагааж байгаа юм. Би энийг бүлэглэл гэж хэлээд байгаа юм. Цөөхөн хүний гарт тоглоом болж байна. Хүн харахад 76 хүн байгаа мөртлөө тэнд ямар ч 76 байхгүй. Тэд кнопоо дарж чадахгүй байна шүү дээ. Хэлснийх нь дагуу дарна. Одоо ч МАН-ынхны дунд энэ дүр зураг байгаа байх. ... Би монгол хүн болж төрснийх энэ үнэ цэнэтэй зүйлээ авч үлдэхийг боддог. Би юмаа худалдаж иддэг хүн биш. ...Хэн нэгний төлөө юм уу, хэн нэгний хүсэл шуналыг хангахын төлөө би төрөөгүй. Эсвэл би нэг хэсэг бүлэглэлийн, хэдэн мөнгөтэй хүмүүсийн, бусдыгаа дээрлэхдэг, дээрэлхэхдээ хууль хяналтын байгууллагыг ашигладаг би ийм юмыг дэмжих гэж төрөөгүй. Тийм учраас би өөрийнхөө зарчим дээр л үлдсэн. Монголчууд цөөхүүлэхнээ юм чинь хэл амаа ололцоод зөв явах ёстой гэж би боддог. Хэл амаа олоод яв гэдэг нь ард түмний эрх ашгийг огоороод тэднийхээ байгаа баялгийг худалдаж идээд яв гэсэн үг биш. Би энэ байр суурин дээрээ үхэн үхтлээ байна. Энэ байр сууриныхаа төлөө үхэн үхтлээ тэмцэнэ. Ингэж хэлсний төлөө олон хүн золигт гарч байгаа. Надад хувь хүнийхээ талд нэг эмзэглэл байгаа. Би идэж уучихсан бол намайг шалгаж болно. Ер нь юмыг ил тод болгохгүй бол энэ хуулийн байгууллага чинь хонгил болчихсон. Би бол ерөнхийлөгч гээд байгаа юм л даа. Ерөнхийлөгч бол хэлнэ биз” хэмээсэн юм.
2016 оны 11 сарын 30-ны өдөр 14 цаг: Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт АТГ-аас зарлан дуудах хуудас ирүүлэв. Түүнийг эрүүгийн хэрэгт сэжигтэнээр тооцон мэдүүлэг авахаар зарлан дуудах хуудас ирүүлсэн байна. Хэрэв заасан хугацаанд ирэхгүй бол албадан ирүүлэхийг мэдэгджээ. Тухайн үед түүнийг хуулийнхан зарлан дуудах хуудас ирүүлсэн нэрийдлээр цагдан хорихыг үгүйсгэхгүй гэх мэдээлэл гарсан.
2011 оны 11 сарын 30-ны өдөр 16 цаг: АТГ-аас өнөөдөр Н.Алтанхуягт зарлан дуудах хуудас ирүүлсэн. Тэгвэл 16 цагт тэрбээр АТГ-т мэдүүлэг өгөхөөр ирсэн юм. Энэ үеэрээ Н.Алтанхуяг сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр “Өнөөдөр хоёр цагийн үед надад нэгэн зарлан дуудах хуудас ирүүлсэн. Тэгээд би ирлээ. Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд хэлсэн чинь нэлээд үйл явдал өрнөх юм шиг байна. Хоёрдугаарт нь саяхан нэг нэвтрүүлэгт ороод Монголын нийгэмд болохгүй байгаа зүйлийг талаар тэр дундаа хэдхэн хүмүүс Монголын баялагыг сорчлоод Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт зэрэг газраас цөөхөн хүмүүс хөрөнгө мөнгө завшаад байна гээд хэлсэн чинь манай Ц.Элбэгдорж, тэдний бүлэглэлийнхэн их л амь тавьж байх шиг бололтой юм.
Цөөхөн хэдхэн хоногийн дотор гурав, дөрвөн эмэгтэйг цагдан хорилоо. Ер нь бол манай ерөнхийлөгч ба тэдний бүлэглэлийн бий болгосон хууль хяналтын байгууллагын дотор нэгэн хонгил байдаг гэдгийг би өнгөрсөн дөрвөн сард хэлж байсан. Тэгвэл тэр хонгил руугаа шахаж оруулах гэсэн оролдлого намайг Ерөнхий сайд байхаас л явж эхэлсэн. Харин одоо ойр хавийн хүмүүсийг маань барьж хорьчихоод одоо тэдэнтэй маань холбогдуулж бас нэгэн зохиомол хэрэг рүү оруулж байгаа байх. Энд бол айж ичээд байх зүйл байхгүй, үнэн мөн хэзээд ялна. Гэхдээ би хоёр зүйлд харамсаж байна. Намайг эртхэн шиг шууд дуудаад асуучихгүй, заавал ойр хавийнхан, Л.Гансүх, Б.Мөнгөнтуяа гээд олон хүнийг шорон гянданд тарчилааж байх хэрэг юу байхав дээ. Ер нь шорон гяндангаар тарчлаадаг явдлыг болих хэрэгтэй. Намайг тэр шорондоо хийчихээд одоо тэр олон хүнийг суулах цаг нь болсон гэж би бодож, өнөөдөр ирж байна. Харин цаг нь их давчуу хэллээ. Тэд намайг зугтана гэж бодсон юм байлгүй дээ.
