...”Эр хүн бол тулсан юмны өмнө эр хүн шиг үхэж чадах, тулгарсан юманд тэнэг зөнөг ч бай шийдвэр гаргахдаа эр хүн эр хүн л байдаг...” Эл алдарт үгийг Бавуугийн Лхагвасүрэн гуай эр хүний тухай нэгэн яриандаа дурьдсан байдаг юм.
Үнэн л дээ, эр хүн тулсан асуудлын өмнө эр зориг гарган үхэж чаддаг, бас тулгарсан асуудалд тэнэг зөнөг ч бай шийдвэр гаргаж чаддаг гэж...
Гэхдээ энэ бардам үг өдгөө цагт улс төрийн хүрээнд яг биелэлээ олж байгаа гэдэгтэй санал нэг байна.
2016 оны сонгуулийн дараа ч тахимаа өгөхгүй гэдийсэн залуус хүчирхийллийн “амт”-ыг бие биендээ мэдрүүлж буй.
-Улс төрч гэж хэнийг хэлэх вэ?
-Улс төрч хүн яг юу хийх вэ?,
-Улс төр гэж юуг хэлээд байна вэ?
Энэ гурван асуултанд бүдэрсэн нэгэн эр дүүргийн ИТХ-д нэр дэвшсэн юм. Амьдралын утга учир бол том албан тушаалд хүрэх, өндөр цалин авах, авах зүйлийнхээ үнийг асуулгүйгээр авч чаддаг тийм л амьдралд хүрэхийн тулд улс төрд хөл тавилаа гэх. Цаашдын зорилго нь мундаг улс төрч болох.
Тэгэхээр тэнэг зөнөг ч гэсэн тулсан юманд эр хүн шиг л шийдвэр гаргачихсан байгаа биз дээ. Гэхдээ дүүргийн ИТХ-д нэр дэвшсэн залуугаар жишээ авсан маань бөөсөнд хутга гэгч л боллоо. Харин Монгол төрд тулсан асуудалд шийдвэр гаргадаг тэнэг зөнөгүүд зөндөө бий. Ихэвчлэн тэнэг зөнөг шийдвэр гаргана. Эдийн засгийн А ч үгүй байж сайд болно. Эрх зүйн наад захын мэдлэггүй атлаа хууль “үйлдвэрлэнэ”. Тээр жил хотын мээрийн ажлыг хүлээж авсныхаа дараа Ц.Батбаяр “Одоохондоо хийх ажлаа сайн мэдэхгүй л байна” гэдэг алдарт үгийг нөхдийнхөө нүүрийг улалзтал хэлсэн юмдаг. Тэгэхээр эр хүн тулсан юманд ингээд ч болов хариу өгдөг юмсанж.
Гэтэл Монгол төрд шургахыг завдсан “тэнэг зөнөгүүд” чинь албан тушаал, ширээ сандалын төлөө “үхэж ч чадах” шийдвэрийг ар араас нь гаргаад л байна. Ер нь албан тушаалыг төлөө ХҮЧИРХИЙЛЛИЙГ маш ихээр хэрэглэж, ХҮЧИРХИЙЛЭЛ гэдэг томъёолол улс төрд ихээр хэрэглэгдэх нь энгийн үзэгдэл боллоо. /ХҮЧИРХИЙЛЭЛ гэдэг нэр томъёог хүч хэрэглэх, хүн зодох гэдэг утгаар нь ойлгоно уу/
Ялангуяа МАН-ын залуус хоорондоо зодолдох, асуудлыг нударгаар шийдвэрлэдэг нь нэгэнт хэвшмэл үзэгдэл болж байна. 2016 оны сонгуулийн дараа ч тахимаа өгөхгүй гэдийсэн залуус хүчирхийллийн “амт”-ыг бие биендээ мэдрүүлж буй.
Өнгөрсөн амралтын өдөр Сүхбаатар дүүргийн МАН-ын удирдлагууд намын гишүүн эмэгтэйгээ зодож гэмтээжээ.
Хамгийн сүүлийн хүчирхийллийн жишээ. Өнгөрсөн амралтын өдөр Сүхбаатар дүүргийн МАН-ын удирдлагууд намын гишүүн эмэгтэйгээ зодож гэмтээжээ. Эмэгтэй хүнд хүч хэрэглэж маш хэрцгийгээр зодож гэмтээсэн нөхөр тухайн үед согтуу байсан гэх. Гэсэн атлаа хийсэн хэргээ эр хүн шиг хүлээж чадахгүй “Аягатай цай барьж явахад өөрөө ирээд мөргөсөн” гэж цагдаад мэдэгдсэн байгаа юм. Эмэгтэйн бэртэл гэмтлийг харвал аягатай цай мөргөсөн биш аягаараа хүчтэй мөрүүлсэн юм шиг. Эндээс харахад улс төрч эр хүн тулсан үедээ ийм л тэнэг зөнөг шийдвэр гаргаж байна.
Мөн Сүхбаатар аймагт орон нутгийн сонгуульд ялагдсан МАН нь тахимаа өгөхгүй гэдийж суугаа аж. Хууль бусаар томилогдсон Засаг дарга Занын Энхтөр гэх нөхөр нь өөрөө дахин сонгуульд нэр дэвшин ялагдсан ч ялсан намаараа түрий барьж асуудлыг өөрийн талд шийдвэрлүүлэхээр хөөцөлдөж байгаа гэх.
