Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй нарт хүргэх нэгэн матаас байна. “Аз жаргалтай” нийслэл хотыг чинь хөхөө өвлийн хүйтэнд хөлдөөхгүй халаахын төлөө өдөр шөнийг үл умартан зүтгэдэг “Мартагдсан хүмүүс” байна, цаана чинь.
ОСНАА-н түгээх төвийн ажилчдын цалин хөдөлмөрийн хуулийн дагуу олгогдохгүй байна гэсэн үг
Тодруулбал, Улаанбаатар хотын нийтийн орон сууцны инженерийн шугам сүлжээ, техник технологийн шинэчлэл хийх, хэтийн төлвийг тодорхойлох, орон сууцны фондын засварын нормативт хугацааг бүрдүүлэх, урсгал болон их засварын нэгдсэн төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх, техникийн ашиглалтанд хяналт тавих мэргэжлийн нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үндсэн чиг үүрэгтэйгээр ажилладаг Орон сууц нийтийн аж ахуйн Удирдах газар гэж байдаг юм байна.
Дарга цэргийн томилгооны асуудлаас бусад үед таг мартагддаг энэ байгууллага гурван төвтэй. Орон сууцны Зүүн түгээх төв, Орон сууцны Төвийн түгээх төв, Орон сууцны Баруун түгээх төв гэсэн гурван хэсэг болон Улаанбаатар хотын 6 дүүргийн 1487 орон сууцны байрны 86050 өрх, 286749 оршин суугч, 7687 дамжин хэрэглэгч, аж ахуйн нэгж байгууллагуудыг өөрийн харьяа 133-н ус, дулаан дамжуулах төв, халаалтын 150.4 км, хэрэгцээний халуун усны 115 км, хүйтэн усны 78 км, ариутгах татуургын 183.1 км инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, ашиглалт үйлчилгээг хариуцан 24 цагийн турш ус, дулаанаар тасралтгүй ханган ажилладаг гэж байгаа.
Нийслэл хотын шугам хаана л хагарч гэмтэнэ тэнд харъяалалаараа очиж эвдэрсэн хагарсан хэсгийг олж тогтоон янзлана. Хотын халуун хүйтэн ус дамжуулах шугам, бохирын хоолойнууд он цагийн уртад зэвэнд идэгдэж, хэзээ л бол хэзээ хаа сайгүй хагарч ус, бохир алддаг аж. Шуурхай алба үтэр түргэн очиж янзлахгүй бол халуун хүйтэн ус алдана. Бохир алдана гээд араасаа асуудал байнга дагуулаастай.
Гэтэл өдөр шөнөгүй, цаг наргүй ажиллаж буй “хар” ажилчдад илүү цагийн цалин хөлс олгогддоггүй гэх гомдол байна. Өөрөөр хэлбэл ОСНАА-н түгээх төвийн ажилчдын цалин хөдөлмөрийн хуулийн дагуу олгогдохгүй байна гэсэн үг. Зарим түгээх төвийн дарга нь “Илүү цагийн цалин олгох боломжгүй учраас биечлэн амар” гэдэг тушаал гаргадаг гэх. Хаанаасаа хаалгач нь гэгчээр даргаасаа илүү ачаа үүрч ажлын голыг нугалдаг тэд яагаад илүү цагийн цалингаа хуулийн дагуу авч болохгүй гэж. Энэ асуудлаар гомдол гаргасаар залхсан ажилчид ам нээхээ ч больсон гэх.
Хаанаасаа хаалгач нь гэгчээр даргаасаа илүү ачаа үүрч ажлын голыг нугалдаг тэд яагаад илүү цагийн цалингаа хуулийн дагуу авч болохгүй гэж
Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд нэмэгдэл хөлсний талаар тов тодорхой заалт бий. Тодруулбал, 50.1. Ажилтанд үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож болно, 50.2. Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно гээд заачихсан.
Гэтэл түгээх төвийн хурган дарга нар энэ асуудалд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгааг нийслэлийн удирдлагуудад матаас болгон дуулгая. Бас эдгээр төвүүд “Үйлдвэрчний эвлэл”-ийн татаас авдаг хэр нь тэдний асуудлыг чихнийхээ гадуур өнгөрөөдөг аж. Уг нь Үйлдвэрчний эвлэл гэгч мөнгөний машин чинь “Ажлын байран дээр байгаа ажилчдаа хамгаалах, Ажилтан, ажилчдын ажлын нөхцөлийг нь сайжруулах, Аливаа зүйлийг бүгдээр хэлэлцэн тохиролцох замаар шийдвэрлэх, Амьдралын нь нөхцөл байдлыг дээшлүүлэх арга зам эрж хайх, Нийгмийн аливаа асуудлаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх арга хэрэгсэл, нөхцөл бололцоо бүрдүүлж өгөх” зэрэг сүржин уриатай ч даржин байдалтайгаар он цагийг элээж байна. ОСНАА-н “Мартагдсан хүмүүс”-ийн илүү цагийн цалин хаачсаныг хайх цаг болсоон, одоо.
Х.Монголжин
Сэтгэгдэл (2)