Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нэгэнтээ “Цаг нь болоод эрх нь олдох юм бол лаларууд дуртайяа ногоон малгайтнууд болно” хэмээн бичиж байсан юм. Бас “Залуучууд аа! Гэм зэмгүй малчин залууг эхнэр, хүүхдийнх нь халуун өврөөс сугалж аваачаад буудчихаж байсныг өөр дээрээ тусган төсөөлөөд үзээрэй! Өнчирч хоцрох хайртай эхнэр, хүүхдээ ямар байхыг төсөөлөөд үзээрэй! Ийм цаг дахин ирэх ёсгүй шүү!” хэмээн анхааруулж байсан нь саяхан.
Гэвч түүхийн шарласан хуудас, түүхэн кинонд хадгалагдаж, нийгэмд мартагдах шахаж байсан “Ногоон малгайтнууд”-ын үе аль хэдий эргээд ирчихэж.
Монгол Улсын Ерөнхиий сайд Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн цагаас эхлэн ойр дотныхоныг нь цагдан хорьж улмаар АТГ-аас түүнийг дөрвөн цаг орчим байцаасан зэрэг олон асуудал сүүлийн хэдэн өдөр өрнөсөн.
Ёстой л Э.Бат-Үүл баатарын хэлсэнчлэн цаг нь болоод эрх нь олдох юм бол лаларууд дуртайяа ногоон малгайтнууд болдог аж.
Түүний эргэн тойрны 30 орчим хүнийг олон төрлийн хэрэгт шалгаж, 10 гаруй хүнийг хорихоор оруулж гаргаад байгаа аж. Бас болоогүй асуудаг юм нь “Даргынхаа но-г хэлчих”!!!
Монгол Улсын Ерөнхиий сайд Н.Алтанхуягийг АТГ-ынхан 4 цаг орчим байцааж, түүний ойр дотныхон хийгээд дэмжигчид ямар асуудлаар ээлжит “Ял тулгалт” хийж байгаа бол хэмээн сэтгэл түгшин хүлээж байсан. Харин сэтгүүлчдын тухайд бол “Ямар хэрэг”-ээр байцаалт авч байгаа бол, хорих руу авч явах уу үгүй гэдэг хоёрхон асуулт дээр дэгэлзэж байв.
Гэтэл Монгол Улсын Ерөнхиий сайд асаныг АТГ дуудсан “дуулиант” хэргийн гол учиг нь нөгөөх алдарт “Нүүрс” хөтөлбөр биш харин “ХОМ-доо тусгаагүй гэнэт хөрөнгөжсөн” гэх “хэрэг” байж.
Энэ талаар С.Тамир “Манай АТГ-ын чекист мундагууд Н.Алтанхуягийг 7 давхар байшингаа ХОМ-доо тусгаагүй гэнэт хөрөнгөжсөн ч гэнэ үү үндэслэлээр сэжигтнээр дуудав. ХОМ-ийг нь нилээн хэдэн жил хариуцсан хүний хувьд ингэж бичүүлээд гарын үсэг зуруулаад өгч байсан юм. Хасхомоос хэвлэхэд байж л байна. Одоогийн байдлаар манай эргэн тойрны 30 орчим хүнийг хорихоор оруулж гаргаад байна. Асуудаг юм нь даргынхаа но-г хэлчих гэдэг гэнэ” хэмээжээ.
Уг нь хууль хяналтынхан “Хөдлөшгүй баримт нотолгоо”-г баримтаар тогтоож, гарах гарцгүй болгож байгаад дараа нь барих, хорих ажиллагаагаа хийдэг баймаар. Гэтэл ганц хүнийг “Дөнгөхийн” тулд ойр дотны эмэгтэйчүүд, найз нөхдийг нь барьж хориод “Даргынхаа но-г хэлчих” хэмээж байгаа нь “Ногоон малгайтнуудын” үе эргээд ирж гэхээс өөр дүгнэлт алга. Ёстой л Э.Бат-Үүл баатарын хэлсэнчлэн цаг нь болоод эрх нь олдох юм бол лаларууд дуртайяа ногоон малгайтнууд болдог аж.
Х.Монголжин
Сэтгэгдэл (14)