Эцэст нь хэлэхэд Ц.Элбэгдорж бид нар 1990 оноос л эхлэн ардчиллын төлөө явсан. Ер нь Ц.Элбэгдоржийн үгэнд л заавал орох ёстой. Харин орохгүй бол шоронд ордог Ардчилалын төлөө би яваагүй. Ийм хоёрхон сонголттой ардчилал Монголд байж болохгүй шүү дээ. Би Ц.Элбэгдоржийн төлөө биш эх орныхоо төлөө зүтгэмээр байна. Шоронд хийсэн ч гэсэн бууж өгөхгүй тэмцэнэ” хэмээлээ.
2016 оны 11 сарын 30-ны өдөр 18 цагт: Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг байцаалт өгөхөөр АТГ-т ирэх үеэр Ахмадын холбооны тэргүүн Н.Баасан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нарын хүмүүс ирсэн байв. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас ямар зорилгоор ирснийг тодруулбал “Би өөрийгөө Ардчилсан намыг төлөөлөх бүрэн эрхтэй гэж бодож байгаа. Ардчилсан намын гишүүний хувьд ч, УИХ-ын гишүүний хувьд, хамтран ажилласан журмын нөхрийн хувьд ч тэр энэ хүний асуудлыг тодорхой болгох зайлшгүй шаардлагатай гэж харж байгаа. Тиймээс АТГ дээр ирж байцаагчтай нь уулзаж Н.Алтанхуягийг ямар үндэслэлээ шалгах гэж буйг мэдэх хүсэлт тавьсан ч харамсалтай нь хүсэлтийг хүлээж авсангүй. Энэ ганцхан нэг хүний асуудал биш юм. Ардчилсан нам өөрийн гишүүнийг өмгөөлөх ёстой. Тэр байр суурин дээрээ би асуудлыг тодруулах үүрэгтэй, ийм эрхтэй ч гэж бодож ирсэн юм” гэлээ.
2016 оны 11 сарын 30-ны өдөр 20 цаг: Ардчилсан намаас Н.Алтанхуягийн асуудалтай холбоотойгоор мэдэгдэл гаргажээ. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдрөөс эхлэн хуралдсан юм. Тэгвэл Ардчилсан намаас гаргасан тус мэдэгдэлд "Ардчилсан намын нэр хүндийг гутаах. хагалам бутаргах зорилгоор манай намын нэр бүхий улс төрчдийг санаатайгаар гутаан доромжилж. нэр хүндэд нь халдан ээлж дараалан үндэслэлгүй шалтгаанаар. хууль бусаар баривчилж, хянах шалгах. ял тулгах хэлмэгдүүлэлт, хүчирхийллийн үйл ажиллагааг улс төрийн захиалгаар явуулж байгаатай холбогдуулан Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлөөс мэдэгдэл гаргаж байна. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хэдэн арван мянган төрийн албан хаагчдыг хоморголон халж, Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хэдэн арван хүмүүсийг шалгах нэрийн дор хэлмэгдүүлэн, хүчирхийлж, энэ үйлдлээ гэр бүл хамаатан садан. найз нөхөд. ойр дотны хүрээлэл рүү нь чиглүүлж, хүний эрх, эрх чөлөө. хууль ёс, Ардчилсан тогтолцоонд аюул занал учруулж. комунист хэлмэгдүүлэлтийн "хар цаг үе”-ийг нийгэмд сануулж байна.
Улс төрчид болон төрийн албан хаагчдыг хоморголон хэлмэгдүүлж. их хэлмэгдүүлэлт явуулж байгаад Ардчилсан нам. намын жирийн гишүүд жигшин, зэвүүцэж. Монгол хүний эрх. эрх чөлөө. хууль ёс. Ардчилсан тогтолцоо. улмаар Улсын тусгаар тогтнолд заналхийж. хэрээс хэтэрсэн эдгээр үйлдлээ нэн даруй зогсоохыг эрх баригчид болон хууль хяналтын байгууллагуудад анхааруулж байна.
АН-ын дарга, МУ-ын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг үндэслэлгүй, хууль бус шалтгаанаар удаа дараа дуудаж, байцааж. ойр тойрных нь олон хүнийг шалгаж. хорьж, ял тулгаж. илт нэг хүнийг тойрсон хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа нь илт боллоо. Ард түмэн хэзээд үнэн. шударгын талд зогсож, Их түүхт Монгол төрийн сүлдний хараа хурц. буулга чанга байдгийг. улс төрийн бохир зорилгоор хууль хяналтын байгууллагуудыг турхирагчид болон хууль ёс. хүний эрх. нийгмийн амар тайван байдлыг алдагдуулагч хууль хяналтын байгууллагын нэр зүүсэн этгээдүүдэд дахин хатуу сануулж байна. Та нарын хэлмэгдүүлэлт. хүчирхийлэл ахиж нэг алхвал тэмцлийн хурц хэлбэрт шилжихийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" хэмээсэн байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (21)