Баянзүрх дүүрэгт АН олонх болсон ч МАН мөн л тахимаа өгөхгүй гэдийж, тус дүүргийн Засаг даргаар дахин дэмжигдсэн Д.Пүрэвдавааг унагаахын тулд 13 мэхээ ашиглаж байгаа дуулиан дуусаагүй байна. Тэр ч бүү хэл Засаг даргаар батламжлагдахаас нь өмнө “АТГ шалгуулах нөхцөл бүрдсэн” ухааны юм ярьж, тонгорох мэхээ хийж байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард Дорнод аймгийн Хэрлэн сумын МАН-ын үүрийн дарга З.Оргилыг намынх нь Хяналтын хорооны дарга З.Түвшиндорж зодож, нүдийг нь сохлох дөхсөн хэрэг гарч, нэлээд шуугиан болж байсан.
Дундговь аймгийн МАН-ын НАМЗХ-ны залуус хоорондоо гар зөрүүлсэн. Тус аймгийн ИТХ-ын дарга С.Буджавыг өрөөндөө байхад нь аймгийн НАМЗХ-ны гишүүн Б.Амарсанаа гэгч зодсон байна. Б.Амарсанаа нь Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны сонгуульт ажилтай нэгэн. Эх сурвалжийн өгүүлсэнээр сонгуулиар дэвших эсэх асуудлаас болж маргалдан, улмаар зодолдсон гэдэг. Үүний өмнө Дорнодын МАН-ынхан мөн л аймгийнхаа намд эзлэх байр суурь, албан тушаалаа булаацалдаж зодолдсон тухайгаа хэвлэлээр ярьцгаасан байдаг.
Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны гишүүд танхайран намынхаа нөхдийг зодож хүндээр гэмтээсэн хэрэг гарсан бас хэвлэлийн дуулиан болж байв. МАН-ын хорооны гишүүн В.Рэнцэндорж, В.Сүррагчаа нар Алтай хотын “Залуур Алтай” бааранд архидан согтуурсаны улмаас уг хэрэг гарсан гэдэг.
Мөн 2015 оны 9 дүгээр сард Говь-Алтай аймгийн МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны залуус “Алтайн эрин” сан, Говь-Алтай аймгийн НАМЗХ-той хамтран "Алтай таньдаа зүтгэе" уриатай чуулга уулзалтыг зохион байгуулж, энэ үеэр залуус зодолдож, машин нь шатсан байдаг.
Түүнчлэн Уул уурхайн дэд сайдын албан тушаалаасаа мултарсан Г.Тэмүүлэнг яамны ажилчид нь үдэж парти зохион байгуулсан ч эцэстээ нас, намба суусан газар, хэлтсийн дарга нар нь хоорондоо муудалцаж, нэгнээ Гэмтлийн эмнэлэгт хүргэсэн хэрэг гарсан билээ. Улмаар хохирсон, хохироосон хоёр дарга Г.Тэмүүлэнгийн араас ажлаасаа мултарсан юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр төрсөн өдрөө тэмдэглэж, УИХ-ын гишүүн О.Содбилэг, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, Нийслэлийн Монгол ардын намын хорооны дарга Ц.Сандуй тэргүүтэй залуус төрсөн өдрийн партид уригджээ. Гэвч төрсөн өдрийн эзэн Н.Номтойбаяр найз Д.Сандуйгаа зодсоноор парти өндөрлөсөн. Тэдний хоорондын маргаан нэлээн дээр үеийн хоёр эрх ашгаас үүдэлтэй гэх ч эл хэргийг хэн хэн нь ихэд нууцалсан байна.
Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Өвөрхангай аймагт бэсрэг наадам зохион байгуулжээ. Энэ үеэр МАН-ын залуус хоорондоо муудалцаж нэгийгээ хүйтэн мэсээр гэмтээсэн гэх мэдээлэл ч бий. П.Б гэх залуу хүйтэн мэсэнд өртөж биеийн байдал нь тааруу Өвөрхангай аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Бас Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх шанаа өгдөгөөрөө алдартай нэгэн.
Хамгийн сүүлд Засгийн газрын хоёр хоорондоо гар зөрүүлж, нэг нь оёдол тавиулсан гэх мэдээллийг хэвлэлүүд нийтэлсэн. Гэвч хоорондоо гар зөрүүлсэн гэх сайдууд хэн болох нь тодорхойгүй байсан юм. Энэ талаар МАН-ын эх сурвалж мэдээллэхдээ танхимынхаа гишүүнтэй ам муруйж, улмаар зодолдсон гэгдээд байгаа эрхэмүүдийн нэг нь Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт байсан гэсэн билээ. Эл асуудлаар Хуульзүйн сайдаас тодруулахад бага зэрэг гэмтэл авсан нь үнэн хэмээн хариулсан юм.
Энэ мэтээр МАН-ын залуусын танхайн хэрэг үргэлжилсээр... улс төрд хүчирхийллийн нөлөө хурцадсаар байна.
Х.Монголжин
Сэтгэгдэл (30)