Өнөөдөр С.Амармандахын ар гэрийнхэн болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр ОХУ-ын Элчин сайдын яаманд хандаж хүсэлт хүргүүлсэн.
Тэгвэл ОХУ-ын Элчин сайдын яамны удирдлагууд дуучин С.Амармандахтай биечлэн уулзаж, уучлалт хүсэхээ мэдэгдээд байна. Тодруулбал дуучны ар гэрийнхэн болон өмгөөлөгчдийг ЭСЯ-ны удирдлагууд хүлээн авч уулзан, эл асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
Энэ үеэр ЭСЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга дуучин С.Амармандахаас уучлалт гуйх болно гэдгээ илэрхийлээд эл асуудалд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин анхаарлаа хандуулан ажиллаж байна гэдгийг онцолсон.
Тэрбээр "Энэ асуудал дээр ОХУ-ын ЭСЯ дипломат албан ёсны хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаа. Шүүхээс манай дипломатын гэм буруутайг нотлосон үед бид түүнд хатуу хариуцлага ногдуулах болно. Одоогоор гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй, хэрэг шалгагдаж байгаа учраас бид хэн нэгнийг гэм буруутай гэж, шууд хариуцлага тооцох боломжгүй байна.
Манай Элчин сайдын яамны зүгээс гэм буруутай этгээдийг нууж, хаацайлсан ямар нэгэн асуудал үүсгээгүй. Бид нээлттэй, хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхнийг ирэхээс өмнө Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл ирэхийг хүлээж байлаа. Бидэнд хандсанд талархаж байна. Дуучин С.Амармандах болон түүний ар гэрийнхнээс дахин дахин хүлцэл өчиж байна" гэлээ.
Сэтгэгдэл (38)